Ким Юна зодог тайллаа

Ванкуверийн олимпийн аварга, Сочигийн олимпийн мөнгөн медальт дэлхийн аварга, уран гулгагч Өмнөд Солонгосын тамирчин Ким Юна албан ёсоор зодог тайлснаа зарлалаа.

Тэрээр наадам болохоос өмнө “Энэ миний сүүлчийн олимп байх болно” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл мөсөн талбайг түүнтэй зэрэгцэн эзэгнэж байсан Японы тамирчин Мао Асада ч мөн сүүлчийнхээ олимпт оролцож байгаагаа дуулгаснаар хүмүүст энэ жилийн уран гулгалтын наадмыг заавал үзэх хорхойг төрүүлсэн билээ.

Ким Юна олимпийн түүхэнд хоёр удаа алтан медаль авсан Германы алдарт уран гулгагч Катрина Биттийн амжилтыг эвднэ хэмээн өөртөө амлаж байсан ч түүний хүслээр болж чадсангүй тэрээр дэвжээг орхиж байна.

ОХУ-ын тамирчин Аделина Сотниковагийн үзүүлбэрийг Ким Юнагийнхаас тааруу байсан гэх хүмүүс олон байгаа бөгөөд медалийн маргаан үргэлжилсээр байгаа юм. Үзэгчид “Тэдний онооны зөрүү тун бага байсан. Өмнөх тоглолтууд дээр ч Ким Юна ялгарсаар ирсэн. Харин Оросууд луйвар хийсэн” гэх зэрэг яриа гарч байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ