Авилга авсан төрийн албан хаагч бүх насаараа хорих ялаар шийтгүүлэв

Хятадын Шаньдун мужийн амбан захирагчийн орлогч асан Хуан Шэн гэгч эр авилга авсныхаа төлөө бүх насаараа хорих ялаар шийтгүүлжээ. Төрийн түшээ тэрбээр 1998-2011 оны хооронд байгууллага болон хувь хүмүүсээс 12 сая гаруй юань буюу 1.95 сая долларын хахууль авсанаа хүлээснээр ийнхүү хүнд шийтгэл хүлээж байгаа юм. Түүнчлэн бүх насаар нь хорихоос гадна өнгөрсөн хугацаанд хурааж хуримтлуулсан эд хөрөнгийг нь бүрэн битүүмжилжээ.
БНХАУ өнгөрсөн гуравдугаар сард намын шинэ даргаа томилж авилга хээл хахуулийн эсрэг хүчтэй зогсохоо зарласан. Си Жинпин ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, элбэг хангалуун байлгахын тулд эрх мэдэлтнүүд даруухан амьдарч, бүсээ чангалах ёстой хэмээгээд, үнэтэй бэлэг сэлтээс хүртэл татгалзсан билээ. Өмнө нь авилгийн хэргээр улстөрийн товчооны гишүүн асан Бо Силай болон Төмөр замын сайд асан Лю Чизюнь нар Хятадын коммунист намаас хөөгдөж байсан билээ. Тиймээс энэ удаа ч мөн авилгын хэрэгт холбогдсон төрийн түшээг хатуу шийтгэж байгаа ажээ.
Авилга хээл хахуулийг багасгахын тулд хүмүүсийн цалингийн зөрүүг багасгаж, нийтээрээ үрэлгэн байдлыг танах бодлого хэрэгжүүлэхэр зэхэж байгаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ