Украинд гадаадын хөлсний этгээдүүд ажиллаж байна

Украинд гадаадын олон арван цэргийн хөлсний этгээд Киевийн эрх баригчдын талд ажиллаж байгаа тухай мэдээ баримт ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабт байгаа гэжээ.

Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн гуравдугаар бага хуралд оролцсон ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгч ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээллээ.

“Бидэнд байгаа лавтай мэдээгээр, гадаадын олон арван цэргийн хөлсний этгээд, түүний дотор америкчууд Украины зүүн өмнөд бүс нутагт болж буй цэргийн ажиллагаанд Киевийн эрх баригчдын талд ажиллаж байна” гэж жанжин штабын төлөөлөгч хэлжээ.

Үүний зэрэгцээ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Андрей Келин тус байгууллагын байнгын зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ, Украинд оросын хорлон сүйтгэгчид байхгүй, харин америкийн хөлсний этгээдүүд Украины зүүн өмнөд бүс нутагт үймээнийг дарахын тулд украины хүчний байгууллагынхны үйл ажиллагааг зохицуулж байна гэж мэдэгджээ.

“Тэнд манайхан (АНУ-ын хөлсний этгээдүүд) байхгүй хэмээн бидэнд батлан илэрхийлж байсан юм. Гэвч одоо гадаадын хөлсний этгээдүүд Украинд яалт ч үгүй байна гэсэн мэдээ Оросын биш, харин өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, тухайлбал германы нэр хүндтэй “Бильд” сонинд гарлаа” гэж Келин хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ