Ням гаригт "цөмийн бөмбөг" тэсрэх үү

Крымийн хойгт ирэх ням гаригт болох санал асуулгыг олон улс тэсэн ядан хүлээж бас ажиглаж байна. Крым дахин Орос хэмээх их гүрний мэдэлд очих уу, үгүй юу гэдгийг шийдэх бүх нийтийн санал асуулга Крмыийн автономит Бүгд найрамдах улсын иргэдийн дунд тэр өдөр явагдах юм. Энэ санал асуулгыг АНУ болон Европын холбоо, НАТО эрс эсэргүүцэж буруушааж байгаа ч түүнийг нь ОХУ үл тоосоор байна.

Магадгүй энэ санал асуулгаас үүдэлтэй олон улсын геополитикийн томоохон өөрчлөлт явагдаж мэдэх талтайг олон улсын томоохон агентлагийн тоймчид дурджээ. Учир нь оросууд ямар ч хориг, эсэргүүцлийг хүлээж авалгүй санал асуулгын дүнг (тэртэй тэргүй дийлэнх нь орос иргэд оршин суудаг Крымээс ямар дүн гарах нь тодорхой) хүлээн зөвшөөрч Крымийг өөрийн нутаг дэвсгэр, нэгэн муж хэмээн зарлавал алсдаа Украин зүүн, баруун хэмээн дахин хуваагдах нөхцөл байдал ч үүсэж мэднэ.

Улмаар тухайн бүс нутагт оршин суугаа иргэдийн санал асуулга дээр дөрөөлөн газар нутгийн маргаан өрнүүлэх ОХУ-ын туршлага дэлхийн хаана ч дахин өрнөхгүй гэх газаргүй болно.

Гэхдээ цэрэг арми сайтай, томоохон гүрнүүд л ийм тоглоомоор наадна.

Ингэснээр энэ ням гаригт Крымд явагдах санал асуулга олон асуудлыг шийдэх бололтой. Украины Түр засгийн газрын ерөнхий сайд Арсений Яценюк өнгөрсөн өдрүүдэд АНУ-д айлчилж ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан. Энэхүү уулзалтын үр дүн юунд чиглэсэн нь ойлгомжтой. Нэг ёсондоо баавгайн саварт базуулсан Украин улс далайн цаадах Сэм авгаас тусламж гуйж өмгөөлөлд нь багтахаар хадаг тавьсан нь энэ уулзалтаас тодорхой ажиглагдаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-д хандан хатуу анхааруулсаар байгаа хэдий ч өнөөг хүртэл Оросын талд огт нөлөө үзүүлэхгүй байгааг бид ажиглан харсаар байна.

Өчигдөр Украины парламентаас өөрийгөө хамгаалах 60000 хүнтэй гварди байгуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр Украины зэвсэгт хүчний бүрэлдэхүүн 200 мянга орчим болж байна.

Тэгвэл ОХУ-ын талаас Крымийн хойгт одоогийн байдлаар 50 мянга орчим албан хаагчдаа илгээгээд байгаа бол Украины хилийн ойролцоо 150 орчим цэрэг бүхий анги нэгтгэлүүд хуралдуулаад байгаа мэдээлэл гарч байна.

Үүгээр нэг ёсондоо Украин ОХУ-ын дунд тавьсан бөмбөг тэсрэхэд маш ойрхон байгааг харуулж байна. Үүнд энэ ням гаригийн бүх нийтийн санал асуулга хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй. Ерөнхийдөө байдал хурцадна гэсэн үг.

Хэдийгээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Бид Украины ард түмэнтэй байлдахгүй” гэж хэлсэн ч ард түмэн гэдэг үгийг ямар ч утгаар нь хэрэглэж болох талтай. АНУ, Европын холбоо тэргүүтэй өрнөдийн гүрнүүд болон ОХУ хоёрын дунд хэзээний хэрүүлийн алим болсоор ирсэн Украин улсын хувь заяа ийнхүү хутганы ирэн дээр ирээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин