Хотын төвд II дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрчээ

Тайландын нийслэл Бангкок хотод томоохон дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтэд өртөж долоон хүн амь насаа алдсан бол 19 хүн хүнд гэмтсэн байна. Энэ дэлбэрэлт нь дэлхийн II дайны үед газарт булагдан үлдсэн тэсрэх бөмбөг дэлбэрсэн хэрэг байлаа гэж эх сурвалж мэдээлж байна. Албаныхны мэдээлж байгаагаар зургаан хүн газар дээрээ амиа алдсан бол нэг хүн эмнэлэгт хүргэгдэж ирээд амьсгал хураасан гэнэ.
Барилгын ажил явагдаж байсан газрын дор бөмбөг булаастай байсан бөгөөд доргилтын нөлөөнөөс болж дэлбэрсэн хэмээн үзэж байгаа юм. Хэтэрхий хүчтэй дэлбэрэлтийн нөлөөнөөс хажуугийн байшингуудад цууралт үүссэн байжээ.
Тэсрэх бөмбөгийг 1944 оны үеийн Америк эсвэл Английнх байсан гэж шинжээчид хэлсэн байна. Тухайн үед Тайланд улс Японы холбоотон улс байсан ба холбоотны нисэх хүчинд бөмбөгдүүлж байсан юм.Энэ явдлаас хэдхэн долоо хоногийн өмнө мөн II дайны үеийн тэсрэх бөмбөг Хонконгийн төвөөс олдож байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ