Украин Европын холбоонд нэгдэх нь тодорхой боллоо

Бямба гаригт Украин улсын ерөнхийлөгч Виктор Янукович нийслэл Киев хотоос дүрвэн гарсны дараа тус улс түр ерөнхийлөгчөөр Александр Турчиновыг томилоод байна. Тэгвэл Александр Турчинов өчигдөр мэдэгдэл хийж “Манай улс Европын холбоонд нэгдэхэд тун ойрхон болсон” хэмээсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон бослого мөргөлдөөний улмаас тус улсад 100 орчим хүн амь насаа алдсан. Хүний амь насаар сольж байгаа энэ тэмцэл нь ард түмний хүсэн хүлээсэн зорилгод хүрэх учиртай хэмээн иргэд үзэж байгаа юм. Дарангуйлал явуулж ард иргэдийн санал бодлыг сонсохгүй өөрийнхөөрөө зүтгэж байна гэх ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагахын тул одоо тус улсад ихээхэн хөл хөдөлгөөнтэй байна.
Бямба гаригт тус улсад болсон өөр нэгэн чухал үйл явдал бол ерөнхий сайд асан Юлия Тимошенко улс төрийн хорионоос гарч жагсагчидтай нэгдэж эхэлсэн явдал юм. Түр хугацаагаар сонгогдоод байгаа Александр Турчинов нь Юлия Тимошенкогийн холбоотон ойрын туслах нь учир тэд Януковичийн эсрэг хангалттай хүчтэй боллоо хэмээн ажиглагчид үзэж байна.
Александр Турчинов хэлэхдээ “Бид эргэн Европын холбооны улс болох болно. Түүнчлэн ОХУ-тай хөрш орны хувьд яриа хэлэлцээ хийнэ” хэмээн мэдэгджээ. Тэгвэл өнөөдөр Европын холбооны гадаад бодлогын дарга Кетрин Эштон Киев хотноо хүрэлцэн ирэх гэнэ. Мэдээж хэрэг тус холбоонд элсэхийн тулд тодорхой хэмжээний шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд энэ шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах юм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ