Тархи нь үхэжсэн эмэгтэй хүүгээ төрүүлжээ

Англид өнгөрсөнням гаригт Делан Бенсон хэмээх залууд баяр гуниг хоёр зэрэг тохиолджээ. Түүний эхнэр нь зургаан долоо хоногийн турш ухаангүй буюу тархи нь үхэжсэн байдалтай эмнэлэгт байсан ч хэвлийдээ тээж буй хүүхдээ төрүүлж чадсан байна. Бяцхан хүүгээ төрүүлсний дараагаар харамсалтай нь эх амьсгал хураажээ.

Хүүгийн аав харин одоо хүүгээ халамжилж байгаа юм. Хүүдээ тэрээр Айвер хэмээн нэр хайрласан байна. Хүү одоогоор эмнэлгийн хяналтад байх шаардлагатай. Учир нь тэрээр дөнгөж 28 долоо хоногтойдоо төрсөн юм.Түүнийг ээж нь тээж байхдаа цус харваж тархи нь үхжиж эхэлжээ. Тэр үед бүсгүй 22 долоо хоногтой жирэмсэн байсан аж.

Деланы гэр бүлийн эмгэнэлтэй түүхийн талаар цахим ертөнцөд нэлээд шуугиан дэгдэж байгаа юм. Делан “Хэдийгээр хүүгийн маань ээж байхгүй болсон ч гэсэн би хүүгээ хайраар дутаахгүй өсгөх болно. Хайртай тэр минь надад хүү минь болон ирсэн шүү дээ” хэмээн Facebook-дээ бичсэн нь 33 мянган лайк, 200 гаруй урмын үгс бүхий сэтгэгдэл авсан байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ