МАН, АН аль нь ч байсан давхар дээлээ тайлж чадах уу

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эрхэм гишүүд давхар дээлээ тайлах эсэх асуудлаар санал хураалт явуулахаар товложээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хавсран гүйцэтгэж болно, болохгүй гэдгийг шийдэх юм. Энэ асуудал 1999 оноос ихээхэн шүүмжлэл дагуулж, Үндсэн хуулийн цэцийн хаалга татсан ч одоо хэр улстөрчдийн дунд маргаантай байгаа.
Шинэчлэлийн Засгийн газрын 19 сайдын 17 нь давхар дээлтэй байна. Иймээс парламент дахь МАН-ын бүлэг тэднийг эл санал асуулгад оролцуулахгүй гэдгээ илэрхийлсэн. Харин эрх баригч АН эрхэм гишүүдийг дан, давхар дээлтэй гэж ялгалгүй оролцуулах нь хууль зөрчихгүй хэмээн үзэж байна. Гагцхүү спикер л энэ тухайд таг чиг. Сангийн сайд Ч.Улаан өчигдөр гүйцэтгэх засаглалын танхимд багтсан гишүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сайдаас мулталбал Засгийн газар огцроход хүрнэ. Энэ нь улс орны эрх ашигт хохиролтой гэв. Мөн эрхэм гишүүн Д.Дэмбэрэл энэ асуудлыг яаралтай шийдэж, давхар дээлээ тайлахад хүрвэл Засгийн газарт долдугаар сарын нэгэн хүртэл ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломж олгоно уу гэхээс биш 2017 оноос шинэ зарчмаар ажиллана гэсэн ойлголт байж болохгүй гэж хатуухан хэлж байх юм.
Уг нь 1992 онд баталсан шинэ Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэдгийг хуульчлан заасан. Гэвч “Ардчилсан холбоо” эвслийн засаглалын өнгөнд буюу бүр тодруулбал, 1999-2000 онд парламентад суудалтай байсан намууд хуйвалдан /АН, МСДН, МАХН/ Үндсэн хуульдаа хууль бусаар гар дүрсэн билээ. Үүний балгаар Үндсэн хуульд тусгалаа олоод байсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчим гажуудаж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нэг гарт төвлөрч эхэлсэн. Их сэтгэгч Ш.Л.Монтескье “Хуулийн амин сүнс” бүтээлдээ “Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй. Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга шүүх оршихгүй. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх дарангуйлагч болох бололцоотой” хэмээн бичсэн нь Монголын нийгэм, улс төрийн байдлыг260 жилийн тэртээ толинд харсан юм шиг хэлсэн мэт санагдана.
Үнэхээр ч 2000-2004 онд Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед МАХН-ын гишүүд парламентад олонх байж, УИХ бараг Засгийн газрын гарын дор ажиллаж байсан гашуун сургамж бий. Харин 2012 онд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль батлагдаж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол УИХ-аас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохыг, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглосон. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бол Засгийн газрын гишүүний цалин авна. УИХ-ын гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг иргэний өргөдөл, гомдолд үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгана гэсэн байна.
Сүүлийн үед өөрсдийнхөө компанийг өмөөрсөн Өршөөлийн хууль, албан тушаалтныг хариуцлагаас бултуулсан Эрүүгийн хууль, иргэд сонгогчдын бус олигархи, эрх мэдэлтнүүдийг хамгаалсан Сонгуулийн хууль, ард түмэндээ бус харийнханд дулдуйдсан Ашигт малтмалын хууль, авлигачдад ээлтэй Авлигын эсрэг хууль гээд амин сүнсгүй, тоочиж үл барах хуулиудыг эрх зүйн төсөөлөлгүй эрээвэр хураавар 76 гишүүнтэй парламент маань шинэ жилийн үдэш, битүүний орой, наадмын өглөө хуйвалдан баталсаар ирсэн нь нууц биш гэж эрхэм гишүүн Ж.Батзандан нэгэнтээ өгүүлж байсан. Монтескьегийн хэлсэнчлэн сүнсгүй хуулиудын тоо нэмэгдэх тутам хэн нэг хүн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол гүйцэлдэж, ардчиллын тулгуур үнэт зүйл болох хувь хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхолд аюул учруулдгийг санах хэрэгтэй.
Ер нь дан дээлтэй байгаад давхар дээлтэй болсон, давхар дээлээ дан болгох хэрэгтэй гэсэн үе үеийн улстөрчдийн маргааны цаана ашиг сонирхлын зөрчил нуугдсаар ирсэн. МАН ч бай, АН ч бай эрх баригч улс төрийн хүчин дандаа давхар дээлтэй байхыг хүссээр байсан нь нууц биш.
Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно хэмээн томъёолжээ.Австрийн философич Ханс Хельсен ашиг сонирхлуудын зөрчилдөөн байхгүй бол шударга ёсны хэрэгцээ ч байхгүй гэсэн нь сонирхолтой гаргалгаа юм.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ