О.Баасанхүү гишүүнд заах монгол хэл

УИХ-ын чуулганд, ахмад настанд олгох тэтгэвэр хэлэлцэж байхад,азай буурлуудынхаа тохойг түшин золгох цагаан сарын өмнөхөн гишүүн О.Баасанхүү жилд хэдэн хөгшин чадардаг вэ гэх зэргээр эвгүй үг амнаасаа чанга яригчаар унагаж чадсан тухай мэдээлжээ. Энэ хорвоод төрсөн хэн бүхэн энэ хорвоогоос явах нь үнэн. Хэн бүхэн эмээ өвөө, ээж аавтай, элэнц хуланцтай. Өвөг дээдсийнхээ ясыг өндөлзүүлдэггүй, хэлээр үйлддэггүй элдэв цээр горим манай үндэстэнд бий. Хэл бол сэтгэлийн илэрхийлэл. Юунд хэрхэн хандаж буй санаа бодол нь үг хэлээр танигддаг. Хоол идэхийг гудар эсвэл зоогло гэхийн хооронд асар их ялгаатай. Хаана, хэзээ, хэрхэн хэлэх нь нэн их утга учиртай. Ахмадаа хүндэлдэг, бурхан болоочдоо элдвээр хэлдэггүй ёс заншил, арвин баялаг үгсийн сан, хүндэтгэлийн хэллэг, хэлц байсаар атал үхсэн малын тоо асуухаас долоон дор, ёсон бусын зүйлсийг төрийн хойморт бурсан “уран сайханч” гишүүнд монгол хэл заавал ямар вэ? Ерөнхий сайдын гар утсыг зарлаж, хэдэн мянган мессеж бичих тэмцэл санаачилж асан О.Баасанхүүд өөрт нь үг хэллэгийн олон хувилбарыг илгээх үү?

Чад хийх, чадрах хэмээх этгээд гаж хэллэгийн оронд энгийн ердийнхөөс эхлээд эрхэмлэн хүндэтгэсэн олон арван үг хэллэг байна. Үүнээс цээжлэхэд амар, энгийн болоод хүндэтгэлтэй түгээмэл хэрэглэгддэг арван хувилбарыг О.Баасанхүүд зориулан илгээв.

1.Нас барах

2.Үгүй болох

3.Насан өөд болох

4.Насан зүг болох

5.Насан эцэслэх

6.Тэнгэрт халих

7.Бурхан болох

8.Мөнх нойрсох

9.Насан хутаг олох

10.Бүрлээч болох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ