Хоёр ёкозүна өвдөг шороодов

Мэргэжлийн сүмогийн Хару башёгийн өнөөдрийн барилдаан маш сонирхолтой болж өнгөрлөө. Ёкозүна Харумафүжи өчигдрийн барилдаанд Какүрюүд унаснаар ёкозүна Хакухо ганцаараа нэг ч унаагүй тэргүүлж байсан билээ.

Тэгвэл дөнгөж сая өндөрлөсөн 13 дахь өдрийн барилдаанд хоёр ёкозүна хоёул өвдөг шороодож шуугиан дэгдээлээ. Хакухо озэки Котошогикүд ёритаоши мэхээр өвдөг шороодож 12 даваа 1 унаатай болсон бол, Харумафүжи сэкиваке Гоидод мөн ёритаоши мэхээр ялагдсанаар 11 даваа 2 унаатай боллоо.

Харин аварга цолны болзол сонсоод байгаа озэки Какүрюү М.Ананд зүүний озэки Кисеносатог цукидашиг мэхээр унагаж 12 даваа 1 унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Ингэснээр Хакухо, Какүрюү нар тус бүр 1 унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнд үлдсэн ба маргааш хоорондоо барилдах юм. Тэмцээний сүүлийн өдөр хоёр ёкозүна хоорондоо таарч барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ