Булган уулын буг хонь хотлуулдаг байжээ
Булган нэртэй уул Монголд тоолж барамгүй олон буй за. Бараг аймаг, сум, баг болгонд бий гэчихвэл бага зэрэг л хэтийдсэн болно. Энд өгүүлэгдэх Булган бол Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт орших бүлгээ. Тийм ч их түүх, домогтой уул биш. Байдаг л нэг хайрхан гэсэн үг. Болсон явдал бүр сүүлийн үеийнх бөгөөд ерээд оны сүүлчээр тохиосон юм. Энэ сумын нутагт баруун аймгаас ирсэн бага ястнууд олноор амьдардаг билээ. Тэдний нэгэн болох Төрөө гэх тулхтай нөхөр эл түүхийг, түүхийг ч гэж дээ болсон явдлыг ярьсан билээ. Тэр нутагт “цэрэг” хочтой нэгэн атаман буриад байж л дээ. Айл амьтан хэсч, агсам согтуу тавин, зодоон цохион хийж, айлгаж барьсаар шимийн “юм” уухаас өөрийг хийлгүй насыг барсан юм байх. Насыг барах ч биш, наснаасаа эрт буцсан гэвэл зохино. Наяад оны дундуур тэр нутагт тун дийлдэшгүй босоо ороолон гарч ирсэн нь мөнөөх “цэрэг” ажээ. Жинхэнэ нэр нь Жудаг гэх. Уг нь гоё нэр байгаа биз? Жудагтай эр хүн болохыг бэлгэдэн эцэг, эх нь хайрлаа буй за. Гэтэл ямар бурхан төөргийг нь зурчихсан юм бүү мэд, тун танхай балмад амьтан болж өссөн байгаа юм.
Хүүхэд байхын л нэг биш “амьтан” болох төлөвтэй, сурсан гийгүүлсэн юмгүй, хэл ам татласан нөхөр байжээ. Насанд хүрэв үү, үгүй юү цэргийн албанд явуулснаар нутаг орныхон нь түр тайвширсан гэдэг юм. Ямар сайндаа л түүнийг цэрэгт алба хаасан гурван жилд өсч өндийн айл гэр болж амжсан охид, бүсгүйчүүдийг азтай гэсэн яриа хүртэл гарах вэ дээ. Зарим нь бүр түүнийг халагдаж ирэхээс өмнө амжих гэж насанд хүрээгүй охидоо хүртэл нөхөрт гаргаж байсан ч гэх. Тийм л аюултай нэгэн байж. Тэр жижиг газар хууль цааз үйлчилдэггүй байсан юм уу, хаашаа юм, танхай эрийн адал балмад явдлыг таслан зогсоох нь байтугай улам дэвэргэн хөөргөдөж байжээ. Цэрэгт явахынхаа өмнө золтой л шоронд явчихаагүй байдаг юм. Нэгэн айлын охиныг “эзгүйчилж” орхисон нь хэрэг болон дэгдэдгийн даваан дээр яаж ийгээд аргалсан гэнэ билээ. Цэргийн гурван жилд овоо засрах болов уу хэмээн аав, ээж нь байтугай нутгийн зон олон нь сэтгэл зовниж байсан нь ч талаар болжээ. Дорноговийн Зүүнбаянд албаа хаасан цэргүүд халагдан ирэхэд цэрэг хувцсаар ихэд гангарсан тэрбээр хамт ирсэн нь мэдээж. Ирсэн өдрөөсөө л хэрэг тарьж эхэлжээ. Хавийн айл амьтнаар орж цэргийн сонин сайхан ярихын оронд ууж, идэхийг чухалчлан агсам согтуугаа тавьж гарчээ.
Тэр бараг бүтэн жилийн турш цэрэг хувцастайгаа явснаас тийнхүү төрөхдөө авсан жинхэнэ нэр болох Жудагийг марттал “цэрэг” хоч хүртсэн гэж нутгийнхан нь ярьдаг билээ. “Цэрэг” тэгж гэнэ, ингэж гэнэ гэх яриа тэр хавийн нэг ёсны сенсааци болж орхисон гэдэг. Орон нутгийн чанартай өдөр тутмын мэдээ болчихгүй юү. Хэрүүл, зодоон гарчээ л гэвэл “цэрэг” л биз гэцгээнэ. Тэгж явсаар зах зээл эхэлж, аливаа зүйл чөлөөтэй болсон нь түүнийг бүр оодроон дархалж орхижээ. “Хэний айраг исч, хэний охин өсөв” гэсэн шигээ явсан юм байх. Хээгээ ч бүр алджээ. Хаа дайралдсан айлаа өөрийн гэр шиг санах болжээ. Хоймрыг нь голлоод л хэвтэж байдагсан гэж нутгийнхан нь одоо ч ярих бөлгөө. Сүүлдээ цэрэг хувцас нь буриад тэрлэгээр солигдохын зэрэгцээ төө хэрийн хэт хутга ташаанд нь зүүгдэх болжээ. Мах идэж сүрхий юм болохгүй ч мань хүний гар сав л хийвэл тийш зүглэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ