Хиймэл гарын хүсэлт

Монголд хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэн байдаг. Тэдний дотроос хөл, гарын эмгэг согогтой заримыг нь чухамдаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэхээр сэтгэл зүтгэлээ зориулж яваа хүмүүс бол Сэргээн засалтын үндэсний төвийн Протез ортопедийн үйлдвэрийнхэн гэж болно. Энд хиймэл гар, хөлнөөс эхлээд согог заслын гутал, улавч, хамгаалалтын бүс, таяг зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ажилчид нь мастер багшаа дагаж, дадлагын явцад мэргэжил эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй залуус. Тэдний гараас жилд 2000 гаруй портез ортопедийн бүтээгдэхүүн гарч, хүмүүсийн дутууг нөхөж байдаг.
Тус үйлдвэрийн мужааны өрөөгөөр ороход хуурай нарсны үнэр хамар цоргиж, харуул, хөрөө гартаа барьсан ижилхэн хувцастай хэдэн залуу багшийнхаа ур ухааныг өвлөн авч, шаггүй мужаан болохоор шамдаж байна. Эднийх саажилтаас үүдэн хөдөлгөөний дутагдалд орсон хүүхдүүдэд зориулсан босоо ширээ, булангийн сандал гэх мэт түшээд зогсох, налаад суух тусгай хэрэгслийг модоор хийж байлаа. Хэдийгээр гадаад орнуудад стандартын ийм бүтээгдэхүүн байдаг ч үнэ өртөг ихтэй, захиалж авчруулахад цаг хугацаа багагүй шаарддаг учраас өөрсдөө “монголчилж” сурчээ. Протезийн хиймэл эрхтэн гэхэд доод мөчний тавхай, шилбэ, дунд чөмөг, сүүж, түнх, дээд мөчний гарын хуруу, тохой, шуу, сарвуу, мөрний протезийг нэрлэж болно. Эдгээрийн түүхий эд материалыг Бээжингээс авчирдаг бөгөөд валютын ханшны зөрүүгээсөртөг зардал нь өсч байна хэмээн СЗҮТ-ийн протез сэргээн засалтын албаныхан өгүүлэв. Хуучин Оросын тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэл явуулж байсан одоо зах зухаасаа Германы техник технологи нэвтэрч, бүтээгдэхүүний чанар сайжирч, илүү хөнгөн, уян хатан болжээ. Жилд 1500 орчим үйлчлүүлэгч энэ үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн хэрэглэдэг. Зах зээлийн жамаар өрсөлдөгч хувийн хэвшлийн хэдэн үйлдвэр ажилладаг ч эднийх төрийн өмчийнх болохоор хиймэл хөл дунджаар 400 мянга, алхуулагч модон хэрэгслийн үнэ 60 мянгаас хэтэрдэггүй. Төрөөс энэ төрлийн тусламжийг гурван жил тутам үзүүлдэг байсан бол одоо хоёр жил болжээ. Цаашид орон нутагт протезийн засварын болон ортопедийн цех байгуулахаар зорьж байна.
Сэргээн засалтын үндэсний төвд 15 ортой эмнэлэг ажилладаг. Энд төрөлхийн түнхний мултралтай, дээд, доод мөчний согогтой хүүхдүүд долоо хоног эмчлүүлэхдээ хөлд орох, мөлхөж сурах, хөлөө жийгээд сууж сурахын тулд эдгээр хэрэгслийн тусламжтай бие даах чадвар эзэмшихээр хичээж байна. Бусдын туслалцаагүй бие дааж дасгал хөдөлгөөнөө хийх нь насаараа хүний гар харахгүй байхын анхны алхам хэмээн мэргэжилтнүүд үздэг.
Хүмүүс энэхүү үндэсний төвийг төдийлөн мэддэггүй. Харин сүүлийн жилүүдэд Италийн AIFO төрийн бус байгууллагын Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд дэмжих “Тэгш дүүрэн” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийж, эцэг эхчүүдэд нь тусгай сургалт зохион байгуулснаар харилцан арга туршлагаа солилцож, бие биедээ сэтгэлийн дэм өгөхөөс гадна ийм зовлон бэрхшээлтэй иргэдэд туслах цар хүрээ өргөжжээ. Тухайлбал, 2012 онд гэхэд өөрөө өөртөө туслах 226 бүлэгт 1516 хүн хамрагдаж, хөгжлийн бэрхшээлтэй 1024 иргэнд тусламж дэмжлэг үзүүлсэн байна.Хүмүүс ортопедийн хэрэгслээ үйлдвэрлэхэд оролцож, боловсрол, сургалт, жүжигчилсэн тоглолт зохион байгуулахаас гадна зээл, мэргэжлийн сургалт, орлого олох үйл ажиллагаанд хамрагдах тусам өөрийгөө чамлах нь багасч, улам бүр нийгэм, хамт олны дунд орж байна.
Ер нь “Тэгш дүүрэн” төслийн хүрээнд гурван жилд хөгжлийн бэрхшээлтэй 10890 иргэн, гэр бүлийн 24 мянган гишүүн ашиг хүртэх ажээ. Үнэхээр ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хиймэл гарын хүсэлт бол чадах ажлаа хийж, олны дунд бужигнаж, үр хүүхдүүдээ эрүүл саруул амьдралд хөтлөх явдал.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ