Монголынхоо нэр төрийг өргөж яваа мундаг оролцогчоо дэмжицгээе бүсгүйчүүдээ!

НҮБ-ын Дэлхийн Залуучуудын чуулга уулзалт 2014 оны 5 сарын 6-10 өдрүүдэд Шри-Ланка улсын нийслэл Коломбо хотноо болох ба энэхүү олон улсын чуулга уулзалтын нүүр царай болох 7 залуучуудыг үндсэн 7 сэдвийн хүрээнд сонгон шалгаруулж байгаа юм.

Энэхүү уралдаанд Монгол улсын төлөөлөл болох НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны зөвлөх гишүүн Л.Жаргалдаваа Full Employment and Entrepreneurship сэдвийн нүүр царай болохоор сүүлийн шатандаа шалгараад байна. Л.Жаргалдаваа өнгөрсөн хугацаанд хүүхэд залуучуудын болон охид эмэгтэйчүүдийн олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж ирсэн бөгөөд 2007 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд Хүүхдийн Эрхийн Конвенцийн хэрэгжилтийн талаарх сүүдэр илтгэлийг хүүхдийн байгууллагийн төлөөллүүдийн хамт бичиж хүргүүлж байсан. Улмаар 2007 онд АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын 62-р Ассемблейн тусгай чуулган дээр сүүдэр илтгэлээ танилцуулж байсан.



2008-2012 онд Монгол дахь НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороонд гишүүн, 2012-2013 онд зохицуулагчаар ажиллаж байсан ба “Мини НҮБ” залуучуудын үндэсний форум (2008), Харилцан ойлголцол хамтын ажиллагаа үндэсний чуулган (2010), 2013 оноос 2015 оноос хойших хугацааны Дэлхий нийтийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох Залуучуудын Үндэсний Зөвлөгөөн (2013) гэх мэт олон ажлыг зохион байгуулан хүүхэд залуучуудын дуу хоолойг НҮБ болон Монгол Улсын Засгийн Газарт хүргэх ажилд идэвхи санаачлагатай оролцож ирсэн тэргүүний залуучуудын нэг. Л.Жаргалдаваа энэхүү Дэлхийн залуучуудын чуулга уулзалтын нүүр царайг тодруулах уралдаанд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлын хөндөж “Залуучуудыг ирээдүйн хөгжлийн асуудлыг тодорхойлох үйл явцад суралцагч, боловсруулагч, дэмжигч, ажил олгогч болон шийдвэр гаргагчаар оролцохыг дэмжих хэрэгтэй ба ирээдүйн хөгжлийн асуудлуудыг шийдэхэд залуучуудын үүрэг, оролцоо чухал” болохыг онцолж байна.

Уралдааны сүүлийн шат нь facebook-ээр хамгийн олон like цуглуулсан нэг оролцогчыг тухайн сэдвийнх нь нүүр царайг болгон шалгаруулах бөгөөд тэрхүү оролцогчийн мэдээлэл болон зураг чуулганы бүхий л хэвлэл мэдээллийн материалууд дээр байрших юм байна. Иймд та бүхнийг Монгол оролцогч, Монгол залуучуудыгаа дэмжиж доорх линкээр орон like дарж, мөн өөрийн facebook page дээрээ монгол оролцогчийнхоо талаар post хийж өгөхийг хүсье!



СЭТГЭГДЭЛ БИЧИХ