Ц.Шаравдорж: М.Энхболдыг сольж байж л сонгуульд ялсан түүх МАН-д бий

МАХН-ын гишүүн Ц.ШАРАВДОРЖТОЙ ярилцлаа. Тэрээр саяхан намын гишүүнчлэлээ сэргээсэн юм.

-Таныг Солонгос явсан юм болов уу гэж бодсон. Н.Энхбаяр даргатай очиж золгоогүй юм уу?

-Үгүй, яваагүй. МАХН-ын удирдлагууд, явах ёстой хүмүүс нь очиж нэлээд өргөн золголт хийгээд ирсэн л гэж сонссон.

-Сар шинийн өмнөхөн та МАХН- ын гишүүнчлэлээ сэргээсэн. Намын амьдралд оролцож амжив уу?

-Ямар ч байсан МАХН-д гишүүнчлэлээ сэргээлээ. Намын дотоод амьдралд бол нэг их оролцсон юм одоогоор алга. Ер нь бол цаашдаа оролцоно гэж бодож байгаа шүү. Намын гишүүнчлэлээ сэргээхээс өмнө Говь-Алтай аймагт болсон орон нутгийн сонгуулийн үеэр тэнд очиж өөрийнхөө чадал чинээгээр МАХН-аас нэр дэвшсэн хүмүүсийн төлөө явсан.

-Уг нь танд МАН гэсэн сонголт бас байсан шүү дээ. Яагаад заавал МАХН-ыг сонгож гишүүн нь болсон юм бэ?

-Олон л хүн тэгж асууж байна. МАХН-д гишүүнчлэлээ сэргээсэнд зарим хүн гайхаж, яагаад гэсэн асуулт тавьж байна л даа. Энэ талаар нэг бус удаа хэлсэн. Дахиад ч тодотгож хэлье. Би МАН-ын гишүүн биш. Хоёрдугаарт, угаасаа би анх МАХН-д элсч, энэ намын нэрээр УИХ-ын гишүүн болж ажиллаж байсан хүн. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийх тэр үед хуульд заасны дагуу намын гишүүнчлэлээсээ татгалзсан. Тэгээд Тамгын газрын ажлаа хүлээлгэж өгсний дараа нэлээд хугацаанд харсан шүү. Жил гаруйн хугацаанд энэ намуудын улс төрийн үйл ажиллагааг ажиглаж явлаа. Эцэст нь МАХН-д гишүүнчлэлээ сэргээх нь өөрөө өөрийгөө хүндэтгэсэн ийм үйл явдал гэж бодсон.

-Энэ хугацаанд МАН-д гишүүнээр элсэх талаар бодоогүй юү?

-Зарим хүн МАН-д элсэхгүй юм уу гэж асууж л байсан. Гэхдээ энд би нэг л юм хэлье. Цаг хугацааны хүчин зүйлийг бүрэн тооцоогүй, яаравчлан, түргэвчлэн хэдхэн хүний хүрээнд МАН гэж нэрээ өөрчилсөн энэ үйл явц бол нийт МАХН-д бол ашигтай биш, хортой туссан ш дээ. Үүнээс болж намын хагарал явагдсан. МАХН гэж нэгэн цул улс төрийн хүчин байсан бол өнөөдөр хоёр хуваагдчихсан байна. Үүнээс болж гишүүд нь ч хоёр тийшээ хуваагдсан. Улс төрийн тэмцэлд орох хүч нь суларч, арга хэлбэр нь байхгүй болж, ер нь л мохоо болсон шүү дээ. Үүнийг улс төрийн нөгөө хүчнүүд ашиглалгүй яахав. Би АН-ыг яг л замаараа зөв явж байна гэж хардаг. Ямар ч улс төрийн хүчин нөгөө намаа алдаа гаргахад ашиглаж чаддаг байх ёстой. Энд миний сэтгэлийг эмзэглүүлсэн юм бас бий. МАН шинэчлэгдэж байна гэж зөндөө л ярьж байна. Гэвч энэ нь зөвхөн ярих хэмжээнд байна. Бодитой шинэчлэл энэ улс төрийн хүчнээс харагдахгүй байгаа нь нууц биш.

-МАН сая даргаа солиод л, шинэчлэлийн Их хурлаа хийсэн шүү дээ. МАН шинэчлэгдэж чадаагүй хэрэг үү?

-Саяын намын Их хурлыг зөвхөн намын гишүүд нь төдийгүй Монголын ард түмэн анхааралтай ажиглаж байсан. Ихээхэн зүйлийг хүлээсэн. Одоо л энэ улс төрийн хүчин хэлсэн үгэндээ хүрч шинэчлэгдэх нь гэж харж байсан л даа. Гэтэл тэр итгэлийн галыг унтраасан хурал боллоо. Үнэнийг хэлэхэд тэр хүлээлтийг бүрэн дүүрэн хангаж чадсангүй. Процессыг харахад намын Их хурлаас эхэндээ бол шинэчлэл харагдаж байсан. Ө.Энхтүвшин илтгэл тавиад дуусах хүртэл гайгүй явсан. Энэ нам шинэчлэгдэх нь гэж харж байсан. Гэвч дараагийн зохион байгуулалтын асуудлаас эхлээд л нийгмийн хүлээлтэд зөв хариулт өгч чадаагүй. Үндсэндээ шинэчлэл хийнэ гэсэн үгэндээ хүрсэнгүй. Энэ мэтийн байдлыг би ажиглаж байсан.

-Таны сонголтод нөлөөлсөн гэсэн үг үү?

-Яг юу гэхийг нь мэдэхгүй юм. Ямар боловч надад урдаас бодож байсан юм бий. Ингээд үзэхэд цоо шинээр нэрлэгдсэн намд би элсэх үү, эсвэл хуучин намын гишүүн нь байж байгаад бодит шалтгаанаар гарчихсан тэр намдаа эрхээ сэргээх үү гэдэг л миний сонголт байсан. Тийм ч учраас би өөртөө зөв сонголт хийсэн гэж бодож явна.

-Магадгүй намын дарга нар нөлөөлсөн үү. Та одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга М.Энхболдыг хуучин МАХН-ын дарга байхад гишүүнчлэлтэй байсан хүн шүү дээ?

-Тиймээ тийм. МАХН гэж нэг цул хүчин байх үед энэ бүх удирдлагын дэргэд би ажиллаж байсан хүн. Удирдуулж байсан, хамтдаа улс төрийн тэмцэл хийж, хамтдаа УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож л байсан. М.Энхболд, Ө.Энхтүвшин, Сү.Батболд, Н.Энхбаярыг нь ч бай би бүгдийг нь мэднэ. Гэхдээ МАХН гэдэг тэр нэгдмэл цул хүчин яагаад өнөөдөр ингээд хуваагдалд хүрэв гэдгийг бодитой дүгнэх ёстой. Харамсалтай нь, МАН-ын нөхөд түргэвчилсэн байдлаар, тооцоо буруу хийсэн. Улс төрд бол алдах эрх байх ёсгүй. Яагаад гэвэл, тэр гаргасан шийдвэрээс нь цаашдын үйл ажиллагаа, намын хамт олны хувь заяа шийдэгддэг. Тэр байтугай улс орны хувь заяа ч шийдэгдэнэ. Тийм учраас яаравчлах, түргэвчлэх, хөнгөн гоомой хандах эрх хэнд ч байхгүй. Харамсалтай нь, тийм юм болчихсон. Улс төр бол өөрийнх нь дүнг ч тавьчихсан.

-Та М.Энхболдыг өмнө нь намын дарга байхад огцруулах асуудлыг хөндөж байсан хүмүүсийн нэг байх аа.

-Би энд нэгэн түүхийг эргэн ярья. Та мэдсэн үү, Л.Одончимэд гуайн зургаан боть ном гарсан байгаа. Саяхан нээлт нь болсон. Тэр номонд “Элсний 13” гээд хэдэн хүний тухай юу болсон юм бэ гэдгийг их тодорхой бичсэн байна лээ. Тэрийг хүмүүс уншаасай. Ер нь бол “Элсний 13” гэдэг хүмүүсийг хувьсгалын эсэргүү байсан мэтээр л нийгэмд зохиомлоор ойлгуулсан шүү дээ. Гэтэл “Элсний 13” гэж нэрлэгдсэн тэр хүмүүс тухайн үед ихээхэн зориг зүрх гаргаж энэ МАХН-ыг аврах, тухайн үед болсон УИХ-ын сонгуульд ялах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүх юмаараа зүтгэсэн хүмүүс. Нэр төр гээд бүх юмаа золиосолсон. Харамсалтай нь, тэр үед гарч ирсэн С.Баяр буруу шийдвэр гаргасан. Уг нь намын Их хурал 13-ын хүчээр хийгдэж, С.Баяр ч 13- ын хүчээр л гарч ирсэн. Түүнээс С.Баяр эрийн сайндаа гарч ирээгүй юм шүү дээ. Яагаад бид тийм алхам хийх болсон нь тодорхой. М.Энхболд тэр үед намын дарга байсан. Гэхдээ нийгэм бүхэлдээ МАХН гэхээс илүүтэй, тэр үед удирдаж байсан М.Энхболдын үйл ажиллагаанд сөрөг хандлагатай болчихсон. Ийм намын даргатай УИХ-ын сонгуульд орох юм бол МАХН ялагдах нь тодорхой байсан үе. Улс төрийн прогноз, бүхий л судалгаа тийм гарч байсан л даа. Ялагдал хүлээхгүйн тулд яах вэ гэдэг асуулт тэр үед намын хамт олны өмнө тавигдсан. Гарц нь шинэчлэлийн Их хурал хийх ёстой байсан юм. Ялангуяа удирдлагыг сольж, цоо шинэ хүн гарч ирж байж МАХН тэр сонгуульд ялах улс төрийн нөхцөл байдал бүрэлдсэн байсан. Энийг бид зөв тооцсон. Тэгээд хийсэн. Үүний хүчинд МАХН сонгуульд ялсныг бүгд мэдэж байгаа. Харамсалтай нь, дараа нь шинэ болсон дарга, хуучин байсан дарга нарын хоорондын хэлхээ холбоо, шинэ дарга нарын Засгийн газраа бүрдүүлэхдээ хийсэн алдаатай үйл ажиллагаа энэ намыг хоёр хуваагдах эхлэлийг тавьсан. Өөрөөр хэлбэл, тэр үед л одоогийн энэ хуваагдал, ялагдлын эхлэлийг тавьсан. Намын дарга болчихоод, сонгуульд ялчихаад явуулсан С.Баярын тэр үйл ажиллагаа, сөрөг хүчинтэйгээ эвсч, засаг байгуулсан тэр цаг мөчөөс эхэлж бүрэлдсэн юм. Явсаар байгаад өнөөдөр аль аль нь ялалт гэж ярих биш, удаа дараагийн бүх сонгуулиудыг ялагдал гэсэн үр дүнтэйгээр л дуусгаж байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ