Онгоцны хулгай бол зорчигчид нь хаачив?

Сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777-200 онгоцны эрэл үргэлжилсээр байна.

Эрлийн эхний өдрүүдэд золгүй ослын ул мөр хайж тэнгисийг нэгжсэн бол дунд үед нь учир битүүлгээр алга болсонд тооцож сүйрлээс өөр учиг хайж нислэгийн маршрут өөрчлөгдсөн, дохио ирсэн гээд янз бүрээр мэдээллүүд хөвөрч гарсан.

Харин сүүлийн өдрүүдэд малайзуудхүний оюун ухаанаас давсан зүйлтэй учирлаа гэх нь холгүй мэдэгдэл хийж олон улсаас тусламж гуйж гараа өргөж байна.

Арга ч үгүй биз. Техник технологи өндөр хөгжсөн энэ цагт бүхэл бүтэн Боинг сураггүй болчихоод арав хонож байна.

Хэдийгээр сүйрсэн онгоцны ул мөр байж болох шатахууны толбо, хөвж яваа биет гээд олон зүйл илрүүлсэн ч тэнгист юу эс байх вэ дээ. Тэр бүрийг Боингтой холболтой биш.

Эцэст нь Малайзын албаныхан яах аргагүй онгоцыг жолоодож явсан хоёр нисгэгчээс хэргийн учгийг хайж эхэлжээ.

Улмаар нисгэгчдийн гэрээс цагдаа нар нэгжлэг хийж олон зүйл хурааж авсан тухай мэдээлсэн. Дараа нь онгоц нислэгийн явцад чиглэлээ өөрчилсөн нь баттай хэмээн таамаглаж эрлийн ажиллагаа тэнгисээс их газар луу шилжиж Төв Ази хүртэлх уудам нутагт онгоц хүрсэн байж болох радиуст хайж байна.

Ийм уудам нутагт яах аргагүй хүч хүрэхгүй тул Малайзын засгийн газар өчигдөр олон улсаас тусламж хүслээ. Онгоцны сүйрэл одоо хулгай болж хувирлаа.

Хэрэв энэ хулгай юм бол зорчигчид нь яасан бол? гэдэг асуулт олон хүнийг зовоож байна.
Малайзын Тээврийн сайд Хишхаммуддин Хусейн “Бид 11 улсын нутаг дэвсгэрийг хамруулж, өргөн хэмжээний эрэл хайгуул явуулж байна.

Азийн олон орон бидэнд туслаж байна” гэжээ. Одоогоор Казахстан, Узбекистан, Киргизстан, Туркменистан, Пакистан, Бангладеш, Энэтхэг, БНХАУ, Мьянмар, Лаос, Вьетнам, Тайланд, Индонез, Австрали болон Франц улстай хамтран ажиллаж байгаа ажээ.

Түүнчлэн онгоц чиглэлээ өөрчилсөн газраас хүрсэн байж болохуйц бүх цэгийг тооцоход Монгол улсын Даланзадгадын нисэх буудал хүртэл багтжээ. Хойд зүгийг чиглэн нисэхэд хамгийн хойд хязгаар нь гэсэн үг.

Нисгэгчидтэй холбоотой бүх эх сурвалжаар Малайзын мөрдөгчид Интерполтой хамтран мөрдөж байгаа ч тэр гэчихээр баттай зүйл олоогүй л бололтой.

Холбооны мөрдөх товчоо зөвлөсөний дагуу бүх зорчигчдыг нэг бүрчлэн нарийвчлан судалж эхэлсэн байна.

Энэ ажилд нь эрлийн эхний өдрөөс эхлээд Малайзын талд шүүмжлэлтэй хандаж эрэл хайгуулд туслалцаж байсан Хятадын тал хүч нэмэхээр болжээ. Арга ч үгүй, зорчигчдын ихэнх нь хан үндэстнүүд.

Үргэлжлээд байвал эрэл хайгуул хэдэн сараар ч үргэлжилж магадгүй бололтой. Тиймээс онгоцыг олох хамгийн гол арга зорчигчид болон нисгэгчдийг судлах ажлын үр дүнгээс шалтгаалах бололтой.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин