Сэмжин чулуунд харагддаг хүний дүрс сүг зураг биш байв

Дундговийн нутагт оршдог Их, Бага газрын чулууг мэдэхгүй монгол хүн бараг үгүй биз. Монголчуудын бахархал болсон үзэсгэлэнт газруудын нэг л дээ. Бараг өрөөд тавьчихсан мэт давхар, давхар хаднуудыг байгалийн бүтээл гэхээс өөрөөр яаж ч тайлбарлах билээ дээ. Үзсэн хүн хэсэг зуур ухаан нь орж гаран балартах шиг болдог гэхэд хилсдэхгүй л дээ. Хонин гүрвэл, хортой, хоргүй могой, элээ, тас гээд л жигүүртэн, мөлхөгчид хойгуур урдуур гүйлдээд, дээгүүр доогуур нисэлдээд эхлэхээр эхэндээ айдас төрөвч “Энэ бол миний нутгийн үзэсгэлэн” гэх бахархал зэрэгцэн, мөнөөх айдас, хүйдсийг сэтгэлээс нэг мөр ул мөргүй, үтэр түргэн үргээх бөлгөө. Америкийн кинонууд дээр үе, үе алдаг оног харагддаг хадан хясаа, ганга жалга үүний хажууд юу ч биш гэх агуу бодол сэтгэл зүрхийг эзэмддэг билээ.

Бага газрын чулуунд очиж үзсэн хүн бол бараг гадарлана даа. Сунаж тогтсон их чулуу төгсөхийн даваан дээр цуварсан хэсэг хад руу ордоггүй юү. Тэр хавьд зориуд авчираад тавьсан мэт хэсэг цэгээн сэмжин, хавтгай хад байдаг билээ. Тэднийг нутгийнхан “Толин чулуу” гэх бөлгөө. “Налаад суудаг толин чулуунд найз минь чи харагдаад байх юм аа” гээд нэгэн дуунд гардаг даа. Тэр дуунд гардаг толин чулуу болохыг ч үгүйсгэх аргагүй билээ. Тэгэхдээ тэр дайны толин чулуу Монголд ёстой хог шиг болохоор бас өөр чулуу ч байж болно. Сэмжин чулууны нэгэн дээр алсаас тодрон харагддаг хүний дүрс харагддаг болсоор багагүй удаж байгаа юм. Өмнө нь хэн нэгэн, хүмүүс ер нь анзаараагүй байж мэднэ л дээ.
Байгалийн л бүтээл юм болохоор байсан ч байж мэдэх. Хамгийн анх нутгийн ардууд анзаарснаас болоод ерээд оны дундуур ёстой сенсааци тариад тун удалгүй намжчихсан юм. Одоо бараг жирийн үзэгдэл болсон уу, тэр талаар таг мартсан уу, ярихаа бараг байжээ.

Дундговийн эмнэлгийнхэн нэгэн намрын зугаалгаа тэнд хийхээр болж л дээ. 1996 он шиг санагдана. Нэгэн танил эмч маань энэ талаар их л хожуу ярьсан юм. Уншигчдадаа нэг хүргье гэж бодсоор яваад өнөөг хүрсэн нь миний ч буруу мэт санагдсаныг нуух юун. Тэд бага үдийн алдад Бага газрын чулууны төгсгөлд дөхөж ирсэн байгаа юм. Тэгтэл хамаг хэрэг мандахгүй юү. Нэгэн адтай сувилагч бүсгүй “Тэр юү вэ?” гээд гэнэт хашгирч л дээ. Заасан чигийг нь дагуулаад харцгаалгүй яахав. Тэгтэл яг тэр нэгэн сэмжин чулуун дээр нуруугаа үүрсэн хүний дүрс харагдсан байна. Аялагчид дуу шуу ороод ирэлгүй яахав. Ингээд л буг чөтгөр, биет хүн, ер нь юу болохыг нь таасан нэг ёсны мэтгэлцээнт таавар өрнөж орхижээ. Зугаалгын багийг ахлаж явсан залуухан эмч “Сүг зураг л байхгүй юу даа. Очихоор аяндаа танигдана вий” хэмээжээ. Арай тулхтай өвгөн жолооч “Хм, Их, Бага газрын чулууны адагт сүг зураг байдаг гэж сонсоо ч үгүй. Насаараа л үүгээр явлаа даа. Өмнө нь ийм зүйл харж байсангүй” гээд дуугаа хураачихжээ. Үзсэн хүмүүсийн сэтгэл хөдлөснөөс тэр үү, үзэгдсэн дүрс баруун зүг алхаад байх шиг тов тодорхой харагджээ. Бүр дээлээ сугалдаргалсан дунд хэрийн насны эр хүн нуруугаа үүрэн, исгэрэн явах лугаа харагдсан гэж байгаа. Ер нь зурагт үзэж байгаа юм шиг сэтгэл төрсөн ч гэх. Иймэрхүү сонин зүйл харсан зугаалгынхан бүр сэргэж орхисон байна. Зарим нь бүр хээгээ бараад тоглоом, тохуу ч хийжээ. “Адуучин Баатар л байна ш дээ. Биш ээ, архичин Батаа л байхгүй юү. Мань хүн шараа тайлах юм хайхаараа нэг ингээд явж байдаг биз дээ?” гэж ирээд л амандаа орсныг бурцгаалгүй хаачихав. Гэгээн цагаан өдөр тул айгаагүй байна л даа. Тэгээд л тоглоцгоож явсан хэрэг.

Тоглоом тоотой нь дээр гэдэг шиг төдөлгүй дэргэд нь шахуу хүрээд иртэл өнөө хүн алга болчихжээ. Бас л бүгд дуу алдацгаасан байгаа юм. Тэгэхээс ч яах билээ. Гоё нэвтрүүлэг юм уу кино үзэж байхад цахилгаан тасарч, зурагт унтрахаар яадаг билээ дээ. Яг тийм юм болжээ. Аялагчид яг дэргэд нь ирээд бууцгаажээ. Нэг л сайхан өөхөн цайвар, сэмжин цэгээн хад байхаас өөр юу ч үзэгдээгүй байна. Зарим нь бүр ханцуйгаараа өнөөх чулууг арчиж зогссон гэнэ билээ. Залхуухан эр зурагтынхаа дэлгэцийн тоосыг гарт таарснаараа нэг шудардаг даа. Тийм л юм тохиожээ. Ямар ч байсан ахлаач эмчийн хэлсэн “Сүг зураг биш болох нь тодров. Өвгөн жолооч үнэн хэлжээ. Яаж ч бодсон ямар юмных нь сүг зураг байх билээ. Тийм бол аль хэдийнэ олны танил, мэддэг зүйл болчихолгүй яав гэж. Ядаж л ном, сонинд хэвлэгдэнэ. Радио, телевизээр ганц боловч гардаг юм байгаа биз дээ? Бид мэдэхгүй байхыг бодоход тэнд яавч сүг зураг байж таарахгүй юм. Баахан алмайрч, гайхаж зогссон зугаалгынхан гэр орноо ч босгоод, гал хөсөө ч түлээд, зугаалгаа жинхэнэ ёсоор нь эхэлсэн байна. Хэрэгт дуртай залуус л өнөөхийг ажин, барин “Бүжгийн талбайгаа энд засаад, толин чулуунд тустал бүжиглэнэ дээ. Юмыг яаж мэдэхэв. Дараа ирэхдээ өөрсдийгөө ч харах ч юм бил үү” гэх зэргээр хөөрцөглөцгөөжээ. Хаа очиж тэр тун магадлалтай байсан гэдэг. Тэр хавиар явж байгаад тэрхүү чулуунд өртсөн, туссан зүйл түр хийгээд бүр хадгалагддаг байхыг үгүйсгэх аргагүй байжээ. Тэгтэл тийм биш нь ч батлагдсан байна. Зугаалгынхан үүр цайтал ууж идэж, дуулж бүжиглэсэн агаад тэр хооронд юу ч анзаарагдаагүй аж.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ