Үл мартагдах Сочи 20142014

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл болсон олимпийн наадам өчигдөр орой өндөрлөлөө. XXII өвлийн олимп Сочи хотноо 17 хоногийн турш ёслол төгөлдөр болсон юм. Олимпийн наадмын хаалтын ажиллагаа Орос орны түүх соёлыг гайхуулсан сүрлэг болж өнгөрсөн тухай дэлхийн хэвлэл мэдээллүүд дуу нэгтэйгээр сонин сайхныг нь бичиж байв.

Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах хаалтын үйл ажиллагаанд үг хэлж мартагдахааргүй сайхан цагаан олимп боллоо хэмээв. Түүний хувьд ОУОХ-ны тэргүүнээр сонгогдсоны дараах анхны олимп нь Сочи-2014 болов. Энэ удаагийн олимп шинэ аваргуудтай, шинэ дээд амжилтуудаар чимсэн үл мартагдах олимп болсон билээ.

Олимпийн тэнгэрт ОХУ-ын туг намирч, тэд ёстой л талбайн эзэд байж чадлаа. Оросуудын 33 медалийн 13 нь алт, 11 нь мөнгө, 9 нь хүрэл медаль байсан бөгөөд тоо, чанараараа тэргүүлэгч нь болов. Харин хоёрдугаарт нийт 26 медальтайгаар Норвеги улс бичигдлээ. Тус улсын медалийн чанарын хувьд 11 алт, таван мөнгө, 10 хүрэл медалийн эздээр тодорчээ. Тэгвэл гуравдугаарт нийт 25 медальтайгаар Канад улс бичигдэж байна. Канад улсын хувьд 10 алт, 10 мөнгө, таван хүрэл медальтай Сочигоос буцлаа.

Фишт цэнгэлдэх хүрээлэнд болсон хаалтын ёслолын нэг гайхамшиг нь ёслолын ажиллагаа эхлэх үед Хар далайд хэдэн зуун мөнгөн хайрстай загаснууд сэлж, улмаар тэд олимпийн бэлгэдэл таван цагариг болон хувирсан явдал байлаа. Нээлтийн ёслолын үеэр таван цагаригийн нэг нь дэлгэгдээгүйг сануулжтаван цагаригны нэг гэрлийг түр саатуулж асаасан нь мөн л сюрприз болж байв.

Харин түүний дараагаар цэнгэлдэх хүрээлэнд 62 мэргэжлийн төгөлдөр хуурчид хөгжимдөж Большой театрын балетчид бүжиглэв. Энэ гайхалтай үзүүлбэрийн дараа Оросын алдартай зохиолчдын дүрс бүхий баганууд цэнгэлдэхийн голд сүндэрлэсэн юм.

Дуу хуур, гэрэл гэгээгээр дүүрэн байсан олимпийн наадам өндөрлөж Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах “Бид асар их хүндлэл, баялаг түүх бүхий Орос оронд ирж тэмцээн уралдаанаа амжилттай зохион байгууллаа. Харин одоо орос найзуудаараа үдүүлж гэр гэрийн зүг явах боллоо” хэмээн хэлсэн юм. Сочид хүрэлцэн ирсэн хүн бүхнийг миша баавгай, барын бамбар, туулайн бүжин нар үдсэн нь 1980 оны зуны олимпийн наадмыг санагдуулж байлаа.

Ирсэн гийчин буцаж, орсон бороо арилдгийн нэгэн адилаар дараагийн өвлийн олимп зохиогдох Өмнөд Солонгос улс далбаагаа мандуулсаар ёслолын арга хэмжээ өндөрлөв. Дараагийн олимп хүртэл даанч хол байна даа.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ