Хятадын экс удирдагчдыг интерполоор баривчлах шийдвэр гаргав

Испани улсын Мадрид хотын шүүхээс Хятадын удирдагч асан Зян Зэмин, Ерөнхий сайд асан Ли Пен нарыг Түвдийн иргэдийг хоморголон устгасан хэрэгт сэжиглэн баривчлах шийдвэр гаргасан тухай CNN мэдээллээ. Зян Зэмин, Ли Пен нараас гадна Хятадын дээд албан тушаалын гурван улстөрчийг олон улсын хуулиар хариуцлагад татах талаар Түвдийн иргэдийг дэмжих бүлгүүд болон Испанийн иргэншил авсан нэгэн түвд хүн нэхэмжлэл гаргасан юм байна.
Шүүгч Исмаел Морено хэлэхдээ баривчлах шийдвэрийг “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хоморголон устгасан, тарчилган зовоосон” хэрэгт сэжиглэн гаргаж байгаа. Түүнчлэн энэхүү шийдвэрийг интерпол болон олон улсын цагдаагийн байгууллагуудад илгээнэ гэсэн аж.
Барселон хотод байдаг Түвдийг дэмжих хорооны ерөнхийлөгч Алан Сантос “Хятадын топ улстөрчдийг Хятадад баривчлахгүй нь ойлгомжтой юм. Гэхдээ тэднийг гадаад руу явах юм бол баривчлах магадлалтай. Хамгийн гол нь тэднийг баривчлах эсэх нь тухайн улс орны ёс зүйн хэм хэмжээнээс хамаарна” гэж хэлжээ. Алан Сантос шүүгчдийн гаргасан шийдвэрт сэтгэл өндөр байгаагаа хэлснээс гадна түүний ажиллуулдаг хороо Түвдийн сан болон Испанид 20 жил амьдарч байгаа Түвд, Испанийн иргэн Түбтэн Ванчин Шерпа Шерпатай хамт шүүхэд гомдол мэдүүлсэн гэсэн аж. “Энэ шийдвэр нь аливаа тэнцвэргүй зүйлд шударга ёс үйлчилдэг гэдгийг харуулж байна” хэмээн нэмж хэлсэн байна.
Гэхдээ Испанийн парламент Мадрид хотын шүүхээс гаргасан уг баривчлах шийдвэрийг мягмар гарагийн орой хэлэлцэх юм. Парламентын гишүүд Испанийн шүүхээс гаргасан шударга ёсны зарчмыг баримталсан уг шийдвэрт хязгаарлалт тавьж магадгүй гэнэ.
Учир нь шүүхийн шийдвэр гаргасан тухайн орноос өөр улс оронд хүний эрхийг зөрчсөн тохиолдолд Испани улс хуулийн арга хэмжээ авах талаар хандаж болох юм байна.
Испанийн шүүхүүд урьд нь Латин Америкийн улс орнуудад тогтнож байсан цэргийн дэглэмийн үйлдсэн гэмт хэргийг шүүхийг оролдож хүсэлт гаргаж байсан нь талаар болж байжээ. Учир нь тэдгээр улсын Засгийн газруудаас Испанийн шүүхүүдийг тухайн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаад дургүйцэн, гомдол мэдүүлсэн аж.
CNN агентлагийн сэтгүүлч Мадрид хотноо суудаг Хятадын ЭСЯ-наас Хятадын топ улстөрчдийг баривчлах шийдвэрийн талаар асуухаар хэд хэдэн удаа утасдсан боловч яамны ажилтнууд дуудлагыг нь хүлээн аваагүй гэнэ. Тиймээс Хятадын ЭСЯ-наас энэхүү асуултын тухай ойрын хугацаанд мэдэгдэл хийхгүй байх магадлалтай юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ