Реалити шоуны оролцогч бүсгүй амиа хорложээ

Өмнөд Солонгосын SBS телевизийн "Jjak" хэмээх нэгэн реалити шоуны оролцогч амиа хорлосон тухай тус улсын хэвлэлүүдэд мэдээлж байна.
Шоуны эцэст хамгийн шилдэг оролцогчдыг тодруулан хосоор зарладаг энэ реалитид долоон залуу, таван бүсгүй үлдээд байсан бөгөөд ердөө маргааш нь болох хасагдах шатны өмнөхөн нэг бүсгүй нь ийнхүү амиа хорложээ.
"Ааваа, ээжээ намайг уучлаарай, надад амьдрах ямар ч хүсэл байхгүй боллоо" хэмээн бичээд угаалгын өрөөнд үсний сэнсний утсаар өөрийгөө дүүжилж амиа егүүтгэсэн байна.
Бүсгүйн цогцсыг олмогц реалити шоуны зураг авалтыг зогсоож хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. SBS телевиз ч уг реалити шоугаа эфирээсээ бүрмөсөн татсан байна.
"Lovetown" хэмээн нэрлэгдсэн залуусыг нэг дор амьдруулж байсан реалити шоуны орон сууц нь Чежү аралд байсан бөгөөд угаалгын болон ариун цэврийн өрөөнөөс бусад тасалгаануудад тал бүртээ камер зоосон аж.
Улмаар эцсийн шат руугаа дөхөж байсан реалити шоунаас энэ удаагийн хасагдагчдыг тодруулмагцаа эфиртээ ээлжит анги болгон цацах байсан гэнэ.
Амиа хорлосон бүсгүй өөрийгөө хасагдана хэмээн тооцож байсан бөгөөд шоундаа хэт гүнзгий нэвтэрч сэтгэлзүй нь цочирдсон байсан хэмээн найруулагч, телевизийн ажилтнууд болон нэвтрүүлгийн оролцогчид мэдүүлсэн байна.
Өмнөд Солонгос нь амиа хорлолтын үзүүлэлтээр дэлхийд Япон улсын өмнө нэгдүгээрт бичигддэг орон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ