Сайн дураараа цэргийнхэнд биеэ тушаа гэв

“Цуу яриа, худал мэдээлэл тарааж, үймээн дэгдээхийг уриалахыг таслан зогсоохыг” үүрэг болгосон тушаал Тайландын засгийн эрхийг гартаа аваад буй армийнхан гаргажээ.

Тайландын ерөнхий сайд асан Ийнглак Чинаватра болон түүний гэр бүлийнхэн, хуучин сайд нар, зөвлөхүүдийг ирж, тус орны шинэ эрх баригчидтай уулзахыг тушаажээ. Нэг ёсондоо энэ нь сайн дураараа бууж өгч, цэргийнхний зохион байгуулах шүүхийн өмнө биеэ тушаахыг уриалсан нь энэ юм. Өнгөрсөн пүрэв гаригт засгийн эрхийг авсан "Энх тайван, хэв журам сахиулах командлал" нэртэй цэргийнхний удирдлагууд зохих тушаалыг гаргасан байна.

Цэргийнхний гаргасан жагсаалтад 23 хүний нэр байгаа ажээ. Тэдний олонх нь тус орны хуучин удирдлагатай холбоотой байна. Энэ хүмүүс ямар зорилгоор армийн штабт очих ёстойг мэдээлэхгүй байгаа.
Ийнглак Чанаватраг тавдугаар сарын эхээр Үндсэн хуулийн шүүх албан тушаалаас нь огцруулсан юм. Цэргийн эргэлт гарахаас хэдхэн өдрийн өмнө тэр Камбожид харагдсаныг эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Үүнээс хойш тэр Тайландад эргэж ирсэн эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.
Цэргийнхэн засгийн газрын хуучин гишүүдийг баривчилж эхэлснийг пүрэв гаригт мэдээлсэн байна.

Тайландын түр засгийн газрыг засгийн эрхээс зайлуулсан "Энх тайван, хэв журам сахиулах командлал" засгийн бүх эрх энэ бүтцэд шилжсэнийг пүрэв гаригт зарласан бөгөөд үүнийг хуурай замын цэргийн командлагч, генерал Прают Чан-Оча тэргүүлж байгаа ажээ. Түүний орлогч нарын дотор цэргийн дээд бүлгийнхэн, түүнчлэн вант улсын үндэсний цагдаагийн газрын тэргүүн байна. Цэргийнхний тушаалаар үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоожээ.

Вант улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, түүнчлэн дотоодын аюулаас хамгаалах нь Тайландын вант улсын зэвсэгт хүчний гол зорилт байдаг юм.
1943 оноос эхлэн цэргийнхэн 18 удаа төрийн эргэлт хийжээ. Сүүлийн эргэлт 2006 онд болж, тэгэхэд ерөнхий сайд Таксин Чинаватраг засгийн эрхнээс зайлуулсан билээ.
Тэгэхэд цэргийнхний оролцоотойгоор Тайландын шинэ үндсэн хуулийг боловсруулж, баталсан бөгөөд одоо энэ гол хууль засгийн газар, сөрөг хүчний аль алины санаанд нийцэхгүй байгаа юм.
Одоогийн цэргийн эргэлтийн өмнө эсэргүүцлийн ажиллагаа хагас жил гаруй үргэлжилж, энэ хугацаанд олон арван хүн амь насаа алдаж, олон зуун хүн шархадсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ