Дундговийн Дэндэв зайран тарнийн аргаар буг үүсгээд дархан газар болгодог байв

Монголчуудын ухааныг барж идэх биш дээ. Бид өөрсдийгөө цөлх хар ухаантай гэдэг. Гэтэл зөвхөн цөлх хар ч бус ид шидийн буюу тарнийн арга, гүн ухааны мэдлэгээрээ гаргууд байсан нь олон юман дээр харагддаг билээ. Тийм зүйлийн жишээ болгон говийн нэгэн мэргэний арга чаргаас уншигчдадаа хүргэе.

Энэ хүн бол нутаг усандаа “Зайран” хэмээн алдаршсан Дэндэв гуай юм. Бодит хүн гэдгийг юуны өмнө дуулгах нь зүйтэй байх. Бүр дал, наяад оныхон андахгүй хүн юм билээ. Энд өгүүлэгдэх түүхийг тэр нутагт олон жил бага эмчээр ажилласан, одоо гавьяаныхаа амралтад сууж буй Зэвэгээ гуай ярьсан билээ.

Эл хүн бол Монголын тавь, жараад оны шилдэг бага эмч нарын нэгэн юм. Тэрүүхэндээ бас бага зэрэг хэлмэгдсэн гэж байгаа. Өөрөө “бага зэрэг” гэдэг ч их эмч болгохгүйгээр шийтгэсэн нь одоо бодоход их хэлмэгдүүлэлт баймаар санагддаг билээ. Бүхэл бүтэн хүний хувь заяа, амьдралаар тоглосон байгаа биз. Тэр тухай товчхон өгүүлээд цаашаа одъё. Энэ түүх ч өөрөө Дэндэв зайрантай бас холбогдох юм.

Зэвэгээ гуай тавиад оны эхээр Архангайн Хүн эмнэлгийн техникум төгсөөд тэр үеийн Эрүүлийг хамгаалахын сайдын томилолтоор Дундговийн Сайхан-Овоод бага эмчээр очжээ. Дөнгөж хорь гарч яваа эр хүний газар, гүний нутагт очсон ч хөл алдсангүй аж. Төрийн сайдын томилолтоор яваа учраас төрийн албан хаагч болчихгүй юү. Тэгэхэд говийнхон гэлтгүй Монголын бүх аймаг, суманд элдэв өвчин элбэг, тэр дундаа тэмбүү ярандаа бараг баригдчихсан байжээ.

Улсын бодлого ч тэр зүгт чиглэсэн байсныг өгүүлэх юун. Тэмбүүгийн тариа болох “бхинол”-ыг ёстой авдар авдраар авч очсон гэдэг. “Улаан тариа” гэдэг чинь шүү дээ. Залуухан эмч сумаас гаргаж өгсөн гэрт байрлан нэгэн модон амбаарт үзлэг, эмчилгээ хийдэг байжээ. Бас болоогүй цэргийн төмөр ор тавтай гэж байгаа. Таван хүн хэвтүүлэх тасаг юм даа. Эхний хэдэн өдөр хүн хар үзүүлсэнгүй гэнэ.

Хөдөө газар учраас өвчин, хамуу гайгүй юм байлгүй дээ гэх ухааны юм бодож суужээ. Гэтэл тийм байж. Өвчтэй хүмүүс Дэндэв зайрангийнхыг зориод байж л дээ. Дэндэв зайран зүгээр нэг зайран биш, нутаг усандаа алдартай оточ юмсанж.

Оточ гэдэг нь одоогийнхоор мэргэшсэн эмч гэсэн үг юм. Буддын гүн ухааны таван ухааных нь нэгэн болох анагаах ухаанд суралцсан хүн гэсэн үг л дээ. Зэрэг ахичихвал маарамба болчихно. Анагаахын доктортой адил гэх үү дээ. Амьтан, ургамлын гаралтай ардын эмээр эмнэдэг, судас, шээсээр оношлодог гээд юм юм байлгүй яахав.

Тэгж байтал нэг өглөө өвчтэй хүүхдээ сундалсан хүн иржээ. Хүүхдийг нь үзвэл ангинатаад хоолой нь идээлчихсэн, бараг боохдоо тулсан байжээ. Их өндөр халуунтай, огиж бөөлжсөн хүүхэд байжээ. Хэвтүүлж аваад эмчилсэн байна. Цагаан стрептоцид гэх эмийг өдрийн гурваар өгөхөөр бичжээ. Өөр эм бараг байгаагүй юм байх.

Өнөө хүүхэд нь өглөө, өдөр эмээ уугаад оройн эм уухын өмнө бүр сэргээд, халуун нь буучихсан байжээ. Цай уугаад, хоол идээд бүр босоод ирсэн гэх. Аав нь ёстой ид шидийг үзнэ гээч болсон юм байх. Хүүхдийнхээ толгойг байн байн бариад, гайхаад байсан гэдэг. Үүнд хоёр зүйлийн нөлөө байгаа юм.

Нэгд, тэр үеийн хүмүүс одоогийнх шиг эмээр бөмбөгдүүлж өсөөгүй болохоор бие махбод нь эмийн үйлчилгээ авахдаа сайн байсан хэрэг л дээ.
Хоёрт, өвчний үүсгэгч эмэнд дасаагүй тул маш мэдрэмтгий буюу амархан үхдэг байж. Иймээс цагаан стрептоцид гэх эмийг гурван ширхгийг уугаад л эдгэхгүй юү.

Одоо бол гурван сая антибиотик тариад ч дарагдахгүй шүү дээ. Тийм л юм болсон байна. Тэр мөчөөс Зэвэгээ эмчийн ид шид тэр хавиар ёстой шуугиан тарьсан юм байх.
Өвчтэй, зовлонтой хүмүүсийн цуваа тасрахаа байсан гэнэ билээ. Ийнхүү өвчтөндөө дарагдан суутал нэг өдөр нүдэнд дулаахан идэр эр ороод иржээ. Өөрийгөө Дэндэв хэмээн танилцуулсан байна. Гэхдээ өвчин, зовлон ярилгүй аминчхан яриа дэлгэжээ.

“Та ирсэн нь их сайн боллоо. Би үе дамжсан оточ хүн л дээ. Энэ нутгийнхаа ганц эмч нь байлаа. Одоо хоёулаа болов. Шинжлэх ухааны эмнэлэг, эмийг би гадарлана аа. Цаг нь ч тийм боллоо. Ерөнхийдөө та эмчилгээгээ хариуцаад явна биз. Хэрэв хүсэн зорьж ирсэн хүн байвал би үзээд барахааргүй бол тань руу илгээж баймз.

Ер нь хоёулаа хамтарч ажиллая” гээд сэтгэлийнхээ үгийг ярьжээ. Удахгүй өнөө хүнийг Дэндэв зайран гэдгийг мэдэж авсан байна. Бүр орж, гардаг ч болжээ. Илүү гэртээ эмийн бүтээгдэхүүн болох өвс ургамлыг төрөл төрлөөр нь хадгалсныг нь ч үзжээ. Эмээ өөрөө тун жороор нь найруулдаг, гүрэм засал ч хийчихдэг байсан нь мэдээж.

Ингээд хоёул тэр нутгийнхныг Европ, ард хосолсон эмчилгээгээр анагааж гарсан гэдэг. Тун удалгүй “Дэндэв зайран тань дээр оч гэв” гэсэн хүн иржээ. Байдлыг үзвэл их л зовиуртай нэгэн байжээ. Үзтэл бага аарцгийнх нь хөндийд идээ хурсан/парапроктит/ өвчтэй хүн байжээ.

Жил орчим шаналж байгаа юм байх. Ингээд мэс заслын эмчилгээ хийн тэр хавиас нь литр орчим идээ аваад цагаан стрептоцидээ уулгажээ. Оройхон хэрд “Ёох, сайхан боллоо. Ингэж нэг бие тавирдаг юм байж. Жил шахуу түрүүлгээ харж хэвтсэн дээ” гээд уйлжээ.

Иймэрхүү зүйл аль олон тохиосныг хэлж барах билээ дээ. Тэр жил Цагаан сар болохын өмнөхөн ширүүхэн довтолгоон болжээ. Аймаг, сумын дарга нар нь айл хунараар орж, Цагаан сар хийлгэхгүй, архи нэрүүлэхгүй гэхдээ бүрхээр, жалавчийг нь хураан, устгаж гарчээ. Машинтай давхиж очоод бүрхээрийг нь гэрээс нь гарган дайруулж, жалавч энэ тэрийг нь бензин цацаад шатааж орхидог байсныг нүдээр үзсэнээ Зэвэгээ гуай ярьсан юм.

Тэгээд нэг үг дарга нарын амнаас унажээ. “Манай сум Европ эмнэлэгтэй боллоо. Одоо Дэндэв зайрангийн хэрэг байхгүй” гэх маягтай юм ярьсан байгаа юм. Нэг өдөр Дэндэв ирээд “За, би ч хөдөөлдөг юм бил үү?

Хүн хар үзэж болохгүй гэж байгаа юм байх аа. Чамд гэж хэлэхэд хэдэн чухал судар байгаа юм. Тэд оргүй шатаачих биз. Хэрэгтэй газар нь хүргэх гэхээр холдоод байна. Чамд хэсэг хадгалуулдаг юм бил үү дээ гэж ирлээ. Чамаас өөр найдах хүн алга” гэжээ.

Ингээд гурван судар хадгалуулсан байна. Түүнийг нь санаанд ч үгүй дэрэн доогуураа шургуулж орхиод “Би нууцхан газар хадгалъя” гээд гаргажээ. Ингээд тас мартаж орхисон байгаа юм. Орных нь гудсан дор хэвтээд бараг сар болжээ.

Аймгаас ирсэн нөхөд Дэндэв гэлэнгийнхийг зад нэгжээд, ургамал, өвсийг нь шатааж орхиод, дахиж хүн амьтан эмнэхгүй гэх ам өчиг аваад орхижээ. Гучин хэдэн оных шиг юм арай бололгүй нэг юм салжээ. Тэд тэр хавийн айл өрхүүдийг нэгжиж барьж явсаар Зэвэгээгийнд буужээ.

Ингээд жаал ярьж хөөрч сууснаа “Ёс юм” гээд тэднийхийг нэгжсэнээр бөөн хэрэг мандахгүй юү. Европ эмчийнх нь гудсан дороос ламын эмнэлгийн ном, судар гарахгүй юу.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ