Хүүхдийнхээ биеэ даах хүслийг нь бүү дарангуйл!

Биеэ даагаад өөрийгөө аваад явах чадвар орчин үеийн хүний хамгийн чухал шинж чанарт тооцогдох болсон билээ. Биеэ даасан хүн гэдэг нь өөрийн ажил болоод ахуй амьдралынхаа асуудлуудыг өрөөл бусдад тохолгүй өөрөө шийдвэрлэж чаддаг, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг найз нөхөд хамаатан садандаа үүрүүлэх гэж оролдолгүй зөвхөн өөрөө үүрч чаддаг хүн гэсэн үг.
Энэ бол маргаангүй маш үнэ цэнэтэй чанар. Харин энэ сайхан чанар эцэг эхээс өвлөдөггүй учраас хүүхэддээ бага балчир байх үеээс нь эхэлж бие даах чадварыг суулгаж өгөх ёстой. Өөрийнхөө проблемуудыг өөрөө шийдвэрлэх чадварыг нь хөгжүүлж эхлэхэд тохиромжтой нас бол “Би өөрөө” гэдэг нас /2-3 нас/, сургуульд орох нас /7 нас/, шилжилтийн үеийн нас /11-12 нас/, өсвөр нас /16-17нас/ байдаг.
Долоон нас шилжилтийн насыг бодвол биеэ даах чадварыг нь суулгахад илүү тохиромжтой байдаг /гормон нь толгойг нь эргүүлж саад болохгүй/, харин 16-17 нас бол – эцсийн боломж! Хэрэв энэ насандаа өөрийнхөө мэдэл, боломжийн хүрээний проблемоо шийдэж сураагүй бол /хэрэв “би өөрөө” гэх тоолонд нь эцэг эх нь төвөгшөөж ”нам дардаг” байсан бол/ ийм хүүхэд биеэ даах хүсэл ч үгүй хүн болж тэтгэвэртээ гартлааэцэг эхийнхээ үгээр л амьдарна.
Хүүхэд 2-3 насандаа “Би өөрөө” гэж эхэлдэг нь чухамхүү энэ үед л бяцхан үр чинь өөрийгөө тусгаар хүн гэдгээ ухамсарлаж эхэлдэгтэй холбоотой юм. Ийнхүү “тусгаар тогтнолоо зарлан” бие даах чадварынхаа хэм хэмжээг шалган турших дуртай болдог. Би чадах нь уу, үгүй юу? Би ингэж болох уу, үгүй юу? Ээж аав юу гэх бол?Түүний хувьд үнэнхүү сонирхолтой тоглоом! Харамсалтай нь эцэг эх бид хүүхдийнхээ энэ байдлыг ойлгохгүй “хөл доор орооцолдлоо” хэмээн төвөгшөөх, “цаашаа бай” гэж загнах мэтээр биеэ даахаар оволзож байгаа хүслийг нь унтраадаг. Зарим эцэг эх “Хэлээд байхад албаар янз үзэж байгаа юм шиг...” гэж уурладаг нь бүр буруу. Хүүхэд тань янзыг чинь үзэх гэсэндээ бус, зүгээр л өөрийнхөө чадварыг, мөн өөрт зөвшөөрөгдөх хэмжээг тодорхойлох гэсэндээ л тэр шүү дээ. “Би ингэчихвэл юу болох вэ? Тэгвэл ингэе? Аанхаа, ээж уурлаж байна... Яадгийн үргэлжлүүлээд үзье – яахнуу. За за, больё, бүр загнадаг, зоддог юм байна, би загнуулахыг хүсэхгүй байна!” Ингээд биеэ даах хүсэл нь нэг хэсэг нам дарагдчихдаг.
Гэхдээ хүүхэд бол амьтан биш – торонд хийчихэж болохгүй. Мэдээжийн хэрэг цээрлэх зүйл байлгүй яахав: хулгай хийж болохгүй, худал ярих муухай, хов зөөх онцгүй гэх мэтээр бид хүүхдүүддээ цээрлэвэл зохих зүйлүүдийг зааж өгдөг, бяцхан хүүхэд ч үүнийг амархан ойлгож дөнгөдөг. Харин байнга “болохгүй” гэдэг үгийг сонсож байгаа нялх амьтан огт ойлгохоо больдог: “энэ хорвоод надад болдог зүйл гэж байна уу? Би юуг өөртөө зөвшөөрч болох юм бол?” Ухамсарт нь дандаа “болохгүй” гэх хорио цээрийн дохио суусан хүн хэзээ ч аз жаргалтай байж чаддаггүй...
Тэгвэл одоо яахав, хүүхэддээ бүхнийг зөвшөөрөөд л байх уу?
Либерал үзэлтэй эцэг эхчүүд хүүхдээ дураар нь байлгах нь элбэг, амьдрал өөрөө сургачихна гэж үздэг. Шалбааг битгий туул гээд байхад туулсан бол одоо яая гэхэв, нойтон гуталтайгаа яв даа, дараа нь тэгээд өвдөөд орондоо хэвтэнэ л биз... Гадаа тоглохдоо хүүхдүүдийг зодох дуртай бол – хэн ч чамтай найзалдаггүй байдалтайгаа эвлэрээд байж бай... Боловсролтой болох хэрэгтэй гээд байхад хичээлээ хийхгүй байсан – одоо тэгвэл зах дээр тэрэг түр дээ... Хүмүүжлийн ийм аргын сайн тал нь гэвэл хүүхэд өөрийнхөө хийсэн үйлдлээс гарах үр дүнг өөрөө хариуцах ёстой гэдгээ ухамсарладаг. Өнгөц харахад хатуу ширүүн, хүйтэн хандлага мэт боловч ийм эцэг эхийн хүүхэд балчир багаасаа эхлэн биеэ даасан бөгөөд насандаа байхааргүйхэрсүү ухаан суусан байдаг. Гэхдээ ийм байдлаар хүүхдээ хүмүүжүүлэхдээ хэмжээ хязгаартай үзэхгүй бол бас болохгүй. Хэтрүүлчихвэл сөрөг тал нь эерэгээсээ давамгайлаад явчих аюултай: өөрөөр нь ойлгуулах гэсэн биш хүүхдээ гэмтээж бэртээвэл яана? Сургуулийн өмнөх насны хүүхэд өөрийнхөө үйлдлийн үр дагаварыг урьдчилан тооцоолж хараахан чадахгүй учраас түүнд хэрээс нь хэтэрсэн хариуцлага үүрүүлж болохгүй нь ойлгомжтой.
Тэгвэл алтан дундажийг хэрхэн барих вэ?
Нэгдүгээрт, болох болохгүйн хил хязгаарыг маш тодорхойгоор зааглаж өгөх хэрэгтэй. Бүх зүйл хориотой ертөнцөд хүүхэд баяр баясгалантай байж чадахгүй учраас өөрийн эрхгүй эсэргүүцэл илэрхийлэн гөжүүдлэж эхэлнэ. Том хүн бид бол “хориогүй л бол – болно” гэдгийг мэднэ, харин хүүхэд – мэдэхгүй. Тэгэхээр бяцхан үр чинь туршилтаар л болох болохгүйг олж мэдэхийг хичээдэг. “Ээж телевизорыг балбаж болохгүй гэсэн... Шалыг балбавал яадаг юм бол? Халбагаараа ширээ балбахаар загнадаг, тэгвэл тоглоомоор балбаж болох уу, үзье...?” Харин томчууд бид түүний туршилт хийж болох болохгүйн хязгаарыг мэдэхийг хичээж байгааг ойлгохгүй “энэ ёстой янзын хүүхэд шүү, дандаа нерв барж байдаг...” хэмээн уурладаг.
Хоёрдугаарт, хүүхдийн хорхой, сониуч занг хөдөлгөхөөр үнэтэй цэнэтэй зүйлсийг далд хийж элдэв өдөөн хатгалтгүй орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хэрэв тавиур дээр гоё, харц татсан шил болор эд юмс байх юм бол яаж барьж үзэхгүй байж тэвчих юм бэ? Бариад үзлээ, хооронд нь харшуулсан чинь гоё дуугардаг юм байна, бүр чанга мөргөлдүүлье тэгвэл... өө, бас хагардаг юм байна...!
Тиймээс, эвдэрч хэмхрэх болон хүүхдэд аюултай зүйлсийг холхон шиг тавьчих юм бол олон асуудал, зөрчилдөөн, гомдол бухимдлаас зайлсхийж чадна. Нэг хэсэгхэн, хүүхэд юм мэдэхгүй байх үеийг анхааралдаа байлган давж, хүүхдийнхээ биеэ даах санаачлагыг нь төвөгшөөн боомилохгүй байж тэсвэл эцэг эх танд цаашид улам амар болно, хүүхэд чинь ч биеэ даасан, хариуцлагаа ухамсарласан, өөрийгөө аваад явж чаддаг хүн болж өснө.
Харин хатуу хорио цээрийн дор, эсвэл хэтэрхий халамжилснаар хүүхдийнхээ идэвхи санаачлагыг дарангуйлж өсгөвөл хүүхэд чинь нэг бол бүх насаараа гараасаа хөтлүүлэн амьдрах болно, эсвэл хоёр нүүртэн болж хувирна: гэртээ – томоотой дорой амьтан, гэрээсээ гадуур – “хулиган”, үгүй бол эсрэгээр, эцэг эхийнхээ дарангуйллыг эсэргүүцэн зөрүүдлээд эхэлбэл, гэртээ – “эсэргүү амьтан”, харин бусад хүмүүстэй – хөөрхөн ааштай, хайр татсан хүүхэд болж хувирдаг.
Хүүхэд өсөхийн хэрээр үргэлж эцэг эхийнхээ хараа хяналтан доор байхаа больж сургууль соёл, найз нөхөд гээд харьцааны хүрээ нь ихээхэн тэлж ирэхэд бие даах чадвараас нь гадна аюулгүй байдлаа өөрөө хангах асуудал нэмэгдэх учраас аюулгүй байдлын үндэс суурийг хэлж зааж өгөхөө мартав!
Мэдээжийн хэрэг, хүүхэд бүр өөр өөрөөр өсч хүмүүждэг, өөр өөр зан араншин, муу, сайн авъястай – тиймээс хүүхдийнхээ зан байдалд тохируулж хэрхэн хүмүүжүүлэхээ эцэг эх та нар л хоорондоо ярилцан шийдэх хэрэг. Би зөвхөн ерөнхий чигийг л өгч байгаа гэдгийг ойлгож байгаа биз... Учиргүй төгс эцэг эх болох гэж хичээх шаардлага байхгүй, зүгээр л эрүүл ухаантай, сайн ээж аав байхад л болно доо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ