Э.Эрдэнэжамъян: Тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын цалинг бууруулахгүй

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дотоодын цэргийг татан буулгах гэж байна. ЦЕГ-тай нэгтгэхээр Дотоодын цэргийн чиг үүрэг?
-Дотоодын цэрэг, ЦЕГ газар нь тусдаа дарга томилогддог, тусдаа байдаг газар. Гэтэл гаднаас нь харахад хоёулаа цагдаа, мөн адилхан нийгмийн хэв журмыг хангадаг. Тэгэхээр энэ хоёр газрыг нийлүүлээд цагдаагийн байгууллагын дотор байрлахыг үүрэгдсэн. Замын цагдаа, Дотоодын цэрэг бүгд л цагдаа. Харин дотроо хэлтэст хуваагддаг. Түүнээс Дотоодын цэрэг татан буугдсанаар чиг үүрэг нь байхгүй болсон, нийгэм хамгаалалтгүй болоод байгаа зүйл байхгүй.
-Орон тооны хувьд өөрчлөлт гарах уу?
-Орон тооны хувьд ч өөрчлөлт гарахгүй. Цагдааг хоёр талд салгасан байсныг нь л нийлүүлж байгаа хэрэг.
-Цалинг нь хэрхэн зохицуулж өгч байгаа юм. Цалингийн систем өөр байсан байх?
-Өөр байсан. Одоо ижилхэн болно.
-Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсан нь иргэдэд хэр хүрч байх шиг байна?
-Орон нутгаар явахдаа олзтой явлаа. Надад их олон захидал ирсэн. Захидлын дийлэнх нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа сайжирсан тухай, тэр цагдааг урамшуулж өгөөч гэсэн утгатай байсан. Мөн шүүхийн үйлчилгээ сайн болсон тухай магтаал сонслоо. Хуулийн хэрэгжилтийг ард түмэн аятайхан хүлээн авч байна. Гэтэл энэ хуулийг ард түмэн сайн хүлээж авч байхад хуулийн байгууллагынхан өөрсдөө айдастай, болгоомжилсон байдалтайгаар хүлээж авах тохиолдлууд гарч байна. Манай хууль сахиулах их сургуульд ажиллаж байгаа хүмүүс хуулиа зөв хэрэгжүүлж байгаагийн илрэл юм болов уу хэмээн харж байна. Хуулиудын өөрчлөлт бол эхлэлийн хэмжээнд л байгаа.Цаашид процессын өөрчлөлтүүдийг бүхэлд нь хийсний дараа бүр ч сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
-Тэтгэвэрт гарахад өгдөг 36 сарын цалин нь байхгүй болно гэсэн яриа байна?
-Тийм зүйл огт байхгүй. Тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын цалин нь байхгүй болж 18 сар болох гэж байгаа гэж цагдаагийн ахмад ажилтнууд ярьж байгааг би ч сонссон. Тэгвэл тэдгээр хүмүүст хандаж тийм асуудал огт байхгүй, урьдынхаараа олгогдоно гэж хэлмээр байна. Мөн таван жил хөдөө орон нутагт ажилласан цагдаад олгодог урамшууллыг больсон юм уу гэх зүйл яригдсан. Тэгвэл энэ нь болиогүй. Юутай ч хэн хэнээ гомдоохгүй байхыг бодно. Хууль нь батлагдчихсан, одоо засгийн газраас яаж олгох вэ гэсэн журам нь гарна.
-Цол тушаалаасаа эхлээд ойлгомжгүй зүйлс гарч байна л даа?
-Албан тушаалын цолны тухай ойлголт нь шинэ зүйл биш. Тав зургаан жилийн өмнө хэрэглэж байсан армийн нэг хэрэглээ. Ямар албан тушаал дээр байгаагаас хамаараад ямар цолтой байх нь шийдэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, удаан жил ажилласан гэж цол нэмэгдэнэ гэсэн үг биш. Өмнө нь тушаал өгч байгаа дарга нь хошууч цолтой байхад доод албан тушаалтан нь хурандаа цолтой байх жишээний байсан. Үүнээс болж хэн нь хэндээ ёслох вэ гэдгээс эхлээд зөрчил их үүсч байсан юм. Ер нь манайх шиг ийм тайван амгалан иргэний улсад дандаа л албан тушаалын цол хэрэглэдэг юм билээ. Гэхдээ үүнийг шийдэхдээ шилжилтийн зохицуулалтыг хэрэглэх юм. Урьд нь армид цолыг нь хэвээр үлдээж байсан. Тухайн хүн дөрөв таван жил ажилласны дараа уг асуудал нь дөрөв таван жилийн дараа л аяндаа шийдэгдчихдэг юм билээ. Яг үүнтэй адил шилжилтийн зохицуулалт хийнэ. Тэгэхээр хүмүүсийн цолыг хураана гэсэн ойлголт байхгүй. Ямартай ч дөрөв, таван жилийн дараа энэ асуудлыг хүмүүс аяндаа ойлгох байх.
-Тэгэхээр хууль хэрэгжиж байгаатай холбоотой цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлж, дадлагажуулах ажил хийх хэрэгтэй байх?
Тийм. Ер нь байнга л сургаж, чадваржуулах хэрэгтэй.
-Цалин мөнгөний хувьд өөрчлөгдөж байгаа зүйл байгаа юу?
-Сая нэгдүгээр сард баталсан тогтоол байгаа. Үүнд цол авч байгаа эсвэл цэргийн цолтой байж байгаад энгийн болж байгаа алба хаагчдын эрхзүйн байдлыг алдагдуулж болохгүй гэсэн үүрэг өгсөн. Тэгэхээр зарим хүний цол нь буурсан ч цалин багасна гэсэн зүйл байхгүй. Үүнд засгийн газар зохицуулалт хийнэ.
-Эрүүлжүүлэх байрны асуудал юу болж байна вэ?
-Эрүүлжүүлэх байрны асуудал өөрөө их нарийн. Манай цагдаа дэндүү олон үүрэгтэй байсан. Адаглаад баар, цэнгээний газруудыг хаалгахаас эхлээд хүнийг эмчилдэг гэх мэт бүх үүргийг хэрэгжүүлдэг байсан. Тиймээс үүнийг нэг тийш болгож цагдаа нарыг яг өөрсдийнх нь үндсэн ажлыг хийлгэх нь чухал юм гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, цагдаа нар гэмт хэрэгтэй тэмцэж, нийгмийн хэв журмыг хангах чиглэлээр илүү анхаарлаа хандуулах нь чухал. Ер нь эрүүлжүүлэх гэдэг эрүүл болгоно гэсэн үг. Үүнийг эмч хийх л ёстой. Цагдаа бол гудамжинд ухаан мэдрэлээ алдсан, гэр орондоо агсам согтуу тавиад бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хүмүүсийг албадан саатуулж, арга хэмжээ авна. Харин бусдад гэм хор учруулахгүйгээр архидан согтуурсан, ухаан мэдрэлээ алдсан хүмүүсийг Эрүүл мэндийн яам хариуцах ёстой.
Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд байр, ажиллах баг, үйлчилгээний зардал гэх мэт олон асуудал бий. Энэ асуудлыг хангахын тулд бэлтгэлээ хийгээд л явж байгаа.
-Тэгэхээр яг хэзээнээс хэрэгжих юм бэ?
-Энэ оноос эхлээд хэрэгжиж эхлэх ёстой. Гэхдээ хэрэгжиж эхлэнэ гэдэг ЭМЯ хэр хурдтай асуудлыг шийдэх вэ гэдгээс л шалтгаална. Хуулийн хэрэгжилтийг биелүүлэх төсөл мөнгө нь бүрдсэн үү гээд асуудал их л байгаа байх.
-Энэ шийдвэрийг ЭМЯ-ынхан анхнаасаа дэмжихгүй байсан. Одоо юу болж байна вэ?
-Ер нь эрүүлжүүлэх байранд ажиллах нөхцөл үнэхээр хүнд. Жишээлбэл, эрүүлжүүлэх байранд олон жил болсон манай цагдаагийн ажилчид бүгд элэгний, уушигны өвчтэй болчихсон. Тэнд ажиллах маш хүнд. Үнэр танар, нөхцөл байдал хэцүү. Тиймээс үүнийг мэдэж байгаа эмч нар дуртай байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр эмч нарыг ээлж, ээлжээр байршуулах уу мэргэшүүлэх үү гэх мэт янз бүрийн гаргалгаа байж болох юм. Мөн хувийн байгууллагад үйлчилгээний хөлсийг нь өгөөд хийлгэвэл ямар бэ гэх санаа ч гарч байгаа. Хувийн байгууллага төлбөрийг өндөр аваад гадны орон шиг явья гэхээр эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүс төлбөрийн чадвартай байх уу гэдэг сонин.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ