О.Цагаанзам: Хаана ч атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн надад гомдолгүй


Халимагийн нэрт туульч О.Цагаанзам Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсныхаа дараа “Халимагууд бид Монгол нутагт ирэх, адис авах дуртай байдаг юм. Боломж гарвал Монголд ирэх юмсан гэсэн сэтгэл бидний цусанд байдаг.” хэмээн ярьж байсан юм. Хэдийгээр манай Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээж аваагүй ч, О.Цагаанзам Монгол руу татагдсан хэвээрээ л байна. Тэрбээр Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновын дэргэд дөрвөн жил шадарлаж, Үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр түүний дэргэдээс явснаа хэлдэг.
О.Цагаанзам эрхэмтэй ярилцсанаа хүргэж байна.
-Монгол түмний баяр сар шинийн дараахан тантай уулзаж байгаадаа таатай байна. Сайхан шинэлэв үү, Та?
-Сайхан шинэллээ. Би Монголд Цагаан сарын баярыг хоёр дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж үзлээ. Анх удаа 1991 онд Улаанбаатар хотод хөөмийч Базарваанийн монгол гэрт цагаан сарын шинийн нэгнийг угтаж байв. Харин энэ жил Кёкүшүзан Д.Батбаярын урилгаар Монголд ирж, Цагаан сарыг угтлаа. Манай халимагт “Өвлийн зудаас тоо бүр нь толгой мэнд, Цөөхөн амиар нь цөвдөл малаар нь эрүүл мэнд сайн сайхан гарав уу” гэж асуудаг юм. Монгол ахан дүүсээсээ ч ингэж асууя.
-Хоёр жил гаруйн өмнө бид уулзаж, ярилцаж байхад Та Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжилсан тухайгаа анх хэлж байсан. Тэр асуудал нь юу болсон бэ?
-Энэ асуудал тийм амар бүтэхгүй юм шиг санагдаж байна. Учир нь үүнд тохирсон хууль байхгүй гэдгийг би өнгөрсөн хугацаанд мэдлээ.
Намайг анх энэ асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгсний дараа олон хүний зүгээс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Надад урам өгч, намайг дэмжсэн Халимаг, Монгол төдийгүй нийт Монгол туургатнууд нэгдэх нягтрах ёстой гэж сэтгэлээ мэдүүлсэн бүх хүмүүст маш их баярласан.
Мөн энэ дашрамд нийтлэлч Д.Болдхуягт ихэд талархаж буйгаа илэрхийлье. Тэрбээр намайг ярилцлага өгсний дараа сэтгэл нь ихэд хөдөлж Монгол, Халимагийн үүх түүхийг, нэгдэн нягтрах учиртайг тод томруун илэрхийлсэн “Халимаг ах дүү нартаа илгээх урилга” хэмээх цуврал нийтлэлээ бичсэн байдаг.
Ийм зүрх сэтгэлтэй хүмүүс олон байвал дэлхий даяар тархсан Монгол туургатнууд нэгэн дээвэр дор нэгдэн суух цаг холгүй биз ээ.
- Та Ерөнхийлөгчид хүсэлт гаргахаасаа өмнө гурван ч удаа биечлэн уулзсан гэж байсан. Тухайн үед бол их л нааштай шийд гарах юм байна гэж ойлгогдож байсан. Одоо тэгэхээр бүтэхгүй болж байгаа гэсэн үг үү?
-Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргаж, зохих баримт бичгийг бүгдийг нь бүрдүүлээд өгсөн. Тэр асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жаал босч ирсэн гэхэд болох юм даа. Намайг Халимагт байхад яаралтай ир, ганц таньд хоёр улсын иргэний асуудал шийдэх гэж байна гэж хэлсэн. Гэхдээ ирсэн хойно бас болсонгүй ээ.
Би энд ирээд бараг гурван сар хүлээсэн. Чухам яагаад бүтэхгүй байгааг нь мэдэхгүй ч хуулийн талаас л болохгүй байх шиг байна.
Оросын иргэншлийг орхиод Монголын паспортыг аваад ирлээ гэхэд бид яг юу хийх вэ. Хэрэгтэй бүх зүйлээ нэхээд сууна гэхээр яаж тийм байж болох вэ.
Миний бодлоор хоёр иргэншлийн асуудал Халимаг, Монгол хоёрын хооронд харилцаа сайжруулах боломж ихтэй. Халимагийн газар нутаг монголын газар нутаг учир тэр газрыг хамаагүй хаяж орхиж болохгүй.
-Албан ёсоор хүсэлт гаргасныхаа дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нүүр тулан уулзсан уу?
- Хүсэлт гаргахдаа бол уулзаагүй. Ер нь би жаахан эмээж, ичиж байна. Миний бодлоор Ерөнхийлөгч хэчнээн гоё зүйл ярьж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн боловч, түүний хажууд байх тодорхой эрх мэдэлтэй хүмүүс, санаж сэдсэн зүйлсийг нь ажил болгож, хуульчилж чадахгүй бол “Утасгүй зүүгээр хувцас оёхтой адил” үр дүнгүй шүү дээ.
Би энэ яваа насандаа Монгол туургатнуудыг нэгтгэх санаатай хүн. Тиймээс ч иргэний асуудлыг бүтэх байх гэж найдаад явдаг юм. Гэхдээ энэ асуудлыг монголчууд шийднэ гэдгийг би сайн ойлгож байгаа. Болохгүй боллоо гэхэд би хувьдаа харамсахгүй ээ. Хаана явж байгаад ч “Атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн ч надад гомдолгүй”. Гол нь Монголын нэрийг хаана ч гутаахгүй, нэр сүрээ алдалгүй алдарт Жангар туулиа хайлаад явах л санаатай байна даа.
-Нэг талаас таны итгэл алдарчээ дээ?
-Хүсэлт тавьж, иргэншил хүссэн ч энэ асуудал бүтэхгүй их удлаа. Одоо үүнийг буцааж сэргээх талаар би бодохгүй байна. Нэгэнт хуулийн орчин нь бүрэлдээгүй байхад би байн байн асуудлыг сөхөж, хүмүүсийг шахаад яах вэ гэж бодсон.
Уг нь дэлхийн монгол туургатнуудыг эх орондоо эргэж ир гэж байгаа ч урьдаар хуулиа батлах хэрэгтэй. Халимаг ахан дүүс ирлээ гэхэд байнгын оршин суух эрх өгч тусад нь гаргалаа гэхэд визний асуудлыг хөнгөвчилж, анхан шатанд нь туслах хэрэгтэй байна.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ