Хойд Солонгос асар хүчтэй цөмийн туршилт хийхээ зарлав

Дэлхий дахинаа цөмийн зэвсгийн хүчээр байнга сүрдүүлэг үзүүлэх болсон Хойд Солонгос улс дахин цөмийн туршилт хийхээр зэхэж байгаа тухайгаа Өмнөд Солонгос болон НҮБ-т дуулгажээ. Цөмийн туршилт хийнэ хэмээн сүрдүүлж буй гурав дахь томоохон сануулгаа Умардынхан хийлээ.
Тус улс өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт хоёр ч удаа баллистик пуужин далай руу харвасан юм. Үүнээс болж НҮБ-аас нэлээд зэмлэл хүлээсэн билээ. Тэд энэ удаад шинэ төрлийн цөмийн зэвсэг туршиж, өмнөхөөсөө илүү сүр хүчийг үзүүлнэ хэмээн хэлсэн байна. Үүнээс өмнө өнгөрсөн оны энэ үед ч нэлээд хүчтэй заналхийллүүд хийж Өмнөд Солонгостой дайн зарлаж, цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн сүрдүүлж байсан билээ.
Өмнөд Солонгостой ийнхүү сөргөөцөлдөх шалтгаан нь Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтралыг илт эсэргүүцсэнтэй холбоотой байдаг. Өнгөрсөн онд АНУ болон Өмнөдийнхөн хамтарсан цэргийн сургуулилт хийснээс болж дайн зарлаж байсан бол энэ удаад ч мөн ялгаагүй тэдгээр улсуудын хамтарсан цэргийн сургуулилтаас үүдэлтэйгээр заналхийллүүд явагдсаар байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос, Япон болон АНУ-ууд Цөмийн аюулгүй байдлын чуулганы үеэр Хойд Солонгосын цөмийн заналхийллийн тухайд нэлээд онцгойлон ярилцсанд Умардынхан эсэргүүцлээ илэрхийлэн олон удаа пуужин харвасан юм.
Умардынхны энэхүү заналхийлэлд АНУ-ын аюулгүй байдлынн албанаас “Хэрэв цөмийн туршилт хийх юм бол томоохон хариуцлага хүлээлгэх болно” гэж сануулга өгөөд байгаа. Учир нь Хойд Солонгосчуудын явуулах цөмийн туршилт нь Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс ч хэд дахин хүчтэй,хор хөнөөлтэй байх болно хэмээн тооцоод байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ