Тэнгисийн ёроолоос олдсон аппарат эзнээ хайж олжээ

Канадын хамгийн том хотод тооцогдох Ванкувертэй адилхан нэр бүхий нэгэн арал Канадын баруун өмнөд эргийн ойролцоо оршдог аж. Тэр арлын дэргэд дадлагын ажил хийж явсан хоёр шумбагч оюутан усны гүнээс нэгэн сонирхолтой зүйл олжээ.

Чухамдаа далайн усны гүнд зэвэрч, замганд баригдсан дижитал зургийн аппарат олсон боловч хэргийн учир өөр зүйлд байв. Оюутнууд дижитал аппаратыг онгойлгож үзэхэд далайн амьтад дүүрэн чигжсэн бөгөөд санах ойн карттайгаа байжээ.

Гэтэл ер бусын зүйл болж тэрхүү санах ойн карт юу ч тохиолдоогүй мэт хэвийн ажилласнаар барахгүй дотроо дүүрэн гэрэл зураг, дүрс бичлэгүүдтэй байв.

Саймон Фрэйзерийн их сургуулийн тэнгисийн экологийн ангийн оюутнууд далайн усанд хэдэн жил ч хэвтсэн байж мэдэх аппаратын эзнийг олж мэдэх юм хэмээн сэтгээд твиттер, фэйсбүүктээ энэ явдлын тухай бичиж постлоод санах ой дотор байсан нэгэн зургийг хавсаргасан байна.

"Осолдсон" дижитал аппаратын адал явдал ингээд дууссангүй, оюутнуудын санасан нь ч зөв байжээ. Удалгүй Канадын эргийн хамгаалалтын албанд ажилладаг аврагч залуу хоёр жилийн өмнө буюу 2012 онд яг аппарат олдсон газар болох Ванкувер арлын ойролцоо осолдсон нэгэн хувийн онгоцны эзнийг гэрэл зураг дээр байна хэмээн таньжээ.

Живж буй онгоцноос аварсан хүнээ аврагч залуу мөн хэмээн батлаад удалгүй Пол Баргойне хэмээгч болохыг баримтаар өгүүлсэн төдийгүй түүнтэй холбоо барьсан байна.

Пол Баргойне сүүлд нь ABC News агентлагт өгсөн ярилцлагадаа "Эхнэр маань энэ явдлыг сонсоод маш их гайхаж бас инээгээд л байсан" хэмээжээ.Мөн тэрээр 2012 онд дарвуулт онгоцоороо зугаалж яваад Ванкувер арлын ойролцоо осолдохдоо гэрэл зургийн аппаратаа авч чадалгүй усанд хаяснаа өгүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ