Уянгат модны эрэл буюу Страдивариус

Хүний сэтгэлийн эд эс бүхнийг хөдөлгөж, уянга тансаг, уйтгар гуниг аль алийг нь мэдрүүлж чаддаг хөгжим бол дөрвөн утаст хийл билээ. Энэ хөгжмийн мөн чанараас ямар ч хүн маш нарийн мэдрэмж авч чаддаг нь гайхалтай. Хөгжим судлаачид энэхүү уянгат хөгжмийн эгшиглэлтэд чавхдаснаас гадна хийц, мод нь хамгийн чухал гэдгийг хэлдэг.
Швейцарь бол хийлийн эх орон. Гэвч ямар модоор хийвэл хамгийн сайн хөгжим болох вэ? Эрт дээр үед Швейцарийн хөгжимчид хийл хийхэд хамгийн тохиромжтой мод хайжээ. Тэд өөрсдийн агуу их туршлага, мэдрэмжээ ашиглан хамгийн тохиромжтой модны эрэлд гарчээ. Хийл хийх модыг маш нарийн сонгодог бөгөөд тухайн модны онцлог, нас, чийг, модыг огтлон авах үеийн цаг агаар гээд олон зүйлийг харгалзан үздэг аж. Энэ хөгжмийг хийхэд хамгийн тохиромжтой нь уулын гацуур болон шилмүүст мод байдаг. Зарим хөгжим бүтээгчид хийл хийх модыг сонгохын тулд их хугацаа зарцуулдаг бөгөөд хүссэн модоо олох хүртлээ хэр удсан ч хамаагүй гэдэг аж. Хийлийн хамгийн эхний үндэс суурь нь мод хэмээн үздэг учраас хөгжмөө хийх модоо оновчтой сонгож байж тэрхүү зэмёэг амилж, тансаг аялгуу эгшиглэж чадна. Хамгийн түрүүнд модыг тогшиж үздэг бөгөөд түүнээс л хамгийн түрүүчийн алхам эхэлдэг ажээ. Модноос гарах чимээ бяцхан цуурай нь хөгжмийг ямар байхыг хэлээд өгчихдөг гэнэ.
Лорензо Пэллегрини бол мод шилэгч. Тэрээр 10 мянга орчим модноос шилж цорын ганц төгс мод сонгож хийл амьлуулдаг. Түүний сонгосон модыг “Страдивариус мод” гэдэг. Энэ нь хийл хийхэд тохиромжтой хамгийн алдартай мод юм байна. Пэллегрини хэлэхдээ “ Миний хайж буй тэрхүү гайхалтай мод мянган жилд нэг ургадаг ч байж болох юм. Модод зөвхөн ургаад л байдаг зүйл биш. Түүнээс маш олон төрлийн зүйлс ялгарч дэлгэрч байдаг. Харин би төгс модоор төгс хөгжим бүтээж хүмүүст хүргэхийг зорьдог” гэв. Тэрбээр хөгжим хийхийн тулд бүх л амьдралаа ой шугуйд өнгөрөөжээ. Түүнийг есөн настай байхад гэр бүлийнхэн нь энэ сонирхлыг нь бий болгож өгсөн гэдэг. Пэллэгрини Италийн Абрузо ууланд мод шинжиж өссөн. Тэдний гэр бүлийнхэн мод тогшиж түүнээс ямар эгшиг гарч болохыг шинжиж олон уул даван эрэлд гарцгаадаг байж. Гэрийнхнийхээ сонгосон модноос үлдсэн үлдэгдлийг ашиглан анхныхаа бичил бүтээлүүдээ хийж эхэлсэн байна. Харин Пэллегрини 30 настайдаа Рисоулдын ойд очсон цагаасаа хойш тэр газрыг орхиж чадаагүй юм. Одоо харин тэрбээр 83 настай өвгөн хийлч болжээ. Гэсэн ч тэр ууланд авирч мод шинжиж гайхалтай хийлүүдээ бүтээсээр явна.
Мод ургахыг хүлээнэ гэдэг тун урт хугацааны тэвчээр шаарддаг. Өвгөн хийлч “ Мод ургана гэдэг олон зүйлээс шалтгаалдаг. Зөвхөн сайн усалсан эсэхээсээ хамаардаггүй. Хийл хийхийн тулд хуурай мод л сонгодог. Би хамгийн төгс сайхан хөгжим хийхийн тулд бүхэл бүтэн цэцэрлэгжүүлсэн ой бий болгосон. Жинхэнэ хөгжим бүтээгч хүний хувьд тэрхүүү төгс мод олсон өдөр л төгс өдөр байх болно. “Хэдийгээр мод тайрах тун хэцүү ч би түүнийг хэрэггүй зүйлд зориулаагүй” хэмээн боддог гэж өвгөн хийлч хэлсэн юм. Тэрбээр зөвхөн хийлээс гадна өөр төрлийн чавхдаст хөгжим болон гитар хийдэг.
Намрын улиралд, сар таллаж дэлхийгээс хамгийн их холдсон үед модыг тайрч авдаг аж. Энэ нь маш нарийн учир холбогдолтой. Сарнаас хамаарч далайн түрлэг түрж байдаг, тэгэхээр сар таллах үед дэлхийн гадаргуу руу ус түрэх явц багасч модод хамгийн хуурай болох мөчийг тохиолдуулан модыг огтолдог. Байгалиасаа ийнхүү өөрийгөө бэлдэж хуурай болсон мод нь хийцийн хувьд мөн дуугаралтынхаа талаар ч хамгийн сайн нь болдог юм байна.
Швейцарийн Ле Брассус хэмээх жижиг тосгонд олон хийлч бий. Нутгийн онцлог байгалийн тогтоц зэрэг нь тосгоныхныг ийнхүү хөгжим бүтээдэг болоход нөлөөлсөн байж болох юм.
Пэллэгрини “ Би модноос бүх төрлийн дуу чимээ сонсдог. Ямар ч хүн модноос дуу чимээ сонсохгүй өнгөрнө гэж үгүй. Ядаж л шатах үедаа чат чат гэж дугарах нь ямар аймаар сонсогддог билээ. Бидний амьдарч байгаа байгаль дэлхий гайхамшигтай хөшим билээ” гэжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ