Интернетийн компаниуд тэмцэж эхэллээ

Монголын ISPбуюу интернетийн үйлчилгээний 10-аад компанийн төлөөллөөс Монголын МТШХХГ-ын дарга Ц.Жадамба, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нартай уулзах хүсэлт удаа дараа тавьсан нь саяхан биеллээ олов.
Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн Ёкозунанет, Ситинет, Кевико, Номсис, Хоумнет зэрэг компаниуд дээрх Агентлагуудын удирдлагад тавьсан гол шаардлага гэвэл, IPTV буюу Телевизийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зөвхөн Юнивишн, Скай Медиа хоёрт өгч, бусад компаниудад зөвшөөрөл олгохоос онцын хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзаж, элдэв арга саам хийсээр ирсэн нь компаниудыг хүчээр дампуурахад хүргэж байгааг таслан зогсоох явдал юм. Энэ нь бизнесийн аливаа салбарт монополийг задлах, баялаг бүтээгчдийг дэмжих, нэн ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэгчид хийгээд гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэх, бүтээгчдэд чөдөр тушаа болсон онцын шаардлагагүй элдэв зөвшөөрлийг цуцлах, ажилгүйдлийг бууруулах зэрэг Төр, Засгийн бодлогыг сөрж, ихээхэн алагчилсан, шударга бус, харгис шинжтэй бусармаг үйлдэл болохыг ISP-нууд шүүмжлэв.
Энэхүү байдал цаашид даамжирвал интернетийн жижиг, дунд зэрэглэлийн компаниудын олон зуун ажилчид, тэдний ар гэрийхний амьдрал дээсэн дөрөө, хутганы ир дээр очиж, интернет хэрэглэгч мянга мянган иргэдийн эрх ашиг хөндөгдөж, гадаад дотоодын олон арван хөрөнгө оруулагчид асар их хохиролд унаж, тэдний дургүйцэл бухимдал тэсэрч, ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй нь энэхүү ярианы явцад хэн бүхэнд ойлгогдохоор хурц мэдрэгдэв.
Олигархуудын нөлөөнд авталгүйгээр, интернетийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийг том, бага хэмээн ялгаварлалгүй, тэдний хэнийг нь ч хохироохгүй, алтан дундажийг баримталсан зөв гарцыг олж, ойрын өдрүүдэд дахин уулзаж асуудлыг шийдвэрлэхээр уулзалтанд оролцсон талууд ажил хэрэгчээр ярилцаж том төрөөс ухаалаг төр өөд шилжих зорилтын хүрээнд бодит, зоримог алхмыг хийхээр тохиролцсон байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ