Эцэг эх ба насанд хүрсэн хүүхдүүд. Хэн нь хэнийгээ хүмүүжүүлэх вэ?

Бүх насаараа эцэг эхийнхээ эцэс төгсгөлгүй асуултанд хариулж тайлбар тавих, нэг үгээр хэлбэл “эрүүний шөлийг” нь өдөр бүр хүртэж байх хүсэлтэй хүн байдаггүй байх. Энэ байдлыг өөрчилж болох уу? Болно, хамтдаа өөрчилье!

Эцэг эхээ уучилъя. Бидний хүссэн төгс эцэг эх байгаагүйд нь уучилъя. Тэдний алдаа оноог шүүлгүйгээр, “эцэг эх минь төгс байж чадаагүй байж болно, гэхдээ л бидний сайн сайхныг л бодож, бидний төлөө хичнээн хичээж ирсэн билээ” гэдгийг санаад уучилъя.

Эцэг эх маань биднийг хүндлэхгүй байна уу? Бид өөрсдөө тэднийгээ хүндэлдэггүй юм биш биз? Тэгвэл өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье! Бид эцэг эхээ хүндэлдэг болчихвол тэд ч биднийг хүндлэх болно.

Аливаа сурган хүмүүжүүлэх асуудалд хориотой аргууд байдаг: загнах, доромжлох, хүчлэх, тушаах, шахах... Үүнийг хэзээ ч мартахгүй байя! Зөвхөн хүндлэл! Тэгэхээр эцэг эхийн маань бидэнтэй харьцах харьцаа таалагддаггүй байсан ч – байгаа юмыг байгаагаар нь л хүлээж авъя. Байдлыг өөрчилж чадахгүй бол – байдалд хандах хандлагаа өөрчилчихье. Эцэг эх маань ямар болсонд бидний буруу ч байгаа, бид ч бас тэднийг “хүмүүжүүлсэн” шүү дээ? Биднийг зүв зүгээр байсаар байтал үглээ, ууртай болчихоогүй байх, тийм үү? Одоо тэгэхээр, ээж ааваа сайхан зантай болгож хүмүүжүүлэхийн тулд юун түрүүнд өөрсдөө сайн хүүхэд болцгооё! Тэд маань хоцрогдсон сэтгэхүйтэй санагдаж байсан ч – сонсьё, ойлгохыг хичээе. Энэ хорвоо дээр бидний төлөө хамгийн их санаа тавьдаг, бидэнд сайн сайхныг хүсдэг хүмүүс бол – эцэг эх маань! Тэд биднийг өөртэйгээ адилхан, гэхдээ илүү аз жаргалтай, амжилттай байлгахыг үнэн сэтгэлээсээ хүсч байгаа.

Эрдэмтдийн тогтоосноор хүний ухаан, амьдралын туршлага 36-40 нас хүрч байж л хамгийн дээд цэгтээ хүрдэг гэнэм. Тэгэхээр, ядаж л 30 нас хүртлээ ахмад хүмүүсийн үгийг сонсож байхад гэмгүй болов уу? Ер нь амьдралын туршлагаа үр хүүхэддээ дамжуулах нь эцэг эхийн тэргүүн зэргийн зорилго байдаг гэдгийг мартахгүй байя. Тэгэхээр, “чихээ нээвэл” үнэлж баршгүй зүйл олж сонсоно гэдэгт эргэлзэхгүй байя.

Эцэг эхийнхээ тусламжийг бол авах дуртай гэдгээ хүлээн зөвшөөрье, ааваасаа мөнгө авах, ээжээрээ хувцас хунараа янзлуулах... Тэгвэл, өгч байгаа хүн шаардах эрхтэй байдаг бус уу? Хэрэв бид эрх дураараа байх хүсэлтэй байгаа бол – өөрийнхөө проблемуудыг ч өөр дээрээ авъя! Сонголтоо хийе: халамж тусламж уу, эсвэл эрх чөлөө юу?

Өөрөө өөрийгөө аваад явъя, гэхдээ эрх чөлөөтэй байна гэдэг нь гэр бүлээсээ чөлөөтэй байх гэсэн үг биш, хамгийн хайртай хүмүүс минь биз дээ? Халамжаас чөлөөлөгдөх тухай ярьж байна. Биднийг тойлдог, хянадаг, үргэлж зааж сургаж байдаг зэргийг нь таслан зогсоох цаг иржээ.

Эцэг эхтэйгээ чин сэтгэлээсээ нухацтай ярилцъя. Тэднийхээ ямар сайхан, тэдэндээ ямар хайртайгаа хэлье. Зааж сургасан бүрийнх нь төлөө талархая. Тэгээд, одоо хүүхэд чинь том хүн болчихоод байна гэдгийг тайлбарлая. Яг одоо, энэ мөчөөс эхлээд би өөрийн гэсэн насанд хүрсэн хүний амьдралаар амьдрах болно, тиймээс та нар минь битгий миний хэрэгт оролцож байгаарай, ойлгохгүй байсан ч гэсэн миний сонголтыг хүндэлж байгаарай. “Бид чиний төлөө л амьдарч ирсэн, хамаг байдгаа зориулсан...” тухай сэдвийг ингээд нэгмөсөн хаая, би та нарынхаа хичээл зүтгэлийг маш сайн мэддэг, маш их баярладаг, үргэлж та нартаа талархаж байх болно... гэдгээ хэлж ойлгуулъя.

Энэ өөрийн бодлоо хэлэхдээ буурьтай суурьтай, туйлбартай яръя, уурлаж хашгирч цухалдахгүй байя. Тэд биднийг үнэхээр том хүн болчихож гэдгийг мэдрэх ёстой шүү дээ?

Үе үе, бидэнд өөрийн гэсэн зорилго, мөрөөдөл, төлөвлөгөө, төсөл байгаа, гэхдээ одоохондоо хэлмээргүй байна, бид хаашаа явж байгаагаа мэдэж байна гэдгээ хэлж байя. Тэгвэл эцэг эх маань санаа нь зовох нь багасна.

Өөрийнхөө ухаанаар амьдрах явцдаа эцэг эхийнхээ санааг зовоохгүй байхыг хичээж, нэгэнт өөрөө л шийдэх учиртай проблемуудаа тэдэнд ярихгүй, харин тэдэнд хамаатай асуудлыг хамт хэлэлцэж байя.

Бидний эрүүл мэндэд хичнээн их санаа тавьдгийг нь мэдэх учраас нүдэн дээр нь элдэв хог идэж уухгүй байя, шөнөжин компьютерийн ард суухгүй байя, бид өөрсдийнхөө эрүүл мэндийг хорлож байгааг тэдэнд харах ямар хэцүү байх вэ гэдгийг ойлгоё.

Биднийг халамжлан тойлох ажлаас чөлөөлчихөөр эцэг эх маань “бид ингээд хэнд ч хэрэггүй боллоо” гэж боддог тал бий, тэгэхээр тэднийхээ цаг завыг өөр сонирхолтой зүйл рүү хандуулж өгье. Бидний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэх, юугаар ч дутаахгүй байх гэж гүйсээр тэд маань эргэн тойронд бий болсон өөрчлөлтүүдийг анзаарах ч сөхөөгүй байсан байх, тэгвэл одоо бидэнд ээж аавдаазаах сургах зүйл зөндөө болсон байна. Тэдэнтэйгээ өөрийнхөө сонирхол хоббиныхоо тухай ярилцаж байя, ажил амралтынхаа зургийг үзүүлж байя. Урьд нь бидний сурлага хүмүүжлийн байдлаас эцэг эхийг маань хүмүүс дүгнэдэг байсан бол одоо яг эсрэгээр болоод байна. Бидний эцэг эх хэр орчин үеийн байгаагаар хүмүүс биднийг дүгнэх цаг ирсэн байна.

Ээж аавдаа орчин үеийн технологийг танилцуулж сонирхлыг нь ийшээ хандуулъя. Ээжийгээ компьютер хэрэглүүлж сургая. Өөрийн ноутбуктэй болох сонирхлыг нь өдөөж өгье. YouTube – ээс үзсэн сонирхолтой зүйлээ ээж аав, эмээ өвөөдөө үзүүлье. Улиг болсон зурагт, гал тогооноос нь хүчээр салгаж дэргэдээ суулгаж байгаад интернетэд ямар их сонирхолтой зүйл байдгийг үзүүлье, өөрөө хүссэн зүйлээ олоод уншдаг үздэг болтол нь заая, сургая. Тэд маань “би чадахгүй” гэж зөндөө эсэргүүцнэ, гэхдээ бид “та чадна, маш амархан” гээд итгүүлье, тэвчээртэй байя. Тэд татагдаад ирнэ.

Наян настай эмээ ач гучтайгаа интернетээр харьцаж байгааг, эсвэл өвөө нь дэлхийн нөгөө бөөрөн дээр байгаа ач хүүтэйгээ “контрдон” байлдаж суугааг харахад ер бусын содон харагддаг даа? Хэрэв бид хөгшчүүлийнхээ хүмүүжлийг гартаа авбал тэд маань ч ийм ер бусын содон бөгөөд уйдах үглэх завгүй, өөдрөг хүмүүс болно!

Хажууд үглээ яншаа, хэн бүхнийг шүүмжилсэн, хийх юмаа олж ядсан хөгшин байх - ямар хэцүү вэ?Харин элдвийг сонирхдог, эрч хүчтэй, эерэг сэтгэлтэй, хэзээ ч бидэнд туслахад бэлэн хөгшчүүдтэй байх – ямар сайхан бэ? Ямар хөгшчүүлтэй байх нь – таны сонголт, бүх зүйл – таны гарт!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ