Хятадын хиймэл дагуулын зурагт биет илэрчээ

Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн үүрээр сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777-200 онгоцны эрэл хайгуул үргэлжилсээр байгаа билээ.

Эрлийн ажиллагаанд Малайз, Индонез, Вьетнам, Хятад, АНУ, Австрали улсууд нэгдэж эхний өдрүүдийн эрэл хайгуул хийсэн талбайг өргөтгөн өдөр шөнөгүй хайгуулаа үргэлжлүүлсээр буй. Онгоц осолдсоныг баттай гэрчлэх ямар ч ул мөр олдохгүй байгаагаас янз бүрийн таамаг, тааврууд бичигдсээр байсан.

Хамгийн сүүлд л гэхэд Малайзын радарын шинжээчид Боинг онгоцны хамгийн сүүлд хийсэн хөдөлгөөнөөс үүдэн нислэгийн чиглэлээ өөрчлөн буцаж эргэсэн байх магадлалтай хэмээн үзэж Малаккагийн хоолой болон Андаманы тэнгист эрлийн ажиллагааны гол хүчийг чиглүүлсэн юм. Гэсэн ч өнөө өглөөг хүртэл ямар нэгэн сураг ажиг гарсангүй.

Харин удаа дараа Малайзын талыг зөрүүтэй олон мэдээлэл цацахын зэрэгцээ шуурхай арга хэмжээ авч ажиллахгүй байна хэмээн хурцаар шүүмжилсээр байгаа Хятадын талаас энэ бүх асуудалд эцсийн хариултыг өгч магадгүй баримтыг дэлгэн тавиад байна.

Энэ нь хиймэл дагуулаас авсан зураг бөгөөд Өмнөд Хятадын тэнгист гуравдугаар сарын 09-ний ням гаригт буюу онгоцтой холбоо тасарснаас нэг хоногийн дараах зураг ажээ.

Энэхүү зурагт тэнгист хөвж яваа гурван хэсэг биет гарсан бөгөөд 13*18 метр, 14*18 метр, 24*22 метр хэмжээтэй обьектуудын байршлын өргөрөг уртрагийг нарийвчлан тогтоож эрлийн багийнханд хүлээлгэн өгчээ.

Малайзын зүүн эргээс холгүй хөвж явсан энэ биетүүдийг Боинг онгоцны хэсгүүд байж магадгүй хэмээн одоогоор тус байршилд хөлөг онгоцуудыг татаж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин