Их барилгын ажил эхэллээ

Улаанбаатарын утаатай тэмцсэн эрх баригчдын 105 тэрбумын зургаан жилийн тэмцэл төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Энэ нь салхин тээрэмтэй тулалддаг Дон Кихотын адал явдлыг санагдуулдаг. Уг нь их хотын талаас илүү хувийг эзэлдэг гэр хорооллыг орон сууцжуулах нь утаатай хийх тэмцлийн жинхэнэ мөн чанар юм. Эл тэмцэлд их барилгын салбарынхан л бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн. Монгол Улсын 700 мянга гаруй өрхийн 153 мянга нь цэвэр, бохир устай, нэгдсэн халаалттай орон сууцанд амьдардаг. Гэсэн ч байртай болохыг хүссэн 850 мянган иргэн байхад жилд дөнгөж 15 мянган айлын сууц ашиглалтад орж байлаа. Одоо нийслэлийн иргэдийн 63 хувь нь гэр хороололд амьдарч байна. Улаанбаатарын агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болсон хагас сая шахам яндангийн утаа, 160 мянган жорлонгийн нүх эндээс эхтэй. Хэдийгээр бид хамгийн сүүлийн үеийн интернэтэд нэвтэрч, гар утас барьж, автомашин унаж, хотын төвийн өндөр шилэн байшингуудад дэлхийд нэртэй дэлгүүр, зочид буудлын сүлжээ нээгдэж байгаа ч хот, хөдөөгөөрөө талцаж, гэр хороолол, орон сууцанд амьдардгаараа эрс ялгардаг.
Иймээс сонгууль болгоноор хонжворт сугалаа шиг амлалт өгдөг Засгийн газарт иргэд итгэл алдарсаар байна. Эхлээд төрийн албан хаагчдын 40 мянган айлын орон сууц, дараа нь “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн 100 мянган айлын байр, зургаан хувийн хүүтэй зээл, одоо шинэчлэлийн Засгийн газрын найман хувийн хүүтэй моргейжийн зээл гээд л.
Эргэн санахад туулай жилд хувь хишгийнхээ 21 мянгын оочерт зогсож байсан монголчууд луу жилдээ ганц өрөө байрны түлхүүр атгачих санаатай зургаан хувийн хүүтэй зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн. Яг л Солонгост очиж ажиллахаар бүртгүүлж байгаа юм шиг. Эцийн зорилго нь ялгаагүй тохилог орон сууцтай болох. Уг нь 2010 онд УИХ-аас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталж, дараа нь С.Батболдын танхим уг ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо хүртэл байгуулсан. 100 мянган айлын орон байртай болох мөрөөдөлд мөнгөгүйн гачлан том саад болж байсан юм.
Төр, засаг анх удаа байртай болох гэсэн өрхийн сарын орлого нь 800 мянган төгрөгт хүрч байвал 55 ам. метр хүртэл талбайтай байр худалдан авах 50 сая төгрөгийн зээл авах боломж олгов. Гэхдээ 10 хувийн урьдчилгааг бор зүрхээрээ төлөх, 20 жилийн турш сар бүр 360 мянган төгрөг тушаах болзолтой. Дээр нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх захиргааны байгууллагынхан хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, хэрэг төвөгт орооцолдоогүй, хэн нэгний орон сууцны ордер дээр хэзээ ч нэрээ хавчуулаагүй гэх мэт шалгуур тавьсан. Харин 50 саяын давааг давсан хүн маш цөөхөн. Тавантолгойн хувьцаа шиг шилний цаанаас чихэр долоогоод л өнгөрсөн дөө.
Авах байтугай ашиглалтад ороогүй орон сууцаар барьцаалж олгодог зээлийг моргейж гэдэг. Харин Европт ипотек гэж нэрлэдэг байна. Шинэчлэлийн Засгийн газар Америкийн санхүүгийн энэ аргыг одоо зарим банкаар дамжуулан найман хувийн хүүтэй олгохоор хэрэгжүүлж эхэлсэн л дээ. Эрх зүйн үндэс нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль. Моргейжийн зээлтэй хүн манайханд насаараа өртэй явах юм шиг санагдаж магадгүй. Тэгвэл арилжааны банкуудын олгож байсан 12 хувийн хүүтэй зээлийн дэргэд ихээхэн хөнгөлөлттэй олдож байгаа. Цагтаа Америкт энэ нь мөрөөдөл байсан ч биелсэн билээ Зүүн Европын пост коммунист Унгар, Польш, Герман улс ерээд оноос “дөрвөн дугуйт, гурван өрөө, гурван хүүхэд” зорилт тавиад иргэдээ орон сууцаар бүрэн хангаж чаджээ. Ямар ч байсан таван ам бүлтэй айл гурван өрөө байр, амины унаатай болов. Цаг агаар нь манайхтай адил Канадын Засгийн газар айл өрхүүдээ 40 мянган ам.доллараар дулаахан хаустай болгосон. Хэдэн жилийн өмнө Энэтхэгт нэг айлыг 400 ам. долларын өртгөөр орон сууцжуулах төсөл шалгарч, улс орныг хамарч эхлээд байна. Харин Сингапурын туршлага хамгийн олзуурхууштай. Анхны ерөнхий сайд Ли Куан Ю зуу гаруй жил Английн колони байсан, газрын баялаггүй, даавуун оромжтой загасчны тосгон бүхий жар далаад оны Сингапурыг 50 шахам жил удирдахдаа орчин үеийн орон сууцтай, зам тээвэр, дэд бүтэц дээд зэргээр хөгжсөн, ард иргэд нь ажилтай Азийн бар улс болгож чадсан юм.
Нийслэлд барилгын компаниудын “Шинэ бүтээн байгуулалт”-ын хөтөлбөрт багтсан орон сууцны хороолол, хотхон барих газрыг дэд бүтцийн шугам сүлжээнд холбох ажлыг улсаас хийж, бэлэн болгох ёстой. Гэсэн ч Сонгинохайрхан дүүргийн Баянголын ам, Баянзүрхийн “Ургах наран” хороолол, Яармагийн дэнжийн хойд талыг эс тооцвол дулаан, цахилгаан, бохир, цэвэр усны системд холбогдсон нь ховор байна. Тиймээс шаварт унасан шарын эзэн гэгчээр мөнөөх хэдхэн барилгын компаниуд л газар чөлөөлөх ажилтай улаан гараараа зууралдаж байгаа нь нууц биш.
Гэтэл төрийн захиргааны албан хаагчдын авлига царайлсан хүнд суртал нийгэмд бухамдал үүсгэсээр байна. Төрийн бодлого зөв хэдий ч түүнийг гуйвуулдаг бичигдээгүй хууль Монголд үйлчилсээр байгаа. “Шинэ бүтээн байгуулалт” орон сууцжуулах зорилтот хөтөлбөр XXI зууны Монголын нийгмийн эгэл бор иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, байгаль орчны бохирдлыг багасгах, ажлын байр бий болгох, хөдөө орон нутгийг хөгжүүлж, хот руу чиглэсэн нүүдлийг багасгах үр дүнтэй алхам боловч хүнд суртлын золиос, ашиг хайгчдын олз, сонгуулийн шоу болсоор байх уу.
Улсын баатар Э.Бат-Үүлийн баг сонгуулийн үр дүнд нийслэлийг эзлэхдээ амласан “5А” төлөвлөгөөний гол цөм нь гэр хороололд инженерийн шугам сүлжээ байгуулж, газрыг иргэдэд өмчлүүлэн хувийн тохилог орон сууц барихад оршино. Гэр хорооллын газрын үнэлэмж, орчныг сайжруулах, хотын иргэдийн соёл, хүмүүжил, ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор “Экологийн татвар”, “Газрыг дахин зохион байгуулах хууль”, “Хот төлөвлөлтийн татварын тухай”, “Хотын татварын тухай”, “Цэвэр усны нөөц газруудыг улсын тусгай хамгаалалтад авах тухай” хуультай болох учиртай.
Гэсэн ч өнөөдөр орон сууцны ашигтай талбайн ам.метрийг тооцох аль социализмын үеийн норм стандартыг удтал мөрдөж, 2010 онд шинэчилсэн гэх боловч амьдралд төдийлөн нийцэхгүй байна. Тэгсэн мөртлөө зарим даварсан иргэдийн амаар барилгын компаниудын зөвшөөрлийг цуцлах тухай яриа гаргаж эхэлсэн нь харамсалтай. Гэхдээ энэ нь өөрсдөө барилгачидгүй, дандаа гадны туслан гүйцэтгэгчид хөлсөлдөг, цаанаа эрх мэдэл бүхий нууц ноёнтонтой компаниудыг тойрч, улаан гараараа орон сууцны хотхон босгож буй дээрээ хамгаалалтгүй цөөхөн үндэсний компани руугаа чиглэсэн нь шударга өрсөлдөөнийг нухчин дарах бохир лобби явагдаж байна гэлтэй. Орон сууцны ашигтай талбайн талаарх эрх зүйн орчин өнөөдөр үнэхээр учир дутагдалтай байгаа нь үнэн. Иймээс эхлээд зах зээлд тохирсон стандартаа баталсны дараа эл асуудлыг сөхөх нь зүйд нийцнэ.
Тэгж байж л их хотын 35 байршилд эхлээд 80 мянгаас доошгүй орон сууц барьж ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа хүрнэ шүү дээ. Хөдөлмөр эрхэлж буй залуучуудын “Орон сууцны баталгаа”-ны сан байгуулах санал санаачлага ч хэрэгжинэ. Улмаар улсын баатар Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөрийн гэр хороололд 8-15 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай орон нутгийн үйлчилгээний бичил төвүүдийг хөгжүүлнэ. Цаашилбал ЕБ-ын сургуулийг хүрэлцээтэй болгож, 2-3 ээлжээр хичээллэх явдлыг бүрэн зогсоож, сургалтын чанарыг сайжруулна. Ер нь Улаанбаатар хот бүс нутгийн хэмжээний олон улсын бизнесийн төв болох ирээдүй бий.
Хоёр жилийн дараа сонгууль болно. Улаанбаатарыг утаагүй, замын түгжрэлгүй, гэр хороололгүй, хүн амын хэт нягтралгүй болгох эл төлөвлөгөө дор хаяж зургаан жилийн хугацаанд бодитой хэрэгжих боломжтой учраас эрх баригчид утаатай хийх тэмцлээ гэр хорооллыг орон сууцжуулах барилгын компаниудад тулгуурлахаас өөр аргагүй. Харин их бүтээн байгуулалтад ашиг сонирхлын үүднээс том саад хийхгүй юмсан. Их барилгын ажил эхэллээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ