Хятадын хөлөг онгоц далайн гүнээс дохио хүлээн авчээ

Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр Малайын Боинг 777 онгоцыг эрэн хайх ажиллагаанд оролцож буй "Haixun-01" нэртэй хөлөг онгоц далайн гүнээс үл мэдэг давтамжит дохио илрүүлсэн байна.
Үүнийг мэргэжилтнүүдийн зүгээс Боинг онгоцны хар хайрцагнаас илгээсэн дохио байж болно хэмээжээ.
Дохио 37,5 килогерцийн үелзэлтэй байсан бөгөөд сүүлийн 2 долоо хоног эрлийн ажиллагааг төвлөрүүлж байсан Энэтхэгийн далайн өмнөд хэсгээс илрүүлсэн байна.
Тиймээс тус газарт эрлийн ажиллагаанд хэд хоногийн өмнөөс нэгдсэн Австралийн тэнгисийн цэргийн "Далайн бамбай" нэртэй хөлөг онгоц ирж дохиог дахин илрүүлэхээр хайж байна.
"Далайн бамбай" хөлөг онгоц нь усан дор долгион хүлээж авах, илрүүлэх зориулалтын төхөөрөмжтэй гэнэ.
Хэрвээ дохиог дахин илрүүлж улмаар хар хайрцгийг олж чадвал Малайзын иргэний агаарын тээврийн онгоцонд юу тохиолдож осолдсон болохыг эргэлзээгүй батлах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ