Боингийн эрэлчид цаг хугацаатай тэмцэлдэж байна

Өнөөдөр Малайзын иргэний агаарын тээврийн Боинг-777 200 онгоц сураггүй болсноос хойш 33 дахь өдөр. Вьетнамын өмнөд хэсгийн агаарын хилээр нисэж явахдаа радараас гарч сураггүй алга болсон онгоцны араас бүтэн сар илүү дэлхий даяараа сураг тавин, эрж хайлаа. Гэсэн ч 370-р нислэгийн багийнхан болон зорчигчдод юу тохиолдсон нь оньсого хэвээрээ үлдэж байна.

Эргэн сануулахад эрлийг анх Вьетнамын өмнөд тэнгист эхлүүлсэн ба тэр үед усан дээр тунаж тогтсон хоёр хэсэг шатахууны толбо олсон боловч Боинг онгоцных биш болсон нь сүүлд тогтоогдсон. Улмаар радарын мэргэжилтнүүдийн таамаглалаар онгоцыг буцаж эргэсэн хэмээн эрэн хайх ажиллагааг өөр чигт хандуулсан ба Хятадын хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт хамгийн анх хоёр цагаан "юм" ажиглагдсан юм. Энэ үед Өмнөд Азийн орнууд төдийгүй Австрали, АНУ, Франц, Их Британи эрлийн ажиллагаанд нэгдэн оров.

Удаах таамаглал нь эрлийн ажиллагааг зөвхөн тэнгисийн усанд биш эх газарт ч хайх хэрэгтэй хэмээн Боинг онгоцны дөрвөн цагийн турш нисэж хүрч чадах бүх зай талбайг тодорхойлсон нь хойшоо манай улсын өмнө нутагт хүрч байв. Улмаар Энэтхэгийн далайг тэр чигт нь самнахаар болж Малайз олон улсаас тусламж хүссэн юм.

Ийнхүү эрлийн чиглэл хэд хэд өөрчлөгдөөж байх хооронд онгоцонд зорчиж явсан багийнхан болон зорчигчдын тухай элдэв мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байлаа.

Нөгөө л юм юманд харддаг зангаараа АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхны өгсөн чиглэлийн дагуу хуурамч пасспортоор зорчсон нь тогтоогдсон иран иргэдийг онгоц барьцаалсан байж магадгүй хэмээн шуугиж эхэлсэн ч төрөл төрөгсдөө зорьсон жирийн нэг цагаачид болох нь тодорсон. Дараа нь онгоцны нисгэгчид ээлжит хардлагын бай болсон.

Энэ мэтээр онгоц хайх чиглэлээ ч өөрчилж, нисэж явсан хүмүүсийг нь ч сэрдсээр байсан энэ өдрүүдэд үнэхээр ямар ч чиг баримжаагүй эрэл хайгуул болсон нь одоо тодорхой харагдаж байна.

Дараа нь болсон зүйл Малайзын ерөнхий сайд Нажиб Разакыг мэдэгдэл хийж онгоц сүйрсэн нь баттай хэмээн ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэхэд хүргэв. Энэ нь Австрали болон Францын хиймэл дагуулд илэрсэн олон тооны хөвж яваа биетүүд байлаа. Дахиад л шуугиан дэгдэв.

Гэхдээ тэр хөвж яваа обьектуудын нэгийг ч олоогүй нь эрлийн багийнхныг гайхаш тасруулахад хүргэсэн юм. Гэхдээ сүүлийн өдрүүдэд Австралийн тал эрлийн багийг ахалж эхэлснээс хойш бага ч болтугай ахиц гарсан гэж болно. Ямартай ч Австралийн баруун өмнөд эргийн Перт мужаас 2500 километрийн зайд онгоц осолдсон байж магадгүй (тэндээс л ээлж дараатай олон обьектууд хиймэл дагуулд ажиглагдсаар байсан) хэмээн эрлийн гол чигийг тийш нь зааж чадсан.

Хятадын болон Австралийн хөлөг онгоцнуудад баригдсан 37,5 герцийн үелзэл бүхий дохио мөн л эндээс ирсэн тул эхнээсээ л эндээс хайдаг байж гэсэн бодлыг хүн бүхэнд төрүүлсэн бизээ.

Одоо эрлийн багийнхан цаг хугацаатай тэмцэлдэж байна. Далайн гүнээс ирүүлсэн дохиог сураггүй болсон Боингийн хар хайрцагных хэмээн үзэж үүнийг л олчихвол 370-р нислэгт юу тохиолдсон нь тодорхой болох юм. Гэхдээ ийм төрлийн нисэх онгоцны хар хайрцаг бүтэн сарын турш цэнэгээ хадгалдаг гэнэ. Тэгвэл өнөөдөртэй нийлээд онгоц сураггүй болсноос хойш 33 өдөр болж байгаа.

Эхний дохио дөрөвдүгээр сарын 5-нд Хятадын онгоцонд, дараагийнх 6-нд Австралийн онгоцонд баригдсан гэж үзвэл гурав хоног дохио ирсэнгүй.Зургаанд яг 30 дахь хоног нь байсан тул ажиглагчид одоо хар хайрцагны цэнэг дууссан хэмээн үзэж байна.

Эрэлд оролцож байгаа Австралийн хатан хааны нисэх хүчний офицер Майкл Кей CNN агентлагт уламжлахдаа "Магадлалаар хар хайрцаг 40 хоног цэнэгээ барих боломжтой, тиймээс бидэнд цаг мөч бүр үнэтэй байна" хэмээжээ.

Өнөөдөр эрэлд 14 хөлөг онгоц оролцож байгаа ба (3 нь иргэний) үүний дотор Хятадын Haixun, Австралийн Ocean Shield, Британийн HMS Echo хөлөг онгоцууд голлон эрэл хайгуулыг хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ