Умард Солонгосын заналхийллийн цаана юу нуугдана вэ

Өнөө өглөө 5,1 магнитудын газар хөдлөлт болж Сөүл, Инчон зэрэг томоохон хотуудад мэдрэгдсэнийг эс тооцвол Солонгосын хойг тайван байна. Ингэж хэлж байгаагийн учир нь өчигдөр хоёр Солонгос улс дахиад л Ёнпенду арлын ойролцоо их буугаар харилцан буудалцаж дэлхий нийтийг түгшээсэн юм.

Хойд Солонгосын баруун эргээс 500 гаруй удаа урьдчилан сануулалгүйгээр Шар тэнгисийн усанд их буугаар галласан ба үүний 100 орчим сум Өмнөд Солонгосын усан хилийн дотоодод оршдог Ёнпёнду арлын орчимд туссанаас Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын хүчин Умардын баруун эргийн ойролцоох усанд мөн 300 гаруй удаа их буугаар буудаж хариу анхааруулга өгсөн байна.

Үүний өмнөхөн Умард Солонгосын зүгээс өмнө хийж байсан туршилтуудаас илүү хүчтэй цөмийн туршилт хийх тухайгаа албан ёсоор зарлаад байсан юм. Тэгвэл энэхүү болж өнгөрсөн үйл явдлыг олон улсын ажиглагчид Умардын ээлжит шуугиан, ээлжит өдөөн хатгалга хэмээжээ.

Нэг хэсэгтээ л нам гүм байсан умардууд сүүлийн гурван долоо хоногийн туршид дундын зайн тусгалт пуужин Япон тэнгис рүү харваад байсан юм.

Үүнийгээ Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулийн эсрэг үзүүлж буй эсэргүүцэл хэмээн нэрлэж байсан тэд цөмийн туршилт хийхээ мэдэгдэж улмаар тэнгисийн усанд их буугаар буудсан юм. Сүүлийн үед Өмнөдийн төдийгүй олон улсын тусламж, дэмжлэгээс хол болоод байсан тус улсын дотоод дахь амьдрал ихэд хүндэрсэнтэй холбоотой ээлжит сүрдүүлэг ийнхүү эхэлж байна гэжээ.

Хоёр Солонгос, тэр дундаа цөмийн зэвсгээр байн байн олон улсад заналхийлэл үзүүлдэг Умард Солонгосын хувьд асуудлыг дайны хэмжээнд хүргэх ямар ч төлөвлөгөө байхгүй гэж өрнөдийн ажиглагчид үзэж байгаа аж. Ким Чен Ун эцэг Ким Чен Ирээсээ өвлөн ирсэн тактикийн тоглолтыг үргэлжлүүлэхээс хэтрэхгүй.

Тиймээс тус улсын хийж буй өдөөн хатгалгаас айх хэрэггүй, Солонгосын хойгт ойрын үедээ ямар ч томоохон хэмжээний мөргөлдөөн болохгүй гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин