Хэрэлдсэн болгон нь үхдэг хараалч авгай

Амьдралд хачин сонин юм бишгүйдээ л тохиодог шүү дээ. “Бермудын гурвалжин”-гийн хэмжээнд очихгүй ч хүний анхаарал хамгийн ихээр татдаг зүйл нь хараал жатгын тухай болсон, болоогүй яриа юм. Яриа ч гэж болсон явдал ч буй.

Манайхан ярьдаг даа. “Хөвсгөлийн хүнтэй хамаагүй ам мурийж болохгүй. Хар царайтай, хар сэтгэлтэй, хар энергитэй хүнээс хол яв” гэж ирээд л ярьж, зөвлөдөггүй юу. Яг тийм нэгэн явдлын тухай одоо өгүүлье. Баянхошууны “хар” Пагма авгайн тухай ярих гээд байна л даа. Мэдээж нэрийг нь өөрчилсөн гэдгээ хэлэх нь зөв байх.

Гэхдээ Баянхошууны гэх тодотголтой иргэд андахгүй гэхэд найднам. Бас л баруун аймгийн гаралтай авгай юм гэсэн. Гэр бүлээрээ архи уудаг ажилтай айл гэнэ билээ. Нөхөртэйгээ хамт архиддаг авгай нарын нэг гэж ойлгож болно. Нөхөр нь гэж бас нэг хар өвгөн толгой татна гэж ёстой мэддэггүй архичин юм байх. Харин тэр хоёр архины мөнгөөр тасардаггүй болохоор тэр хавийн архичид хүссэн ч, эс хүссэн ч тэднийхээр орж нийлж архиддаг юм билээ. Архичид архинаас цэрвэх биш дээ. Харин мэддэг зарим нь их л болгоомжилдог буюу гэр бүлийн хоёр “хар” яаж ч аашилж, аяглаж байсан хариуд нь үг сөрдөггүй “хууль”-тай гэх шахуу ажээ.

Тэдэнтэй муудалцвал сайн юм болдоггүйг тэд бүр ерээд оны дундаас мэдэх болжээ. Яг л өнөө “гэзэгт” бариачийн цаг үетэй холбоотой мэт давхацдаг нь ч хачин. Тэд нэг гудамжны айлууд байсан бөлгөө. Тэдэнтэй одоо ч ойр дотно явдаг архичид бий. Тэд аргыг нь олоод байдаг болохоор яадаг ч үгүй бололтой юм. Таньж мэддэггүй улс юм уу “Өө, тэр муу хоёр яагаа аж” гэсэн тоомжиргүй нөхөд л хохирдог бололтой. Багцаагаар тоолбол тэр хоёртой муудалцсан арваад хүн хорвоог орхижээ. Гэхдээ тэднийг таньдаг хүний яриагаар бол тэр хоёр муудалцсан хүнээ харааж бариад байдаггүй юм гэсэн шүү. Ёстой нөгөө хар, цагаан эрчим хүч, энерги энэ тэр нь нөлөөлдөг юм уу, бүү мэд тийм нэг зүйл тохиогоод болдоггүй ажээ. Мартсанаас “хар” авгай дөчин нэгэн чулуу, хөзөр мөзрөөр тэрүүхэндээ бузгай мэргэлдэг тул хүн амьтан тасардаггүй болохоор тийнхүү архины мөнгөөр гачигддаггүй бололтой.

Тэгэхдээ хол ойроос цувж уваад байхгүй ч бие биенээсээ дуулж мэдсэн хүмүүсийн хөл татардаггүй юм гэнэ билээ. Хааяа хамт архидаж суухад үзүүлэхээр ирсэн хүнийг чулуу, хөзөр хоёроороо үзээд ёстой л уулга алдтал нь хэлдэг гэх. Нэг хүүхэн ирээд алтан ээмгээ олохгүй байгаагаа хэлж л дээ. “Хар” авгай харж харж чулуу таслаад “Олдохгүй ээ. Ойрын хүн чинь авчээ. Борлочихсон байна. Юмандаа сэрэмжтэй байхад яадаг юм?

Ойрмогхон бас нэг зүүлт юм уу бөгжөө алдсан байна. Тэр архи уудаг дүү чинь аваад байна ш дээ” гэжээ. Хүүхэн уулга алдаад “Тийм ээ, өнгөрсөн хагас сайндмонетон зүүлтээ алдсан. Дүү авсан байна лээ. Тэр хогийг яахав?” гэжээ. Хариуд нь “Яагаад ч нэмэргүй. Өөрийнхөө юманд өөрөө эзэн бол” гэсэн байна. Энэ мэт зүйл өдөр өнжилгүй тохиодгоос ямар ч байсан тэр хоёр хоосон хонодоггүй аж. Тиймээс тэр хавийн архичид ч орж, гардаг нэг ёсны архины газар маягтай айл юм. Гэхдээ архичдыг зүгээр ч нэг архидуулаад байхгүй.

Хэнтэй нь уухаа ч мэддэг гэх. Зарим цулгар үедээ сэтгэлээрээ ирээд хонуут өнжүүд, хоол ундтай архидчихдаг цөөн нөхдийг л оруулдаг гэнэ билээ. “Гозгор” Лууяа гэх гозойсон шар нөхрөөс үүдэлтэй ганц хоёр болсон явдлыг одоо өчье. Тэр хавьдаа “гозгор” гэж алдаршсан Лууяа гэдэг дөчөөд насны эр байжээ. Гозойсон туранхай, өндөрдүү шар нөхөр гэхэд болно. Тэр үеийн жишгээр хожуухан архинд ороод ширүүхэн дайрч байсан юмдаг уу даа. Харин нэг хөгийн зантай эр байсан бололтой. Хөгийн ч юу байхав. Жаахан агсамдуу нөхөр байхгүй юу.

Тэр нь ч гай болсон юм байлгүй. Үүнийг өгүүлэгч Дашаатай их дотно байсан бөгөөд үргэлж хамтдаа байж л дээ. Тэгж явсаар “хар”-ынхантай нийлж архиддаг болжээ. Лууяа тэр үедээ хариутай архичин байсан тул тэр хоёр ч цааргалдаггүй байж л дээ. Тэгээд нэг намар хагас сайнд архидацгаажээ. Архичид юу эс ярих билээ. “Хар” Пагма тун санамсаргүйгээр “Нэг хүүхэн нөхөр хайж ирээд үзүүллээ. Өөрөө ч явдалтай хүүхэн юм. Уур хүрээд “Чамд заяаны хань тогтохооргүй юм. Наад хормой хотоо хянасхийж явахад яадаг юм” гэчихлээ” гэж л дээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ