“Эрчүүдэд зөвлөгөө өгөх төв”-ийн сэтгэлзүйч Б.Нямцэцэг: Дээд боловсролтой, сэхээтнүүд ч архины албадан эмчилгээнд “бөөнөөрөө” ордог

"Эрэгтэйчүүдэд зориулсан байгууллага эрүүлжүүлэхээс өөр алга" гэж ярьдаг. Харин эл яриаг үгүйсгэхүйц, өөрсдийн үйл ажиллагаагаа зөвхөн эрчүүдэд тулгараад байгаа асуудалд чиглүүлж, тэдэнд сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг байгууллага амжилттай ажиллаж явна. Тус байгууллагаар үйлчлүүлдэг эрчүүдийн ихэнх нь архинаас хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсэд байдаг ч шантралгүй “үзэлцсээр” байдаг аж. Ингээд Албадан саатуулах, баривчлах 111-р ангийн дэргэдэх “Эрчүүдэд зөвлөгөө өгөх төв”-ийн сэтгэлзүйч Б.Нямцэцэгтэй “хэцүү” эрчүүдтэй хэрхэн “үзэлцэж” яваа талаар нь ярилцлаа.
-Төвийнхөө тухай товч танилцуулаач? Гол төлөв хэдий насны хүмүүс ирж байх шиг байна?
-Манай төв дан эрэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ онцлогтой. Мөн цагдаагийн тусгай обьект дотор, захиргааны хариуцлага хүлээж байгаа хүмүүстэй хамтарч ажилладаг байгууллага юм. Энд баривчлагдан ирж буй хүмүүсийн ихэнх нь хижээл насны буюу 30-45-тай, гэр бүлтэй эрчүүд байдаг. Тэд бүгд зөвөлгөө авч, сургалтад хамрагддаг юм.
-Сэтгэлзүйч хүний хувьд, ирж үйлчлүүлж байгаа хүмүүст ямар төрлийн зөвлөгөөг түлхүү өгдөг вэ?
-Манай төвийн гол зорилго нь гэр бүлийн зөрчил маргаан үүсгээд, тэр нь хүчирхийлэл болж, улмаар баривчлагдан энд ирж буй хүмүүст сэтгэлзүйн зөвөлгөө өгч, нэг ёсны төлөвшил олгох юм. Яагаад гэвэл энд ирсэн хүмүүс урд өмнө нь сэтгэлзүйчтэй уулзаж, ийм төрлийн боловсрол, өөрийгөө хянах зэргийн талаар зохих мэдлэг аваагүй байдаг. Жишээлбэл, гэр оронд нь ямар нэгэн асуудал гарахад тэд сөрөг дадал зуршлаар түүнийгээ илэрхийлж, яваандаа хүчирхийлэл үйлдэх болсноо мэдээгүй явдаг. Чухам энэ талаас нь мэдлэг олгохыг зорьж, зөвөлгөө өгдөг юм.
-Одоогоор нийт хэчнээн хүн сургалтанд хамраад байна вэ? Танай төвөөс гарсан хүмүүс гэр бүлдээ эргэж очсон ч засарсан хэвээрээ байж чадаж байгаа болов уу?
-Бид үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийт 300 орчим хүнд сургалт, зөвлөгөө өгсөн байгаа. Гэхдээ бидний үйл ажиллагааны үр дүнг тоон үзүүлэлтээр илэрхийлэх боломжгүй л дээ. Учир нь эндээс гарч байгаа хүн болгоны амьдралд хяналт тавиад, судлаад байх боломжгүй, дээр нь иймэрхүү ажил гүйцэтгэх харьяа эсвэл хамтын ажиллагаатай байгууллага одоогоор байхгүй. Харин сургалтад хамрагдаж байх явцад нь хувь хүнд гарч байгаа өөрчлөлтийг ажиглахад сайн үр дүн гарч байгаа нь харагддаг.
-Нийгмийн аль давхрагын хүмүүс голдуу ирж байх шиг байна вэ?
-Хүмүүсийн анкетнаас хийсэн судалгаанаас харахад ажилгүй, мөн хувиараа хөдөлмөр эрхэлдэгүүд нь илүүтэй байх шиг. Гэхдээ төвд ирж байгаа хүмүүсийг дандаа ядуу, нийгмийн эмзэг давхрагынхан байдаг гэж эндүүрч болохгүй. Тэдний дунд дээд боловсролтой, өндөр мэдлэгтэй хүмүүс ч цөөнгүй ирж байдаг юм.
-Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх хамгийн гол шалтгаан нь архи гэж ойлгогддог. Энэ талаар?
-Энэ нь яалт ч үгүй үнэн л дээ. Үйлчлүүлж байгаа хүмүүсээс яагаад архи уудаг шалтгааныг нь асуухад ихэнх нь “ажилгүй байна. ядуу байна” гэж хариулдаг. Иргэд архи уудаг хүмүүсийг сэтгэл санаа таагүй үедээ, уураа гаргах гэж уудаг мэтээр ойлгодог. Гэтэл энэ бүхэн чинь архи уух хамгийн гол шалтгаан болдоггүй. Энэ бүх асуудлыг шийдэх өөр олон эерэг арга зам байхад яагаад заавал архиар “шийдвэрлэх” ёстой гэж. Түүнчлэн монголчууд архийг “байдаг л зүйл” гэж ойлгож, хүлээн авдаг болжээ.Тухайлбал “хүн болгон л архи уудаг ш дээ, уудаггүй хүн гэж хаана байсан юм” гэх мэтийн буруу хандлагатай байгаа нь иргэдэд эргээд буруугаар тусаад байна. Гадаадынхны хувьд харьцангүй нийгмийн хувьд өндөр хөгжсөн, соёлын түвшингээрээ ч гэсэн сайн учир өөрөө өөрийнхөө архины хэрэглээг тааруулж чаддаг байхад манайхан соёлгүй, бүдүүлгээ илэрхийлж буй мэт эцэс төгсгөлгүй, маш ихээр нь хэрэглэдэг муу талтай.
-Тэгвэл архи гэдэг зүйлтэй хүн хэрхэн хандаж байх ёстой байдаг юм бэ?
-Архи уух нь зөвхөн тэр хүний хувийн асуудал төдий биш, гэр бүл, нийгмийн хэмжээнд очдог. Архинаас хамааралтай болсон хүмүүсийн хувьд “би өөрөө архинаас гарчих нь, үүнээс чинь хэзээ дуртай цагтаа гарчих нь” гэж мухайрлан ойлгодог. Гэтэл энэ нь хялбараар шийдэх асуудал огт биш.
Архидалт нь нийгмийн асуудал. Нэг ч гэсэн хүн архинаас хол байж, гарч чадах юм бол нэг ч гэсэн гэр бүл айдас хүйдэс, маргаангүй, амар тайван амьдрана гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд ер нь хүмүүс архины хор уршгийн талаар мэдээлэл муутай байдаг нь харагддаг. Энд ирж байгаа хүмүүсийн хувьд мэддэг зүйл нь л “архи элгэнд муу” гэх зэрэг ойлголтууд байдаг юм. Харин архи ууснаар сэтгэл санааны хувьд ингэж муугаар нөлөөлдөг, энэ нь яваандаа хувь хүний хөгжил, нийгэмд үнэлэгдэх үнэлэмж талаасаа ингэж нөлөөлнө гээд тал талаас нь зөвөлгөө өгөхөд “би өөрийгөө архиар ямар их үгүй хийж байсан юм бэ” гэж уулга алддаг. Тиймээс системтэй мэдлэг хүн бүрт дутагдаж байна.
-Архинд донтох өвчтэй хүн гэж нэрлэдэг, тэгвэл ямар үзүүлэлтээр нь ингэж оношилдог юм бэ?
-Архины хэрэглээ талаас нь хүмүүсийг тав ангилдаг. Үүнд нэгт, ерөөсөө архи хэрэглэдэггүй хүн, хоёрт амсах төдий хэрэглэдэг, гуравт жоохон хэтрүүлж хэрэглэдэг, дөрөвт архинд бүр хамааралтай болсон, энэ нь өөрийнх нь амьдралд маш эрсдэл учруулаад эхэлсэн, тавд архинд онцгой донтох өвтэй хүмүүс, энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сэтгэцийн өвчнүүдийн "Ф10" ангилалд багтдаг гэж үздэг юм.
-Архинаас гаргах төвүүдийн талаар олон нийтэд нэгэн сөрөг хандлага байдаг. Эмчилгээнд яваад улам дордчихлоо гэх мэтийн. Архинаас гаргах ямар ямар эмчилгээ байдаг юм бэ?
-Ер нь тиймэрхүү хандлага байдаг. Эсвэл янз бүрийн эм бэлдмэл, спираль тавиулаад архи уусан чинь улам бүр дордчихлоо гэж ярьдаг юм. Эмчилгээний хувьд эмээр тухайн хүний биеийнх нь эд эс болтол дассан байдлаас нь салгах, архийг үгүйлэх хорыг нь дарах, эсвэл архинд харшил үүсгэдэг болгох зэрэг байдаг. Мөн дээр нь сэтгэлзүйн эмчилгээ хийнэ. Ер нь сэтгэлзүй, эмийн эмчилгээ хоёр хосолж явснаар өндөр үр дүн гардаг юм. Дан ганц сэтгэлзүйгээр эмчлэд байвал тэр хүний хордсон бие эдгэрэхгүй. Архинаас хамааралтай болно гэдэг нь нэг ёсны тэр хүний дадал зуршил, зан үйл болчихсон байдаг учир үүнийг өөрчлөхөд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Нэг өдөр сэтгэлзүйчид хандаад, хэдэн цагийн лекц сонсоод бүх зүйл хэвийн болчихдоггүй юм аа.
-Нийгэмд сэтгэлзүйчдийг хүлээн авч хэвшиж байгаа болов уу?
-Монголд хөгжиж эхэлж л байна. Тухайлбал, Маантийн албадан эмчилгээний газарт сэтгэлзүйн эмчилгээ давхар хийдэг болсон, мөн архины эмчилгээ хийдэг хувийн байгууллагууд хэвтүүлж эмчилгээ хийнгээ сэтгэлзүйн талаас нь эмнэж байна. Миний бодлоор архинаас гаргах эмнэлгүүд сүүлийн үед нэлээд олширч байгаа. Энэ нь ч аргагүй. Өнөөдөр энэ асуудал үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг жилд тухайн улсын хүн амын хэдэн хувь нь архийг хэтрүүлж хэрэглэдэг талаар судалгаа гаргаад, тэдгээр хүмүүсийн спиртний жилийн хэрэглээг найман литрээс давбал аюултай хэмжээнд хүрсэн гэж тооцдог. Гэтэл Монголын архи хэтрүүлж хэрэглэдэг хүмүүсийн жилийн хэрэглээ 20 литр байх жишээтэй. Бид хойд хөршөө архи их хэрэглэдэг гэж боддог. Тэндхийн архи хэтрүүлж хэрэглэдэг хүмүүс нь нэлээд өндөр буюу бараг 80 гаруй хувийг эзэлдэг. Гэхдээ тэр дотроосоо хэтрүүлж хэрэглэдэг хүмүүсийнх нь жилийн хэрэглээ нь 15-18 литр л байдаг юм шүү дээ. Гэхдээ Монголчуудын хувьд хүн ам нь бага гэдгээр өмөөрч болох л юм.
-Сүүлийн үеийн залуучууд маань архийг хэр их хэрэглэж байна гэж боддог вэ?
-Залуучууд сүүлийн үед нэлээд их хэрэглэх болсон гэж дүгнэж байгаа. Архи анх ууж үзэх нас нь улам л залуужаад байна. Яагаад гэхээр бүр 10 жилийн өсвөр наснаасаа архи ууж эхэлж байна. Энэ нь гэхдээ өнөөгийн нийгмийн уур амьсгалтай нэлээд холбоотой. Тухайлбал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа согтууруулах төрлийн ундааны зар сурталчилгаа, дээрээс нь ямар нэгэн хурал, нийллэг цуглаан болоход архигүй бол бараг ямар ч утга учиргүй санагддаг гаж хэвшил зэрэг их нөлөөлдөг. Гэхдээ л шинэ Монголын шинэ иргэн, шинэ ирээдүй болох залуус архинаас хол байж, өөрсдийн ухамсраа дээшлүүлэн түүгээрээ үүнд хандаж байх хэрэгтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ