Тулын ходоодноос хонины шийр их гардаг

“Мармуушк" Хуягаа гэхээр загасчид андахгүй. Ганцхан өдөрт 185 загас барьж байсан. Эцэг нь буурал Бямбадорж гэж Ховдын Дарвийн дал гаруй настай ануухан өвгөн бий. Хамгийн том загас барьсан Бямбадорж гуайн амжилтыг Монголд ямар ч аавын хүү эвдээгүй. Түүний хүү Батхуяг үе дамжсан загасчин. Улаанбаатарын утаа тортогноос үе үе дайждаг загасчны аманд “дэгээ шидэхүй” нэгэнтээ ийн хүүрнэсэн билээ.
-Таныг яагаад “мармуушк” Хуягаа гэдэг юм бэ, хоч уу?
-Мармушка гэж өвөл загас барьдаг дэгээний нэр л дээ. Би садуркнаас бусад бүх хэрэгслээ өөрөө хийдэг. Ялангуяа мармушка хийхдээ арай мэргэжсэн гэх юм уу даа. Гол нь Монголын нөхцөлд загас барихад тохиромжтой. Тусгай хүндрүүлэгчтэй дэгээ. Өөрөө хийсэн болохоор барихад ч арай дөхөмтэй. Загасчдын захиалгаар олныг хийж өгсөн дөө. Тэгээд л намайг загасчид “мармуушк” Хуягаа гэцгээдэг юм.
-Хэдийнээс эхэлж загасчлав. Ямар ямар голд дэгээ шидэж явав даа?
-Дөрөвдүгээр ангиасаа аавыгаа дагаж өвлийн загасанд явж эхэлсэн. Намайг Туулын мөсөн дээр хонуулж байхад аавыг маань хүмүүс мөн ч бөх зүрхтэй хүн гэцгээж байсан юм гэдэг. Найм, есдүгээр ангиасаа бие дааж загасчлах болсон доо. Монголд ер нь миний загасчилж үзээгүй гол бараг байхгүй.
-Огт загасгүй гол гэж 5айх уу?
-Ховдын Бодончийн гол ердөө загасгүй. Гялтгануурын уурхайтай болоод тэр байх. Жар, далаад онд аль ч голд загас элбэг байлаа. Наяад оны сүүлчээс л ховордчихсон. Ялангуяа Туулд. сонирхогчид олширсон. Усанд дэлбэлж, тор тавьж гэх мэт янз янзын хориотой аргаар барих болсноос, бас үржлийн үед нь загасчилдгаас ховорджээ.
-Одоо хамгийн элбэг загастай гол...
-Шишгэд, Сэлэнгэ, Халх гол юм билээ. Харин хамгийн том загастай нь Халх гол.
-Тэгвэл загасчлахад хамгийн амаргүй гол гэвэл?
-Архангайн Суман гол. Хадан хясаан дээрээс дэгээ шидэж барьдаг.
-Таны рекорд...
-1995 онд Завхан голоос өдөрт 185 хадран загас барьж үзсэн. Дандаа 80 см-ээс урт. Өглөөний 10 цагаас оройн 17 цагийн хооронд. Мөн Хэрлэнгээс нэг өдөр 18 тул барьж байлаа.
-Ганзага хоосон буцаж үзсэн үү?
-Үгүй дээ. Гэхдээ Хэрлэн голд хоёр, гурван тулаа дэгээнээс нь тас татуулж явсан. Лав метр тавиас дээш байсан байх. Харин гадаадынхан манай голоос загас бараг барьж чаддаггүй. Монголын уул ус гадныханд харам шүү. Ямар сайндаа Америкийн элчингийн эмч Дэвид гэдэг залуу “Эхнэр минь төрөх гээд байна” гэж гуйхаар нь метр гаруй цурхай барьж өгч байхав. Монгол заншлаар бол хонины шөлтэй адил юм гэсэн.
-Анд ганзага нийлэхгүй гэдэг шиг загасчлахад тийм явдал байдаг уу?
,Байдаг юм. Эмэгтэй хүн дагуулж явдаггүй.
-Анчид чоныг хийморьтой амьтан гэдэг шиг загасчдын хувьд...
-Метр гаруй тул бол чоно л гэсэн үг, хийморьтой доо. Үүнийг загасчид л мэдрэх байх. Барихад ч их авьяас шаардана. Том тул, цурхай хоёр Монголын гол мөрөндөө бол акул. Бусад загас ёстой үнхэлцгээ хагартал айдаг юм.
-Та ер нь хичнээн тул барьсан бэ?
-Нийтдээ зуу гаруй. Хамгийн том нь нэг метр 45 см байлаа. Өнгөрсөн намар Өвөрхангайн Бат-Өлзийтөд Орхон голд 16 том тул харсан. Лав л зургаа нь хоёр метр гаруй, бусад нь арай жижиг. Тэднээс хоёрыг нь барьсан. Гэхдээ хамгийн багаас нь барьчих шиг болсон. Өөрийнхөө хийсэн халбагатай дэгээгээр нэг дороос таван тул авч байлаа. Зургаадахийг нь тасдуулчихсан юм.
-Хүн хүний загас барьдаг арга өөр биз.
-Өө тэгэлгүй яахав. Манай галд гэхэд Өлзийхишиг гуай, өндөр Батаа, Батболд, Бадам гээд надаас гадна дөрвөн хүн бий. Дэгээ шидэцгээхэд Өлзийхишиг гуай хамгийн түрүүнд барьдаг. Насаараа загасчилсан, барьж үзээгүй загас ч гэж байхгүй хүн дээ. Харин Батаа урт уургаар тул барьчихдаг хачин хүн. Метрээс илүү тул ч усандаа дийлдэхгүй шүү дээ. Батболд гол төлөв томыг нь гэх мэт хүн хүн өөр.
-Хамгийн том загас...
-Хилэм, цурхай, тул. Гэхдээ хилэм маш ховор.
-Хамгийн амттай махтай загас...
-Хилэмний мах хамгийн дээд зэргийнх. Тэгээд тул, хадран, Хөвсгөлийн цагаан загас. Хөвсгөлийн цагаан загасыг эмчилгээний зориулалтаар олон юманд хэрэглэдэг болж. Загас усны амьтан болохоор мах нь бүх төрлийн эрдэс тэжээлээр арвин. Тэгээд ч загасны шөл ядаргаанд онцгой сайн шүү. Оросын баатар цагаан хаан хүртэл захиалгаар авчруулж хэрэглэдэг байсан гэсэн.
-Таныг хэвтрийн хүнийг загасны шөлөөр хөл дээр нь босгосон гэж сонссон юм байна.
-Манай хажуу айлын жар гарсан хөгшин нарийнтаад эмчилгээгүй гээд эмнэлгээс гарсан юм. Өдөртөө аяга хярамнаас өөр юу ч цаашаа орохоо больчихсон хүн. Нэг өдөр би дан хадрангийн махаар шөл хийгээд уулгачихваа. Тэгсэн чинь маргааш нь гадаа явж байгаа харагдана. Нөгөө шөлийг чинь уугаад учиргүй их хөлөрч, нам унтчихсан гэнэ. Өглөө бие нь бүр хөнгөрөөд салхинд хүртэл гарч явахав дээ. Дараа нь тэнхэрсэн хойноо нутаг өөдөө явсан. Хуучны улсууд хонины шөлөөр тэнхэрч чаддаггүй амаржсан эхэд загасны махаар шөл хийж өгдөг байсан юм гэнэлээ.
-Барьсан загасаа өөрөө янзалдаг уу?
-Эхнэр маань янзалдаг. Загасныхаа дээжээс хамгийн томыг нь аавдаа аваачиж өгдөг. Янзлахад хамгийн төвөгтэй загас бол алгана. Хайрс нь салж өгдөггүй балиар загас.
-Нэг загаснаас хэдий хэмжээний мах гардаг вэ. Махаар нь ямар хоол хийхэв?
-Метр гаруй тулнаас 10 гаруй кг, метр 30, 40 см болохоороо 20 гаруй кг мах гардаг. Чанаж шөл гаргана, шарна, хонины сүүлтэй хольж хуушуур хийхэд маш амттай. Дан загасны толгойг ногоо, чинжүүтэй холиод битүү шөл хийж уухад ч ёстой нэг нам унтана даа. Маргааш нь зовхи хавдчихсан босдог юм. Ядаргаа хийссэн юм шиг л арилна.
-Танай хоолны цэсний хэдэн хувийг загас эзэлдэг вэ?
-Би хоёр долоо хоног болгон загасанд явдаг. Ер нь загасны махаар тасардаггүй. Өдөр болгон эс ч өнжөөд иддэг. Заримдаа загасанд явъя гээд гадаа машин ирэхэд таван минутын дотор л бэлэн болно шүү дээ.
-Загасны ходоодноос захидалтай лонх, алтан бөгж арай олж байсан юм биш биз дээ.
-Ёстой янз янзын юм гарна шүү дээ. Чонын ходоод л гэцгээдэг. Загасны ходоод чонынхоос илүү. Гурван салаа дэгээ олныг авсан даа. Өргөс нь байтугай дэгээ нь бараг хайлчихсан байдаг юм. Тулын ходоодноос хонины шийр их гардаг. Хоолны халбага, том жижиг чулуу, бүхлээр нь залгичихсан жижиг загас, оготно, зурам, мэлхий, нугас, ангирын дэгдээхэй гээд... Өвөрхангайд загасчилж явахдаа хоёр нугас хөвж явсны нэгийг дороос нь залгичихыг хүртэл харсан.
-Загасчлах хорхой гэж чухам юу юм бэ?
-Загасчлах нь чухамдаа жинхэнэ амралт. Бас хор шар. Уул, усны дунд байнаа гэдэг чинь ус, агаарыг дэндүү мэдэрдэг юм. Тиймээс ч сүүлийн үед дарга нарын хобби болж байна. Урьд Ж.Самбуу гуай сайн загасчин байлаа. Д.Содном гуай одоо хүртэл загасчилдаг. Самбуугийн, Содномын гэсэн нэртэй тохой байдгийг загасчид андахгүй.
-Амаргүй үе тохиолдох уу?
-Өвлийн загас барихад жаахан хэцүү дээ. Метр илүү гүн мөс өрөмдөж цоолно. Мөсөн дороос загас татаж гаргахад нарийн ур чадвар шаардана.
-Монголд хэнийг толгой загасчин гэж боддог вэ?
-Жараад онд Барилгын зургийн институтийн бүриад Дондог гэдэг хүн Туул голоос өдөрт мөтр илүү 22 тул барьж байсан. Түүний энд хүрсэн хүн үгүй. Тэр үөд зохиогддог байсан спорт агнуурын тэмцээнд аав түрүүлж байлаа. Аав хэдэн ч хүнтэй явсан хамгийн том загасыг нь барьдаг байсан. 1966 оны их үерээс өмнө Баянзүрхийн гүүрний доохноос аавын барьсан тулыг манай зуслангийнхан гурав хоног шарж идээд бараагүй байсан юмдаг.
-Та олны танил ямар хүмүүстэй загасчилж явав?
-Томчуудтай нэг их явж байсангүй. Харин гадаадын зарим хүмүүстэй загасчилж байсаан. Чехсловакийн хуучин хоёр элчин сайд, Оросын элчингийн зөвлөх, Чөхийн алтны үйлдвэрийн дарга, СОТ- III гэж байх үеийн мэргэжилтнүүдтэй хол ойр зөндөө явсан.
-Энд тэнд загасчилж явахад ер бусын юм тохиолдох уу?
-Онцгой загас гэж байдаг юм. Түүнийг барьсан ч тавих ёстой. Нэг удаа Хөвсгөлөөс цав цагаан тул барьснаа тавьчихсан. Урьд нь нутгийнхнаас ийм загас хааяа тааралддаг, барьж болохгүй гэдгийг сонссон байсан. Тэгээд ч загасчин хүн уул ус, лус савдгаа шүтэж явах учиртай. Бас Хэрлэнгээс ганц нүдтэй зэвэг загас барьж, мөн л усанд нь буцаагаад тавьсан. Түүнийх ч юм уу, ангийн тэнгэр хариагүй л байна.
-Хэрвээ Ерөнхийлөгч эагасанд хамт явъя гэвэл яах вэ?
-Явалгүй яахав. Ерөнхийлөгчийг би сайн загасчин гэж сонссон юм байна. Анд ам гарч болохгүй л дээ. Гэхдээ лав л ганзага хоосон ирэхгүй байх.
-Загастай загасгүй ус, ер дэгээнд ямар загас орсон ээрэг нь мэдэгдэх үү?
-Туршлагаараа гадарланаа. Юу ч гэмээр юм, загастай ус андашгүй байдаг юм даа. Дэгээнд тул орсон бол шууд цойлдог, бусад загас чангаадаг.
-Анчин хүн буугаараа гайхуулдаг шиг загасчид...
-Загасны хэрэгслээрээ гайхуулалгүй яахав. Батжав гэж хүн бий. Гойд сайхан хэрэгсэлтэй. Голланд, Финланд, Швөйцариас авчруулсан юм гэсэн.
-Та нөгөө нэрд гарсан дэгээнүүдээ чухам хэдийг хийсэн бэ?
-Өвлийн дэгээ 7000 орчим, халбагатай дэгээ 4000 гаруй. Надад гурван хүн загасчлахад элбэг хүрэлцэхээр хэрэгсэл бий.
-Загасчдад хөгтэй явдал бишгүй л тохиолддог биз дээ.
-Зоос гоёлын үйлдвэрийн дарга Доржпүрэв бид хэд загасчилж байтал мань эрийн дэгээнд том тул орчихож. Татаад дийлэхгүй болохоороо Сүхээтэй хамжиж. Дараа нь би очиж хоёр бургасны хоорондуур татаж захдуулж байтал мань хүн ус руу үсрээд тулан дээрээ мордчихлоо. Тэгээд шилэн хүзүү рүү нь дүрэх гэснээ загасаа хайрласан уу, яасан юм хутгаа шидчихдэг юм байна. Хоёр нүдэнд нь хүрэв үү, үгүй юү тул ч сүүлээрээ цохьчихоод алга боллоо. Мань эр ч толгойгоороо усанд годройтох нь тэр.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ