Сомалид хоёр жилийн дотор 260 мянган хүн өлсөж үхжээ


Африкийн Сомали улсад 2010-2012 оны хооронд 260 мянга орчим хүн өлсгөлөнгөөр хорвоог орхисон хэмээн НҮБ-ын илтгэлд дурджээ. Нас барагсдын тэн хагасаас илүү нь 0-5 хүртэлх насны хүүхдүүд байсан байна.
Түүнчлэн НҮБ-ийн энэ илтгэлд хэрэв олон улсын тусламжийн байгууллагууд яаралтай арга хэмжээ авсан бол хэдэн 10 мянган сомаличуудыг өлсч үхэхээс аварч болох байсан хэмээжээ.Өмнө нь Их Британийн Засгийн газар үүнээс бага тоо буюу Сомалид 50-100 мянган хүн хоол тэжээлийн дутагдлаас болж нас барсан хэмээн мэдээлж байсан билээ.
2011 онд Африкийн хошуунд нүүрлэсэн ган гачигт Сомали улсын 13 сая хүн нэрвэгдсэн юм. НҮБ-ын тайланд дурдсанаар тухайн үед тус улсын хүн амын 4.6 хувь, 5-аас дээш насны хүүхдүүдийн 10 хувь нь буюу нийт 290000 хүн өлсгөлөнгийн улмаас амиа алджээ. Харин 2012 оны 2-р сард НҮБ-аас Сомали улс дахин өлсгөлөнд нэрвэгдсэн болохыг зарласан. Энэ удаагийн өлсгөлөнд 2011, 1998 онд Сомали улсад болж байсан өлсгөлөнгөөс илүү олон хүн өртөж байгаад мэргэжилтнүүд ихээхэн санаа зовниж байна.
Тухайн улсын өрх айлуудын 5 хувь нь хүнсний хомсдолд орж, хүн амын 30 хувь нь өлмөн зэлмүүн байдалтай амьдарч, өдөрт 10000 хүн тутамд хоёр хүн нас барж байгаа тохиолдолд тус улсыг өлсгөлөнд нэрвэгдсэн гэж үздэг байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш иргэний дайн үргэлжилж байгаа Сомали улс нь тусламжийн ажилчдын хувьд дэлхийн хамгийн аюултай бүс нутагт тооцогддог.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ