Сирид нэг настай хүүхдийн жин зургаан кг ч хүрэхгүй байна

Иргэний дайны хөлд сүйдэж буй эртний түүхт Хомс хотод хүн амьдрахад хэцүүхэн байдалтай болсон учир жирийн иргэдийг хотоос гаргахаар болсон.
Одоогийн байдлаар тус хотод бүслэлтийн улмаас 3000-4000 хүн хоол хүнс, эмнэлгийн тусламж авч чадалгүй маш хүнд нөхцөлд амьдарсаар байна.
Тиймээс Сирийн Засгийн газар, НҮБ хоорондын гэрээний дагуу нэн түрүүнд Хомс хотын хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд зэрэг 600 хүнийг бүслэлтийн хэсгээс гаргасан байна. Эдгээр хүмүүсийг яаралтай эмнэлгийн тусламжид хамруулж, хоргодох байранд аваачихаар болсон тухай ВВС мэдээлэв.
Хомс хотыг босогчдын тал бүслээд 20 сар болсны улмаас энгийн иргэд өвс ногоогоор амь зууж байсныг хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн билээ. Түүнчлэн дайны голомт болсон бусад хотуудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг гахай, нохой, илжигний махаар хооллож байсан билээ.
Сири улсад маш олон тооны иргэд тэр дундаа хүүхдүүд өлсгөлөнгийн улмаас амь насаа алдаж байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүд ямар ч тусламж авч чадалгүй нас барсаар байгаа. Нэг настай хүүхэд гэхэд зургаахан кг ч хүрэхгүй жинтэй байгаа нь тэнд амьдрал ямар хүнд байгааг илтгэж байна хэмээн НҮБ-аас мэдээлэв.
Түүнчлэн хоногт 40 орчим хүн нас барж байгаагаас 20 гаруй нь хүүхдүүд байна гэсэн сэтгэл сэрдхийлгэм мэдээллийг мөн өгчээ.
Бодит нөхцөл байдал ийм байгаагаас иргэд бусад улсууд руу дүрвэж байна. Дүрвэгдсдийн тоо хэдэн саяд хүрсэн. Гэсэн ч гадаад улсууд дахь дүрвэгсдийн хуаранд ч амьдрал сайнгүй байгаа ажээ.
Тусламжийн хоол хүнс хүрэлцэхгүй, дээрэм тонуул их байгаа тухай эх сурвалж мөн тэмдэглэсэн байна.
Сирийн иргэний дайныг зогсоохын тулд хийж байгаа олон улсын чуулга уулзалтууд төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ