Тайландын экс ерөнхий сайдыг баривчилжээ

Тайландад төрийн эргэлт хийсэн цэргийнхэн тус орны ерөнхий сайд асан Ийнглак Чинаватыг баривчлан хорьсон байна. Ройтерс агентлаг цэргийн төлөөлөгчийн хэлснийг иш татан баасан гаригийн үдэш энэ талаар мэдээлжээ.
Засгийн газрын хуучин тэргүүний хамт өмнө нь засгийн газарт дээгүүр алба хашиж байсан түүний гэр бүлийн гишүүдийг бас саатуулсан байна.
Чинаватыг эгч болон нөхрийнхөө хамт цэргийнхний шаардсанаар хуурай замын цэргийн штабт сайн дураараа ирсний дараа баривчилж хорьжээ. Тайландад тавдугаар сарын 22-нд төрийн эргэлт гарсан юм. Тус улсын армийн командлагч генерал Прают Чан-Оча өмнөх дэглэмийг түлхэн унагаасан тухай зарлаад байгаа юм.
Амгалан тайван байдал, дэг журам сахиулахын тулд ингэх шаардлагатай болсон ба бүх нөхцөл байдлыг хяналтдаа авахыг арми, флот, зэвсэгт хүчин, цагдаагийнханд тушааж байна” гэж тэр ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ мэдэгдсэн билээ.
Мөн тавдугаар сарын 22-ноос эхлэн байлдааны цагийн байдал тогтоож хөл хорьсон юм. Бидний үйлдэл нь засгийн эрхийг булаан авах гэсэн оролдлого биш хэмээн тэгэхэд цэргийнхэн мэдэгдэж байв. Ингэхдээ байлдааны цагийн байдал тогтоох тухай шийдвэрийг засгийн газартай зөвшин тохироогүй байна.
Өмнө нь болсон үйл явдлыг дурдвал тавдугаар сарын эхээр Тайландын Үндсэн хуулийн шүүх ерөнхий сайдын үүрэг түр гүйцэтгэгчИйнглак Чинаватыг огцруулахаар шийдвэрлэжээ. Оронд нь өөрийн садангийн хүнийг томилох зорилгоор 2011 онд Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн нарийн бичгийн даргыг хууль бусаар халсан гэж түүнийг буруутгасан байна.
Таиландад засгийн газрын эсрэг жагсаал бүр 2013 оны арваннэгдүгээр сард эхэлсэн юм. Эсэргүүцэл илэрхийлэгчид засгийн газрын үүрэг гүйцэтгэх “ардын зөвлөлийг” тус оронд байгуулахыг шаардаж байгаа юм. Эрх баригчид өргөн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаанаас болоод нэгдүгээр сард онц байдлын горим зарласан. Хоёрдугаар сарын эхээр тус оронд парламентын завсрын сонгууль явуулсан ч, үүнийг сөрөг хүчин тасалдуулсан билээ. Тийнхүү санал хураалтын дүнг хүчингүй болгосон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ