Артын мэргэн бандид

Миний хуучин танил угаасаа Хардэл жанжин бэйсийн нутгийн хүн эдүгээ Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Л.Лувсанданзантай хуучилж суух зуур үгийн хур дотроос нэгэн сонин зүс шаагисныг эвлүүлж дэлгэн өгүүлье.
19 дүгээр зуун сүүлч руугаа дөхөж явсан цаг байжээ. Сувдан сам гэлтэй сарайсан намрын нэгэн үдэш Сэцэн хан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошуу одоогийн Галшар сумын Хөвийн ширээ гэдэг газар нутаглаж байсан Балбарын гэрийн гадаа гэнэт их гэрэл цацарчээ. Энэядуу айлын эхнэр хөл хүнд байсан юмсанж. Түүнийг тэднийхтэй саахалт нутагладаг тэр орой гүүгээ тавиад өдөржин найрласан Жүрмэд хүлэгч гэдэг баян айлын найраас гадаалж явсан нэгэн хараад адуу манаж хоносон хөөрхий муу Балбарынх шатчихлаа гэсэн гэдэг. Гэтэл маргааш өглөө нь Балбар Жүрмэд баяныд ирж, урьд шөнө авгай төрчихлөө гээд шөлний хонь гуйж авчээ.
Энэ бол хожим Артын мэргэн Бандид гэж алдаршсан лам эхээс мэндэлсэн нь тэр ажгуу. Балбарын хүүг таван настай байхад Ламын хийдэд хувилгаан хэмээн өргөмжлөн залжээ. Сэнтийд нь суулгаад өмнө нь мандал өргөхдөө “Ламтан багш минь олбогоо цоортол нь морилоорой” гэж хэлэхэд хариуд нь “оломцгоо цоортол” хэмээнайлджээ.
Тэгж хувилгаанд өргөмжилсөн өдрөөс эхлэн ламд хонины махаар шүүс барьдагбайжээ. Ламын хийдийн нярав Намжилтунсаг гэгч эр шүүсийг ламын урд тавихдаа ууцыг нь идэхээр санаархаж, ламтан та миний хоёр чихийг атгаад алдахгүй бариад байвал би танд юм өгнө. Хэрэв алдвал би хонины ууцыг чинь иднэхэмээн мөрийцжээ. Тэгээд Намжилтунсаг тарган хониныууцыг базалж базалж тосолсон гараараа чихээ гилийтэл тослоод бариулсан нь ганц сэгсчихэд ламын гар гулсаадчихийг нь алдаж, ууц Намжилынх болдог байжээ. Ингэж хүүхэд ахуйн нэгэн хууртамтгай инээдэм хэнийг ч гэсэн тойрч гардаггүй байж.
Ламтныг ном тавьж байхад нь очиж суухад гэзгээ эдүгээ цагийн хүүхнүүд шиг толгой дээрээ овоолчихсон харагддагсан гэж Лувсанданзан өгүүлж билээ. Ламтан том болох тусмаа зан араншин нь улам энгийн болж, хааяа хааяа ан гөрөө хийдэг, мөрийтэй тоглодог, архи балгадаг болжээ. Ан гөрөө хийхдээ хүнээр буудуулдаг, харин ямар ан агнахыг өөрөө хэлж өгдөг байжээ. Нэг удаа Бүлийн Жанжаа гэгчтэй анд явж, шаргачин буудуулаад хорхог хийж идээд мордох үед тал үстэй эхнэр харагдсан гэж тэр анчин ярьсан гэнэ. Ер нь ламтныг ан хийх нэрийдлээр чөтгөр шулам зэрэг муу юмсыг дарж явдаг байсан гэж нутгийнх нь ойр тойрны хүмүүс ярьдаг юмсанж.
Артын мэргэн Бандидын хүмүүст итгэгдэн бишрэгдэх болсон нэг чадал нь мэргэлдэггүй, санаанаасаа хэлсэн үг нь хожмын хойно ёсоор болж байдагт оршино. Хувилгаан ламын сэнтийд залрахдаа хэлсэн оломцгоо цоортол явна гэсэн үг нь хожим хилийн дээс хүртэл алхаж, Өвөрмонголд өөрийн зоргоор яваагүйгээс үзэхэд хэн бүхэнд илэрхий. Мөн Ламын хийдийн сахиул лам нас барж, түүний эхнэр Өнөрөө гэгч ламтан минь намайг мэдэж яваарай гэж гуйхад хоёулаа хэн ядарсныгаа мэдэж явах болно гэжээ. Дараа нь Өнөр хөгшин хотод хүний эхнэр болсон охиноо дагаж очиход мэргэн Бандид шоронд байхдаа тэднийд очижасруулж тэтгүүлж байсан ажгуу.
Артын мэргэн Бандид Дамбийням шоронгоос гарч ирээд нэг хавар малын хашаан дээр ажиллаж байхад хэсэгхэн зуур усархаг бороо орж, хүмүүсийн хувцас норж нойтон болчихоод байхад түүний дээл хув хуурай байсан гэж хамт хашаа барьж байсан нутгийн хүн Ц.Хүрэлтогоо ярьж байсан. Тэрчлэн хүнтэй мөрийтэй даалуу тоглоод хоёрхон байдаг сарлаг долоогоор цохдож байсан гэдэг. Хоёрт модыг яагаад гурав болгочихдог билээ. Эсвэл гурав харагдуулчихдаг байсан юм болов уу хэмээн хүмүүс ихэд гайхдаг байсан гэнэ. Дамбийням гуайн бусдыг гайхшруулж явсан зүйл ийнхүү цөөнгүй ээ.
Гучаад оны их баривчилгааны жил баригдаад явахдаа замаасаа оргон зайлсан мөр нь буй хэрнээ бараа нь сураггүй алга болсон гэдэг. Намрын сэрүү орж байсан цаг. Дамбийнямыг барьж аваад нэг хүн хөтөлж, нэг хүн буруу талд нь харгалзажявсан аж. Өндөрхааны урд Хэрлэнгийн гүүрний урд хаялгад ирээд “шээе” гэж хэлээд буун тусангуут хөтөлж явсан хүний гараас цулбуураа суга татаж аваад зугтжээ. Сүүл Ухаа хүрэв үү үгүй юу цасан шуурга харанхуйлж, дагаж явсан хоёряажч чадалгүй алдчихжээ. Маргааш өглөө тэнгэр арилсан даруй эрлийнхэн хойноос нь мордсон байж. Тэгэхэд Дамбийням нутгийнхаа Алтангэрэл мээрэн гэгчтэй цугтаа оргохоор болзсон учир Артын уулын зүүн хойно байдаг Арц бүдүүн гэдэг газар ирж уулзаад зангийн Чүлтэм хэдэн морь шавхраагаад байгаа. Тэр руу очоод ирье. Чи эндээ байж байгаарай гээд явжээ. Гэтэл мэргэн Бандидыг явсан хойгуур нөгөө мээрэн Алтангэрэл үгэнд нь оролгүй үлдсэн газрынхаа баруун дор нь очиж байгаад баригджээ. Ингээд мэргэн Бандид цааш гав ганцаар оргосон бөгөөд эрж явсан хүмүүст гурван морины мөр цасан дээр товтодхон, мориных нь баасан дээр цан бууж уур савсана. Дамбийням буусан газар болгондоо цасан дээр дугуйлж зураад дунд нь 9-ийн тоо тавьж явсаар хил давчихжээ.
Дамбийнямыг барьсан хүний нэг нь Донойн Цэгмид байсан ба Хэрлэнгийн урд хаялгад ирж яваад тавихдаа, та намайг буруу талын дөрөөн дээрээс миньөргөөд унагачихсан болог. Би явгараад таныг алдчихсан болъё гэсэн юм гэнэлээ гэсэн зарим хүний яриа байдаг. Юманд нэг л үнэн байдаг болохоор түүний оргосон тухай хоёр таамаглалын аль нь үнэнийг уншигчид маань шүүн тунгааж зөвөөр ойлгоорой.
Артын мэргэн Бандидыг хил давуут л лам нар шавж, тусгай хийд хүртэл барьж өгчээ. Жилийн дараа Ламын хийдэд байсан эхнэрээ ч аваачсан гэдэг. Ингээд 1945 онд Өвөрлөгч хошуунаас баригдаж ирээд төв засанд хоригдож байхдаа хадаас тавладаг ажилтай байсан боловч хоригдлууд гар хүргэдэггүй, нормыг нь хийгээд өгчихдөг байж. Дамбийнямыг шоронд байх жилүүдэд манай сумаас жил бүр арваад тэрэг тэмээн хөсгөөр мах сүү, цагаан идээ явуулж, Өнөр хөгшний хашаанд буулгадаг байж. Тэнд Дамбийням ирж хэрэглэж байсны дээр илүүг нь худалдан борлуулж байсан гэдэг.
Дамбийнямыг шоронгоос тавигдаад ирэнгүүт л нутгийнхан халуун дотно угтаж, Донойн Цэгмид тэргүүтэй хүмүүс хурдан адуунаасаа аль шилдгийг нь өгч, сайн малчин Дэндэвийн Лувсан цоохор хонгорын удмын хүрэн гүү өгсөн нь олон сайн үр төлөө өгсөнд ламтан машид баярлаж байжээ. Дамбийням хурдтай ч болж, наадам болгонд морь уяж, Донойн Цэгмидийн өгсөн улаан азарга улсад гуравт, Аниагийн өгсөн хээр морь аймагт түрүүлж байсан удаатай.
Дамбийням 1968 оны намар Дэнсмаа Зундуйгийнд ирж, манайхныг аймаг дээр байхаар хүмүүс мөргөх гэж ирээд зүгээр байлгахгүй юм хэмээн нэг ёсны оргож ирээд тэднийд бүгж байсан гэдэг. Лувсанданзан хуучлах зуур, ламтан надад варианы хоёр шил дүүрэн үзэм өгөхөд хадгалж, хүртэхийг санахгүй хүүхэд багачуулд өгөөд дуусгаж билээ. Хойно нь бодоход тэр ламын надад өгсөн хамгийн сүүлчийн адис рашаан байж дээ. Тэгж уулзахдаа би, та манайд орох уу гэж асуухад одоо ч амжихгүй, ер ньч танайхаар орж чадахгүй байх гэсэн. Тэгээд л тэр намар таалал төгссөн дөө гэж Лувсанданзан ярилаа.
Артын мэргэн Бандидыг таалал төгсөхөд шавь нар, нутгийн олон суваргалж оршуулсныг аймгийн Намын хорооноос жирийн байдлаар хөдөөлүүлэхээр болгосон билээ. Энэ бол нэг ёсондоо өвгөдийнхөө шарилаар тоглож, өөрсдийгөө золиосолж байсан хэрэг. Дамбийнямыг шүтэн бишрэгч олны хажуугаар атаа жөтөөгөөр муу санаа агуулж явсан хүн ч ганцаар тогтохгүй байсан гэлцдэг.
Ламыг нутгийнхаа нэгэн айлд айраг ууж суухад Ламын хийдийн лам Сэдгомбо гэгч орж ирэхэд тэр айлынхан дээшээ морил гэж гараар дохиход тэрээр ламтны урдуур гарахгүй гэж ёсорхжээ. Тэгэхэд нь Дамбийням, та дээшээ дээшээ гээд урдуураа гаргаж хоймор суулгасан гэдэг. Сүүлд нь ламтан, би Сэдгомбо гуайг араараа гарахаас зэвүүцдэг юм гэж хэлж байжээ. Гэтэл Сэдгомбо дараа нь Дамбийнямд хараал хийснээр Ламын хийдийн бүрээс шатан дээр өлөгчин шар үнэг явж байсан гэж хэлцдэг.
Артын мэргэн Бандидыг таалал болсны намар хоёр гурав хоног тэнгэр улайж, битүү манан тоос харанхуйлаад тэнгэр бурхан хүртэл эмгэнэн гашуудаж байх шиг санагдаж билээ хэмээн Лувсанданзан өвгөний өгүүлснээр ийн дуусгая.
Ирээдүйг харж, өнгөрснөө зөв шүүгч утгын их далайгаас түүсэн сувдэрдэнэ гэлтэй хөдөлшгүй үнэн ертөнцийн нууцыг хэлж өгнө. Зүүд, зөн совин, ид шид гэдэг бол далд ухамсар юм. Далд ухамсрыг хүн сэрээн өдөөх тухайд бол бүр нялх хүүхэд байхаас нь эхлэх учиртай. Зөн билэг бүх хүнд бий. Зөн билэг, далдыг мэдрэх чадвар нь илрээгүй хүн жирийн нэгэн. Орон зай, цаг хугацааны нууцад нэвтэрч, оюун санааны далд ухамсарт шилжиж чадсаныг хутагт хувилгаад гэдэг. Ид шидэндээ биш, ийнхүү илүү хөгжсөн далд ухамсартайдаа тэд илүү ялгарч буй. Тийм нэгэн хүний тухай ийн цухас өгүүлэв.
Г.Пүрэвдагва
СЭТГЭГДЭЛ БИЧИХ