Евгений Плющенко зодог тайллаа

"Сочи-2014" өвлийн XXII олимпийн наадмын зургаа дахь өдөр буюу өчигдөр уран гулгалтын эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт ОХУ-ын нэрт уран гулгагч Евгений Плющенко оролцоогүй нь олны анхаарлыг татсан үйл явдлын нэг байлаа. Түүний хувьд бие халаалтын үеэр бэртэл авсан юм. Тиймээс тэмцээнд оролцохоос татгалзаж, зодог тайлж буйгаа мэдэгдэв.

Олимпийн тоглолтын өмнө хүндхэн шалгуураас улсынхаа ганцхан эрхийг авсан түүний хувьд спортын замналаа ийнхүү төгсгөлөө.Дөрөв дэх олимпдоо оролцсон Плющенко олимпийн хөтөлбөрт анх удаа багтсан багийн төрлөөс алтан медаль хүртсэн. Тэрээр ганцаарчилсан төрлийн олимпийн алт /2006/, хошой мөнгө /2002, 2010/, дэлхийн аваргаас гурван алт, Европын аваргаас долоон алтан медаль хүртсэн.

Өчигдөр болсон богино үзүүлбэрт 29 тамирчин оролцсоноос 24 нь өнөөдөр чөлөөт үзүүлбэрт оролцоно. Богино үзүүлбэрт Японы Юзури Ханю 101.45 онооны үнэлгээ авч, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.Удаах байрт дэлхийн гурван удаагийн аварга Канадын Патрик Чан /97.52/, Испанийн Фернандес /86.98/ нар эхний байруудад шалгарчээ. Ванкуверийн олимпийн хүрэл медальт Японы Такахаши богино үзүүлбэрт дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ