Хойд Солонгосчууд зүүн тэнгис рүү пуужин харважээ

Хойд Солонгосын талаас зүүн тэнгис буюу Японы тэнгис рүү дундын зайн пуужин харважээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Харин Пентагоны мэдээлж буйгаар Умардынхан Өмнөд Солонгос руу пуужин харваагүй. Харин Орос руу чиглэж байсан пуужин зүүн тэнгист унасан хэмээн хэлсэн юм.

Гэхдээ Умардынхан Өмнөд Солонгос, АНУ хоёрын хамтарсан цэргийн сургуулилт эхэлснийг эсэргүүцэн ийнхүү пуужин харвасан байх магадлал өндөр. Жил бүр зохиогддог энэхүү цэргийн хамтарсан сургуулилтыг Хойд Солонгосын зүгээс эсэргүүцсээр ирсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жил хоёр Солонгосын харилцаа тун муудаж дайны бэлэн байдал хүртэл зарлаж байсан.

Хойд Солонгосын зүгээс Өмнөдийнхөн болон АНУ-ын цэргийн сургуулилт эхлэх юм бол удаан хугацаанд уулзаагүй гэр бүлийнхний уулзалтыг ч дундаас нь болиулна хэмээн сүрдүүлж байсан ч уулзалт амжилттай болж дууссан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ