Оскар Писториус шүүх хурлын үеэр бөөлжжээ

Илдэн дээр гүйгч хэмээх Оскар Писториус өчигдөр шүүх хурлын үеэр найз бүсгүй Реева Стенкемпийн задлан шинжилгээний зургийг үзээд толгой нь эргэж бөөлжжээ.

Задлан шинжээч эмч түүний найз бүсгүйн үхлийн шалтгааныг эхлээд буудуулж шархадсан, дараа нь дахин буудуулахдаа үхлийн шарх авч нас барсан хэмээн оношлосон юм. Реева Стенкемп нийт гурван удаа буудуулсан бөгөөд гар, өгзгөг, толгойдоо буудуулж амиа алдсан.

Задлангийн эмч Герт Сайман шүүх бүрэлдэхүүнд цогцсын талаар нарийн мэдээлэл өгөх үеэр Оскар Писториуст задлан хийсэн гэрэл зургуудыг баримт болгон үзүүлсэн бөгөөд энэ үеэр тэрээр газар унаж бие нь тавгүйрхэж эхэлжээ. Түүнчлэн мэгшин уйлж, бөөлжиж байсан тул шүүх хурлыг завсарлуулахаас өөр арагүйд хүрсэн байна.

Түүний шүүх хурал бараг долоо хоног үргэлжилж байна. Гэсэн ч шүүх хурлын эцсийн дүн гараагүй, үргэлжилсэн хэвээр байгаа билээ. Оскар Писториус найз бүсгүйгээ буудсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч энэ бол алдаа байсан, би түүнийгээ санаатай хөнөөгөөгүй хэмээн мэдүүлж байгаа.

Загвар өмсөгч найз бүсгүйгээ тэрээр өнгөрсөн жилийн валентины баяраар буудаж хөнөөсөн юм. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч түүнийг санаатайгаар энэ хэргийг үйлдсэн эсэхийг тогтоож хараахан чадаагүй л байна.

Хэрэв шүүхээс түүнийг санаатайгаар хүний аминд хүрсэн гэж үзвэл ӨАБНУ-ын хууль ёсоор 25 орчим жилийн ял авах аж

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин