Францаас Э.Ням-Очир алт, П.Өнөрбат мөнгөн медаль хүртжээ

FILA-гийн энэ оны хоёр дахь “Алтан Гран-При” тэмцээн Франц улсын нийслэлийн "Роберт Шарпантье" спортын ордонд болж дууслаа. Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Д.Цогтбаатар нар алт, ОУХМ Д.Хүдэрбулга хүрэл медаль хүртсэн бол хоёр дахь өдөр 61 кг-ын жинд ”Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМЭ.Ням-очир нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Францын бөх Р.Николийг 10:0, гуравдугаар тойрогт Болгарын бөх В.Дубовыг 4:4, дөрөвдүгээр тойрогт Польшийн бөх К.Вьенковскийг 4:2-оор ялж алтан медаль авчээ. Өнгөрсөн жил Унгар улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний хагас шигшээ барилдаанд хожигдож мөнгөн медалийн оосроос бариад алдахдаа ялагдаж байсан Болгарын бөхийг сая ялж даагаа нэхжээ. 74 кг-д ”Мега-Старс” клубын тамирчин, ОУХМ П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Италийн бөх А.Сорвеллог 10:0, гуравдугаар тойрогт Польшийн бөх К.Врзозвскийг 8:7-оор ялж мөнгөн медалийн болзол хангаад алтан медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Н.Мараблед 2:6-аар ялагдсан байна. Тус тэмцээнээс гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 1998 онд, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг 2006 онд алтан медаль хүртэж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ