Тангараг өргөсөн хуульчид мөнгөний өмнө бөхийхгүй байлгүй дээ

“...Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд ба­римтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёс­ны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангаргалъя. Хэрэв миний бие өр­гөсөн тангаргаасаа няц­вал хуу­лийн хариуцлага хү­лээнэ...”.

Энэ бол хуульчийн тан­га­раг. Хууль­чийн эрх зүйн байд­лын тухай хууль 2012 оныгу­рав­ду­гаар са­рын 7-ны өдөр бат­лагд­сан. Ул­маар хуулийг 2013 оны дө­рөв­дүгээр сарын 15-ны өд­рөөс эхлэн даган мөрдөж бай­гаа. Шинэ хуулийн дагуу бол хуульчид тангараг өргөх ёс­­той. Тэр утгаараа энэ сарын 11, 12-нд Монгол Улсын хэм­жээнд 4500 хуульч тангараг өр­гө­лөө. Х.Тэмүүжин сайдын багц хуулиуд батлагдсаны да­раа Монголын хуульчдын хол­бооны Ерөнхийлөгчийн ту­шаа­лаар улс орон даяар хоёр өдөр зэрэг тангараг өргөсөн нь энэ юм. Тангаргийн үгэнд шу­дарга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёс­ны ашиг сонирхлыг бүрэн, тууш­тай хамгаална гэж байгаа. Уг нь бол тэд үнэхээр шударга ёсыг сахин хамгаалагчид байх ёс­той. Гэхдээ Монгол Улсадшу­дарга ёс, түүнийг нь чин үнэн­чээр сахин хамгаалагчийг хай­гаад олох нь юу л бол. Тун бэрх дээ.Тун ч олон гашуун жи­шээг дурьдаж болно. Тэр дун­даа анхан шатны шүүх дээр яаж танил талаа ашиглаж, ха­хуульдаж, ядарсан иргэдийг ял­ладаг.Мөнгөгүй, эрх мэдэлгүй хүн зүгээр л үхлээ хүлээгээд хэв­тэж байхаас өөр аргагүй бол­дог жишээ маш их байна. Эс­рэ­гээ­рээ эрх мэдэлтэй хү­мүүс улсын өч төчнөөн хөрөн­гийг шам­шигдуулчихаад, хү­ний эрүүл мэндээр наадчихаад эрх чө­­лөөтэй явж байдаг ч жишиг байх. Энэ бол хууль­чид, шүүгчид ердөө л эрх мэ­дэл, мөнгөний өмнө өвдгөө хорс­тол сөгддөгийн жишээ.“Хад­га­ламж” банкны14 тэрбум төг­рөгөөр казино тог­лосон хү­мүүс яасан. Ц.Чи­мэд­цэрэн гэ­дэг нөхөр 10 жи­лийн ял авч, ха­маг хэргийг үүрээд гарсан. Бу­сад нэр бүхий эрх­мүүд ха­рин ч сайд, дарга болоод л дэвшч явсан. Гэтэл 1000 төг­рөг хулгайлсан эмэгтэй дав­тан хэрэг үйлдсэн нэртэй 10 жи­лийн ял авах гэж байхад эмэг­тэй хуульчид зүтгэж байж ял­гүй үлдээж байлаа.

Саяхны жишээ гэхэд “Капитал” банкны дилер 900 гаруй сая төгрөгийн хэрэгт орооцолдсоныхоо төлөө 10 жилийн ял авлаа. Энэ одоо шударга ёс мөн үү. Яах вэ, хуулийнхаа хүрээнд л асуудлыг шийдэж байгаа нь тэр байх. Гэхдээ л хүчтэйн өмнө хүчгүй нь буруутаад л өнгөрдөг “үлгэр” одоо ч манай улсад амнаас ам дамжин яригдаж байна. Уг нь шударга ёс гэж байдаг бол хуулийн өмнө мөнгөтэй, мөн­гөгүй, хүчтэй, хүчгүйгээрээ ял­га­рахгүй адил тэгш эрхтэй байх ёстой юм. Дахиад нэг жи­шээ татъя.

Гурван жилийн турш бусдад хүчирхийлүүлж, бие сэтгэлээрээ хохирсон охи­ны­хоо төлөөявж байгаад нас барсан Ц.Ганзориг гэгч хөгж­лийн бэрхшээлтэй иргэн бай­на. Тус хэргийг шалгаж бай­сан Баянзүрх дүүргийн мөр­дөн байцаагч цагдаагийн ах­лах дэслэгч Х.Сугар-Одын“Үнэн” сонинд өгсөн “Сэжигтэн Ал­тан­з­ул гэгч нь охины биеийг үнэ­лүүлж, ашиг олдог байсан нь тогтоогдсон ч хүний най­мааны хэрэг гэдэг нь бат­лагдахгүй байгаа юм” гэж ярь­сан яриа цагаан дээр хараар дурайгаад байж байдаг. Үндсэндээ ийм шалтгааны улмаас хэрэгт­нүүдийг баривчилж, ял шийтгэл оноолгүй өнгөрсөн болж таарах гээд байгаа юм. Дахиад өөр нэг жишээ. Цэрэгт явж, эх орноо манах гэснийхээ төлөө бусдад зо­дуулж, амь амьдралаараа хо­хир­чихоод байгаа А.Ууган­баярын хэрэг байна.

Өдий 10 га­руй жил өнгөрөхөд зодсон нө­хөр нь цагдаа хийж байгаад сүүл­дээ Солонгос руу явсан болж таа­раад л өнгөрсөн. Бүр Хууль зүйн яамныхан хүртэл Б.Бат-Оргил гэгч нөхрийг мөр­дөн байцаалтын шатнаас ор­госон гэж баталсан талаар хо­хирогчийн ээж Ц.Алтанцэцэг ярьж байгаа. Тийм байтал хуу­лийн байгууллагынхан энэ хэрэг дээр огт ажиллахгүй бай­на. Одоо бүр хэрэг өмгөөлөгчгүй бол­чихоод байгаа. Идсэн эрүү хув­хайрч, идүүлсэн бут ургадаг гэ­дэг. Гэтэл хуулийнхны ар­чаагүй, мөнгө, эрх мэдлийн өм­нө сөхөрч сууснаас болж зод­сон нь гадаадад зугаалж, зо­дуулсан нь өөрөө хэрэгтэн бо­лох шахаад байна. Сүүлдээ ээж нь хуулийнханд галзуу со­лиотойгоороо дуудуулаад явж байгаа. Хаа байсан эрт үеийн жишээ татахыг хүс­сэнгүй. Яг одоо л энгийн ир­гэд яаж хохирч байгаа та­лаар дурьдлаа. Ер нь бол шүү­хийн­хэн мөнгөтэй хүний талд яаж үйлчилж, онц ноцтой хэрэгт ба­гахан ял оноогоод өнгөрч бай­сан жишээг барин тавин дурьд­вал дуусахгүй.

Тиймээс арай ойр байгаа, магадгүй тангараг өр­гөсөн хуульчид арай өөрөөр ажил­лаад шийдчихэж юуны м­а­гад гэсэн хэргийг жишээ ав­лаа. Мөн энэ мэт хэрэгтэй хол­боотой, мөрдөн шалгаж байсан цаг­даа, мөрдөн байцаагч, хянаж байсан прокурорыг нь шалгаж магадгүй гэж бодсоных. Учир нь тангараг өргөсөн хуульч гэдэг арай л өөр байх гэж бо­дож байна. Цэрэг эх орныхоо төлөө тангараг өргөөд, дарга нарынхаа тушаалыг яаж биелүүлж ажилладаг билээ. Мөн эмч хүн тангараг өргөөд л хүн зоны эрүүл энхийн төлөө өөрийгөө ч умартан ажиллаж бай­гаа. Мэдээж алдаа, дутагдал бол байлгүй яах вэ. Гэхдээ л тан­гараг өргөсөн болохоор арай дээр. Тэгвэл энэ удаад хуульчид тан­гараг өргөлөө. Тангаргийнх нь үг ямар их зүйлийг сануулж байгааг ч өөрсдөө мэдэрч буй гэдэгт итгэлтэй байна.

Одоо л хуульч, прокурор, шүүгчид итгэж болох нь гэж мунхаглан бодно. Тангараг өргөсөн шүү дээ, тэд чинь. Шударга үнэнийг сахин хамгаалагч байхаа, ард иргэдийг ялгалгүй эрх ашгийг нь хуулийн хүрээнд хам­гаалахаа тангарагласан. Ийм тангараг өргөчихөөд эрх мэдэлтний өмнө инээж, эн­гийн ардын өмнө ярвайж, мөн­гө­тэйн талд үйлчилж, мөн­гөгүй хүнийг зүйлчилж явах­гүй байлгүй дээ. Шударга ёс гэдэг үг тархинд ян гэж, хуу­лийн заалтууд толгойд нь дан хийж, буруу зөрүү шийдвэр гар­гахгүйн төлөө бодон бодон ажиллана гэж найдаад байна. Үүний төлөө л тангараг өргөж, тө­рийн далбаандаа мөргөж, дот­роо өөртөө ам өчиг өгсөн байл­гүй. Тиймээс энгийн ир­гэдийн нар гарах цаг боллоо гээд дүгнэчихье. Мөнгөгүй, эрх мэдэлгүй ч бай таны ард шударга үнэнийг сахин хам­гаалагч, тангараг өргөсөн хуульч байгаа шүү. Арай 1000 төг­рөг хулгай хийсний төлөө 10 жилийн ял өгөхгүй байх. Үр хүүхдийг чинь амьд үхдэл бол­госон хэрцгий нөхөр ялаа үүрэх­гүй ямбалж явахгүй байх. Тэд таны, миний, бидний, Мон­гол Улсын өмнө өвдөглөж сууж байгаад тангараг өргөлөө. Хэр­вээ тангаргаасаа няцаж, эрх мэдэлтний өмнө циркийн алиа­лагч шиг далилзаж, мөнгөний бараа харахаараа хоол горьдсон нохой шиг шарваганаж, эгэл ардын өмнө хаан адил хан­халзаж, хэлсэн үг, амласан ам­наасаа буцвал хуулийн өмнө хү­лээлгэх хариуцлагыг нь чан­галах хэрэгтэй. Шударга үнэ­нийг ард түмэн хамгийн их сахи­даг учиртай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ