“Сайн үйлсийн төлөө хамтдаа” гэх чамин уриатай нударган зодоон

Загварын тайзнаа толгой гэдгэр алхан, чамин дэгжин хувцас гоёлоороо гайхууланхан зогсдог моделиуд өнгөрөгч долоо хоногийн сүүлээр сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдсөн.

Манайдаа л гайгүй гэсэн тодотголтой хэд хэдэн загварын агентлаг нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, түүнийгээ “Сайн үйлсийн төлөө хамтдаа” хэмээн уриалсан нь олон хүний анхаарлыг татсан нь мэдээж.

Тус тэмцээндзагварын таван агентлагийн 14 баг “тамирчид” хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд турьхан охид, гоолиг залуус маань энэ удаа хэрхэн сагсан бөмбөгөөр өрсөлдөхийг сонирхсон үзэгчид сүүлдээ бүр алмайрч хоцорсон гэдэг.

Учир нь, мөнөөх “Сайн үйлсийн төлөө хамтдаа” уриан дор нэгдсэн гэх “нөхөрсөг” загвар өмсөгчид маань өөр хоорондоо муудалцан тоглолтын талбай дээр нударга зөрүүлэх дээрээ тулсан юм байх.

Өчүүхэн маргаанаас үүдсэн уур бухимдлаа барьж дийлэлгүй сагсуурч, сагсан бөмбөгийн тэмцээнээ “ширэн бээлийтнүүдийн зодоон” аятай болгож орхисон тэдгээр загвар өмсөгч залуусыг агентлагийнх нь удирдлагууд хэрхэн сургасан юм бол доо...

Аягүйдвэл энэ мэт овилгогүй залуус цаашид загварын томоохон арга хэмжээнд оролцохдоо хүртэл нударга зөрүүлэн нүдэлдэж, шилдэг дизайнеруудын маань ур ухаанаа шингээн байж урласан гайхалтай бүтээлүүдийг урж тасдах дээрээ тулах вий.

Шөнийн цэнгээний газарт тайчигч охидтой эрээ цээргүй наадан бүжиж, элдэв сархад тэргүүтнээр ширээ юугаан чимсэн загвар өмсөгч залуусын зугаа цэнгэлийн зураг хөрөг цахим ертөнцөөр тархах нь олширсон энэ үед “Сайн үйлсийн төлөө хамтдаа” хэмээх чамин уриатай нударган зодоон бас дутав л гэж...

“Мөнхийн өрсөлдөөн өрнөдөг” гэх загварын ертөнцөд хөл тавьсан охид хүүхнүүд нь хөшигний ард зодоон цохион хийж, бие биенийхээ хувцас гоёлыг сүйтгэж гэмтээх, эд зүйлийг нь хулгайлах гэх мэтээр атаа жөтөө, хэрүүл маргааны сэдэвтэй элдэв яриа өдгөө ч хэвлэлийнхэний анхаарлыг татсан хэвээр. Энэ талаар ихэнх загвар өмсөгчид нуудаггүй боловч ил далд байдлаар иймэрхүү хонзогнол “мөнхөд” үргэлжилнэ гэдгийг мэддэг нь үнэн. Загварын тайзнаас миссийн тэмцээн рүү “үсэрч”, титэмтэй модель нэр зүүсэн олон охид баян чинээлэг эрчүүдтэй нэр холбогддог нь ч нууц биш. Эхнээсээ зарим нь алдарт “Дон жуан”-уудын ээлжит амрагаар тодорч, хөрөнгө мөнгөөр нь гайхуулж, үр хүүхдийг нь төрүүлдэг сонин “моод” дэлгэрсэн гэхэд хилсдэхгүй.

Харин өдгөө охид хүүхнүүдээсээ ч дутахааргүй үс, зүсээ гоёж гоодон гунхах болсон загвар өмсөгч залуус нь бэлтэй авгайчуулын хэтэвчинд “багтаж”, бие биедээ хэрхэн зугаацахыг зааж суудаг болсон нь бас л үнэн гэлцдэг. Сүүлдээ бүр элдэв янзын уриан дор өндөр бооцоотой тэмцээн уралдаан зохион байгуулж, таалагдахгүй байгаа нэгэндээ “цаг алдалгүй” нударганы амт үзүүлж явдаг болох нь. Энэ ч арай дэндэнэ ээ. Охид хүүхнүүд нь “топ”-ын төлөө үхэн хатан тэмцэлдэж, элдэв шалдав нүцгэн зургуудаараа эрчүүдийн анхаарлыг татах гэж оролдож байхад эрчүүд нь эрээ цээргүй зугаацаж, балмад танхай авирлах болсон “ЗАГВАРЫН ЕРТӨНЦ”-ын балаг үүгээр дуусахгүй нь бололтой.

Юутай ч, дуулиан ихтэй өрнөсөн энэхүү тэмцээний шилдэг эрэгтэй багаар “Монгол модель” агентлаг, шилдэг эмэгтэй багаар “Андра модель” агентлаг тодорсон бөгөөд хүрэл медалийг “Азийн модель” агентлаг хүртсэн юм. “Андра модель” агентлагийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртэн шилжих явах цомын эзэд болсон. Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан гол зорилго нь Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төвийн Нялхасын яаралтай тусламжийн газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгөх явдал байсан бөгөөд алтан медаль авсан “Монгол модель” агентлагийнхан нийт цугласан бооцооны мөнгөөрөө авсан тоног төхөөрөмжийг Эх нялхсын эмч нарт гардуулжээ.

С.Цахиур

www.zone.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ