Хамгийн агуу фараон II Рамзес

“Бүхий л газар нутаг... түүний өлмий дор үүрдийн мөнхөд сөхрөн унав.”
ХЕТҮҮДТЭЙ БАЙГУУЛСАН ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭРЭЭС, МЭӨ 1258 он
Шинэ хаант улсын (МЭӨ 1550-1069) хамгийн агуу фараон болох II Рамзес бараг 70 жилийн турш улс орноо чадамгай удирдаж, Египетэд тогтворт байдал, хөгжил цэцэглэлтийг авчирсан. Тэрээр орчин үеийн олон улсын улт төрийн зүтгэлтнүүдийн адилаар Египет улсыг хөгжүүлж, өөрийн гүрний байр суурийг бэхжүүлэхийн тулд дипломат харилцаа, дайн тулаан, ухуулга сурталчилгааг чадварлаг ашиглав. Ингэснээр Ойрх Дорнодын улс төрийн тавцан дээр нөлөө бүхий зүтгэлтэн болжээ.
Ирээдүйд II Рамзес болсон хүү 19-р династийн (МЭӨ 1295-1187) өмнөхөн төрж, энэ династийн гурав дахь фараон болсон, Рамзес хойд зүгт орчин үеийн Сири, өмнө зүгт Судан (тухайн үеийн Нуби) хүрсэн өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэлсэн эзэнт гүрнийг эцэг I Сетигээс өвлөн авчээ. Өөрийн эцгийн нэгэн адилаар Сирийн нутаг дэвсгэрийг эзлэх сонирхолтой байсан ч түүнээс урагш Анатолид орших Хеттүүдийн (78-79-р тал) зүгээс ирж болох заналхийллээс болгоомжлохоос аргагүйд хүрсэн. Хеттүүдтэй хийсэн түүний хамгийн алдартай тулалдаан нь МЭӨ 1275 онд хийсэн Кадешийн тулалдаан юм. Рамзес энэ тулаанд өөрийгөө ялалт байгуулсан гэж үзэж байсан ч бусад нь Хеттүүд илт ялсан гэж үздэг. Бодит үнэн энэ хоёрын дунд байсан байх. Аль ч тал нь илт ялалт байгуулж, гавьтай олз омог олж чадаагүй л болов уу.
Хөрөг ба картуш
II Рамзес фараоны энэхүү сүр жавхлант хөрөг Египетийн Люксорын дуган дотор байжээ. Зууван хэлбэрийн сийлбэр буюу картуш дээр Рамзесүүдийн хаан болохыг нь илэрхийлсэн дүрсүүдийг сийлж, мөн Дээд ба Доод Египедийг хавсран захирдгийг нь илтгэсэн давхар титэмтэй дүрсэлжээ.
Дипломатч Рамзес
Хеттүүд болон Египетүүд хоорондоо нэлээд дайтсаны эцэст МЭӨ 1258 оны үед дайсагналдаа цэг тавьсан энхийн хэлэлцээрийг байгуулсан нь шинэлэг зүйл болов. Египетийн ард түмний нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавигч дипломатч болохын хувьд II Рамзес энэ гэрээгээ бататгахын тулд Хеттийн гүнжийг эхнэрээ болгон авчээ.
Хоёр гүрний дунд тогтсон шинэлэг, найрсаг харилцаа Хеттийн нийслэл хот Хаттушагаас олдсон захиддуудаас илэрхий байдаг. III Аменофис болон Ахенатены хаанчлалын үеийн алдарт «Амарнагийн захидлууд»-ын нэгэн адилаар энэхүү захидлыг Аккадийн шаантган бичгээр шавар дээр бичсэн бөгөөд Ойрх Дорнодын улс хоорондын харилцааг илэрхийлдэг. Амьд мэт эдгээр захидал нь олон улсын дипломат харилцааны хамгийн анхны чухал дурсгалд тооцогддог ба тухайн үеийн улс хоорондын худалдаа, улс төрийн гэрээ хэлэлцээр, дипломат харилцаа, өдөр тутмын амьдралын талаар маш тодорхой дүр зургийг илтгэдэг. Египет, Хеттийн хоорондын захидлууд, тэр дундаа II Рамзес хаан болон МЭӨ 1258 оны энхийн хэлэлцээрийг хийсэн Хеттийн хаан III Хаттусили хоёрын хоорондоо бичиж байсан захидлуудад олон улсын улс төрийн байдлаас эхлээд эрүүл мэнд, хурим найр гээд янз бүрийн асуудлыг хөндсөн байдаг.
Урлагт тахин шүтэгдсэн нь
Рамзесийн бариулсан барилгууд бол түүний хаанчлалын үеийн нэг онцлог юм. Египет даяар хөшөө дурсгалууд олноор баригдаж, хуучин хөшөөнүүдийг томсгов. Фараоны асар том баримал, уран зураг бий болж, дархчууд, зураачид бараг сул гадаргуу бүхэн дээр түүнийг магтан дуулсан зүйл үлдээх болсон.
Рамзес Нил мөрний бэлчирт өнөөгийн Каир хотын ойролцоо Пер-Рамзес хэмээх шинэ хотыг үүсгэн байгуулав. Гоёмсог энэхүү хот нь Ази руу цэргийн дайралт хийх зохимжтой байрлалтай байсан. Мөн өөртөө болон хайртай эхнэр Нефертаридаа зориулсан алдарт дугануудыг орчин үеийн Египетийн Судантай хиллэдэг хил орчимд байдаг Абу Симбел хотод бариулав. Абу Симбел дэх Рамзесийн дөрвөн сүрлэг хөшөө нь Египетийн урлагийн гайхамшигт бүтээлд тооцогддог.
АНХНЫ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭР
МЭӨ 1258 онд 2-р Рамзес, 3-р Хаттусили нарын байгуулсан энхийн хэлэлцээрийг анхлан мөнгөн самбар дээр сийлжээ. (тус хэлэлцээрийн шавар дээр сийлсэн орчин үеийн хуулбарыг доор үзүүлэв.) Гайхмаар орчин үеийн санагдах тэрхүү баримт бичиг нь анхны олон улсын хэлэлцээрт зүй ёсоор тооцогддог билээ. Тухайлбал энэхүү хэлэлцээрт дүрвэгсдэд өршөөл үзүүлэх, оргон зайлагчдыг эх оронд нь хүлээлгэн өгөх гэх мэт тун дэвшилтэт заалтууд орсон байжээ. Олон улсын харилцааны түүхэнд онцгой ач холбогдолтойд тооцогддог энэхүү хэлэлцээрийн хуулбар НҮБ-ын төв байранд өлгөөтэй байдаг.
“Хүмүүс чамайг (өөрийн цэргүүдийг хэлж байна) надаас урван явсныг сонсвол юу гэх бол?”
РАМЗЕС ГАНЦААРАА ХЕТТҮҮДИЙН ЭСРЭГ ДАЙТСАНАА ТАЙЛБАРЛАН ХЭЛСЭН ҮГ. МЭӨ 1275 он
Бас нэгэн томоохон бүтээл бол Рамзесийн хүндэтгэлийн дуган болох Рамессеум билээ. Түүнийг Нил мөрний баруун эрэгт, Рамзес хаан уран барилгын олон бүтээлүүдээ барьсан өмнөдийн нийслэл Фив хотод барьжээ. Ордон, шашны болон төрийн төв өргөө, эрдэм мэдлэгийн төв болж байсан Рамессеум нь Английн романтизмын үеийн яруу найрагч Перси Биши Шелли 1817 онд «Озимандиас» хэмээх алдарт найраглалаа бичих онгодыг төрүүлсэн гэдэг.
Хатуу чанга хяналт
II Рамзес өөрийн газар нутаг, ард иргэдийг хатуу хяналт дор байлгадаг байсан Түүний хаанчлалын уеэс хадгалагдан ирсэн эх сурвалжаас үзэхэд хууль цаазыг тогтоох, дэг журмыг хадгалахад маш их анхаардаг, хүчтэй удирдагч байсан дүр зураг харагддаг. Өөрийн олон тооны анд нөхөд болон хүүхдүүдээс (100 гаруй хүүхэдтэй байсан гэдэг) бүрдсэн захиргааны маш нарийи сүлжээг бий болгосон. Тэр өөрийгөө дөвийлгөх тал дээр нэлээд чадварлаг нэгэн байсан гэдэг ч Ойрх Дорнодын улс төрийн тавцанд нөлөө бүхий удирдагч байсан нь эргэлзээгүй. Түүний хаанчлалын үе Эртний Египетийн түүхэн дэх хамгийн сүүлчийн их гүрний мандан бадралтын үе байсан бөгөөд ул мөр нь орчин үеийн Турк хүртэлх асар том орон зайд мөнхөрсөн. Тэрээр урлагийн болон түүхийн гайхамшигтай эх сурвалж үлдээсэн бөгөөд фараонуудын цог жавхлан, сүр хүчний жинхэнэ мэдрэмжийг төрүүлдэг.
Намтрын цадиг
мэө 1302 он - Хааны удмын бус гэр бүлээс гаралтай I Сети хаан, түүний хатан Туюу нарын хүү, ирээдүйн II Рамзес хаан төрөв. Хааны удам залгах ханхүү Рамзесийг нэлээд багад нь хожим эцгийнхээ үйл хэргийг залгамжлана хэмээн хаан хэргэм олгожээ.
мэө 1292 он - Рамзес ханхүү дөнгөж 10 настайдаа цэргийн ахмад цол (энэ цол нь хүндэт цол байсан байж болзошгүй) хүртэж, эцгийгээ дагалдан аян дайнд оролцон хааны ажил хэрэгт суралцаж эхэлжээ,
мэө 1287 он - Рамзес өөрөөсөө дүү 13 настай Нефертаритай гэрлэжээ. Рамзесийн хайртай эхнэр байсан гэж тооцогддог Нефертари ямар ч гэсэн 20-иод жилийн хугацаанд Рамзесийн Их хатан байжээ. Рамзесийг түүнээс гадна 8 эхнэр бас опон тооны татвар эмстэй байсан гэдэг.
мэө 1279 он - Рамзес 20-25 насандаа фараоны суудалд суув. Фив хотод болсон өөрийн эцгийн оршуулгаас эхлээд хаан суудлаа албан ёсоор хүлээн авах гэж өмнөд рүү хийсэн аяллаас өөрийн хаанчлалыг эхэлсэн.
мэө 1277 он - Энэ онд далайн дээрэмчдийг буулгаж авсан гэдэг. Тэр далайн дээрэмчид “Далайн хүмүүс” хэмээн нэрлэгддэг үлгэр домгийн ч юм шиг нууцлаг хүмүүстэй холбоотой Шарданчууд байсан байж болох юм. Ялагдсан далайн дээрэмчдийг фараоны армид орууллаа.
мэө 1276 он - Сири лүү анхны дайралтаа хийв.
мэө 1275 он - Сирийг хоёр дахь удаагаа дайлаар мордов. Энэ дайны оргил үе нь египетчүүдэд байнга заналхийлсээр ирсэн Хеттүүдтэй хийсэн Кадешийн тулалдаан байлаа. Рамзесийн гол өрсөлдөгч нь Муваталли хаан байсан. Мөн энэ үед Абу Симбел дэх барилгууд баригдаж эхэлсэн болов уу.
мэө 1260 он - Хүчээр фараоны албат болсон олон тооны жүүд хүн Египетэд амьдарч байсан гэж үздэг. Эдгээр хүн Египетийг орхин, Синай руу нүүсэн түүхэн үйл явдал мэө 1260 он орчимд болжээ.
мэө 1258 он - Хеттүүдтэй олон жилийн турш дайн хийсний эцэст Рамзес болон Хеттийн хаан Хаттусили нар алдарт энх тайвны хэлэлцээрээ байгуулсан.
мэө 1259-1255 он - Абу Симбел дэх дугануудын барилгын ажил энэ үед дууссан болов уу.
мэө 1256-1255 он - Нефертари хатан энэ үед нас барсан байх. Изетнофрет хэмээх хатан Рамзесийн Их хатан болсон.
мэө 1245 он - Рамзес нь III Хаттусили хааны ууган охинтой гэрлэсэн. Тэр хатныг нь Мааторнифируре гэдэг байжээ.
мэө 1230 он - Энэ онд Рамзесийг Хеттийн бас нэг гүнжтэй гэрлэсэн гэж үздэг.
мэө 1224 он - Рамзесийн олон хөвгүүдийн нэг Мернептах хаан суудал залгамжлагчаар тодорсон.
мэө 1213 он - Рамзес нас барснаар түүний 66 жилийн хаанчлзл төгсгөл болсон. Халдварт өвчнөөр нас барсан гэж үздэг (шүдний идээт буглаа байсан байж болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ