Шүүмжлэлийг шүү

Миний мэдэх хүмүүсээс амьдралд хамгийн хайртай нь болох нэг найз маань хэд хоногийн өмнө над дээр санаа алдчихсан хүрч ирлээ. “Намайг хэтэрхий өөдрөг, юмыг бодитоор хардаггүй, газарт буу гэж хэлтсийн ахлах маань загнасан юм л даа. Тэрнээс хойш гэрэл гэгээтэй юм ярих гэхээр л тэгж хэлсэн нь бодогдох боллоо”

Шүүмжлэлийг шүү

Бусдын хэлсэн шүүмжлэлийг үргэлж зөвөөр хүлээн авч, аль болох засдаг найзыгаа энэ удаад бол юу ч сонсоогүй юм шиг мартах хэрэгтэй гэж би зөвлөсөн. Биднийг сайжрахад тусалдаг гэгддэг шүүмжлэлүүдэд ч гэсэн “шүүлтүүр” байдагсан бол түүнд ирсэн “хэтэрхий өөдрөг”-ийн тухай үг хамгийн түрүүнд доош урсахаар байсан юм. Учир нь найзын маань хэлсэн хэт өөдрөг үг хүртэл хэнд ч хор уршигтайгаар нөлөөлж байхыг би хараагүй бөгөөд, хэрвээ тэр чанараа алдчихвал найз маань танигдахаа больтлоо өөрчлөгдөх байлаа.

Бүхнийг өөр өөрийнхөөрөө хардаг, ярьдаг хэдэн мянган нүд, хэдэн мянган амны дунд амьдарч байгаа учраас шүүмжлэлээс бид зугтаж, нуугдаж чадахгүй. Гэхдээ шүүмжлэл бүрийг хүлээж аван, хэлснээр нь засах гэж оролдоод байвал өөрийгөө ч алдах магадлалтай. Учир нь төгс уран зураг хүртэл хэн нэгний хувьд утгагүй эсвэл бүр маш олон алдаатай мэт харагдах л байсан.

“Шүүмжлэлийг тусгаж авч сурсан хүн л шат ахина” гэж биднийг бага байхаас гэр бүл, багш нар маань зааж сургасаар ирсэн. Гэхдээ тэр дунд, зарим шүүмжлэл бол сайн тунгаан бодох ч шаардлагагүй хоосон үг байдаг гэдгийг бидэнд сануулахаа мартчихсан бололтой. Үүнийг мэдэлгүй, ерөөсөө шүүмжлэл сонсох л юм бол хэрэгжүүлж, засч, бусдын алдаатай гэж хэлснийг алга болгох ёстой гэж бодож төлөвшсөн учраас бид хааяа шал дэмий үгэнд хэтэрхий өндөр ач холбогдол өгөн хайран сэтгэлээ шаналгаж суудаг байх.

Зан араншин, төрөлхийн онцлогийг зогсоох, устгах зорилготой шүүмжлэлүүд барагтай л хэрэгцээтэй байдаггүй. “Чи нэг дурлахаараа хяналтаа алдчих юм” гэдэг шүүмжлэл сонсвол инээмсэглээд л өнгөр. “Чиний хувцасны сонирхол ёстой биш ээ” гэж хэн нэгэн чамд хэлвэл сонсоогүй юм шиг л бай. “Ичимхий даруу” байдлын чинь тухай шүүмжлэл ирвэл тийм байхаа болих гэж битгий оролд. Учир нь эд бол чиний мөн чанар учраас засах ёсгүй, засагдах ч үгүй, харин хэвээр нь хадгалангаа тохирсон газар нь л хэрэглэж сурах ёстой зүйлс юм. Дурлахаараа тэнгэрт хөөрдөг, өндөр магтаалд ч гэрэвшингүй мишээдэг, онцгой хувцасладаг чам шиг хүмүүс байдагт хорвоо маш баяртай байдаг юм шүү.

Харин хийсэн үйлдэлд өгсөн шүүмжлэлүүд илүү бодитой байдаг. “Хэтэрхий олон хүн таньдаг” гэж биш “Таньдаг хүн болгондоо таалагдахын тулд дүр эсгэдэг” гэж хэн нэгэн хэлвэл тусгаж аваарай. Учир нь зан араншингаа биш, гаргадаг үйлдэл, зуршлаа өөрчлөхөд бид анх ямар байсан% яг тэр хэвээрээ үлдэнгээ хувь хүнийхээ тал дээр улам хөгжиж чадна.

Эргэн тойрны бүх эх сурвалжаас тасралтгүй ирдэг шүүмжлэлүүдээс “Үнэн ч байж магадгүй дээ”, “Үүнийгээ засахгүй бол хүсэл мөрөөдөл, хайртай хүмүүс, үнэт зүйлд минь гарз хохирол учирч магадгүй”, “Сүүлийн үед олон хүн надад ингэж хэлж байгаа” гэсэн бодол төрүүлснийг нь л тархиндаа түүж үлдээ. Бусдыг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүл. Учир нь тэд чамд ямар ч талаараа хэрэгтэй мэдээлэл болж чадахгүй.

Чамд шүүмжлэл хэлж байгаа хүн болгон өсөн сайжрахад туслах үнэт эрдэнэсийг өгсөнтэй адил. Гэхдээ тэр дунд чамайг төөрөлдүүлж мэдэх хуурамч, хэрэггүй эрдэнэсүүд ч байдаг учраас шүүмжлэл бүрийг ашиглах гэж оролдолгүй, ялгаж ангилаарай.

Ирэх долоо хоногоос эхлэн шүүмжлэлүүдийг ч шүүж байгаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ