Богд хаант Монгол Улсын үеийн тагнуулын үйл ажиллагаа

1911 онд Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэт хүчний тэмцлийн үр дүнд Манжийн ноёрхлыг түлхэн унагаснаар Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Олноо өргөгдсөн Монгол Улсыг тунхаглав. Энэ үеэс эхлэн Монголын удирдагчид тусгаар тогтнолоо бататгах, гадаад улсуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, хөрш зэргэл­дээхь улс, орнууд Монгол Улсыг хэрхэн үзэж, ямар чиглэл бодлого баримталж буйг мэдэх зорилгоор мэдээ, мэдээлэл олох ажлыг явуулж байсан байна.

Алс Дорнодыг мэдэлдээ нэгэнт авсан Хаант Оросын газар нутгаа тэлэх цаашдын зорилго, Монголд цэрэг суулгах, засаг захир­гааны өөрчлөлт хийх, хан үндэстнийг суурьшуулах Чин Улсын “шинэчлэл”-ийноролдлого, Монголд уул уурхайн концесс болон төмөр зам барих эрх олж авах гэсэн их гүрнүүдийн ашиг сонирхол давхцан солбилцож байв. Эдгээр улс гүрнүүд өөрсдийн бодлого, сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд дипломат тагнуулын хийгээд бусад аргыг өргөн ашиглаж байлаа.

ТУСГААР ТОГТНОЛОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭХ ОРОЛДЛОГО
Тухайн үед тагнуулын бие даасан нэгж, байгууллага байгаагүй боловч Гадаад яам, Дотоод яам, Цэргийн яам, зүүн, өмнө, баруун хязгаарын сайдуудаас өөр өөрсдийн чиглэлээр тагнуул, сөрөх тагнуулын шинжтэй ажил явуулж байжээ.

Тухайлбал, Цэргийн яам болон Баруун хязгаарын сайдаас хилийн чанадад тагнуулаар хүн явуулж байв. Богд хааны шууд удирдлагын дор сөрөх тагнуулын болон тагнуулын мэдээлэл, дүн шинжилгээний ажлыг явуулж байв. Гадаадад зохиох тагнуулын үйл ажиллагааг Богд хааны дэргэдэх шадар захирагч Баатар хэмээх хүн удирдан зохицуулдаг байжээ.

Шинэ тулгар улсынхаа тусгаар тогтнолыг олон улсын хэм­жээнд хүлээн зөвшөөрүүлэх нь Богд хаант Монгол Улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт байлаа. Монгол Улсын хувьд тухайн үед гадаад ертөнцөд нэвтрэх бараг ганц боломж нь Орос орноор дамжуулан бусад оронтой харилцаа тогтоох явдал байв. Хятад Улс гадаад орноос их хэмжээний зээл авах гэж байгаа тухай Бээжин дэх Монголын тагнуулчид төвдөө мэдээлсэн байдаг. Уг мэдээг Оростой харилцаа тогтооход ашиглахаар Богд хааны тагнуулын түшмэл гүн Балданцэрэн, Богд хаан болон ГЯЯ-ны сайд Чин ван Ханддорж, ДЯЯ-ны сайд Да лам Цэрэнчимэд нарт айлтгахад хянан хэлэлцээд “Ёсоор болго” хэмээн зарлиг буулгажээ. Гүн Балданцэрэн мэдээг бага зэрэг өөрчилж, “Хятадууд гадаад улсаас зээл авч, уг мөнгөөрөө зэвсэглэн Хүрээ рүү цэрэг хөдөлгөхөөр завдаж байна” гэсэн утгатай болгон Орос дахь тагнуулчаараа дамжуулан тараасан нь 1912 оны есдүгээр сард оросуудыг монголчуудтай хэлэлцээрийн ширээнд суухад түлхэц болсон юм.

1913 оны нэгдүгээр сард Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд “Японтой харилцаа тог­тоох, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, Ар, Өвөр Монголыг хамаарсан тусгаар тогтнолын талаар Японы үзэл бодлыг лавлаж мэдэх”-ээр явсан нь сэжиг авахуулж, оросууд япончуудтай хуйвалдан зориуд уг хэргийг тасалдуулж, зорьсон хэрэг нь бүтсэнгүй буцаж ирсэн байна. Үүний дараа хэрэг явдлыг илээр явуулж болохгүйд хүрмэгц туршлагатай тагнуулч “япон” хэмээх А.Данзан 1914-1915 оны үед Гадаад яамны сайд Чин ван Ханддоржийн даалгавраар Харбинд очиж, япончуудын Монголын талаархи байр суурь, Монголын тусгаар тогтнолыг завшөөрүүлэх болон дипломат харилцаа тогтоох боломж нөхцөл буй эсэхийг тандан мэдэхээр явж байв.

МОНГОЛ ИХ ГҮРНҮҮДИЙН АНХААРАЛД ӨРТСӨН НЬ
“Улс орон нь бүхэлдээ шатрын хөлгийн адилаар Хятадын “дугун” буюу бага хэмжээний пүүсүүд болох худалдааны цэгүүдэд торлогдон сүлжигджээ. Эдгээр “дугун”-ууд нь Монголын нэр хүндтэй ноёдтой холбогдох хятад түшмэдийн бүхийл даалгаврыг биелүүлж, нэг ёсондоо Монгол дахь тагнуул, туршуулын төв болж байна”. А.Оссендовский. 1921 он.

Шведийн иргэн Ф.А.Ларсен 1893-1923 онд Хүрээнд амьдарч байв. Тэрбээр 1913 оноос Хятадын тусгай албаны даалгавраар Халхын ноёд, лам нарыг Хятадад дагаар орохыг ятгаж байснаас гадна Монгол Улсад хүчин зүтгэхээр ирсэн Өвөр Монголын ноёдыг буцаах, Халхын ноёдыг урвуулах ажлыг хийж байсан аж. Энэхүү тагнуулын ажлын нэг нь Шүүх яамны дэд сайд Хайсанг Хятадад урвуулж, дагаар оруулахаар хийгдсэн ажиллагаа юм. Хайсан гүн тэргүүтэй зарим ноёдоос Хятадтай нууц хэлэлцээ хийх гэж байсныг Монголын тагнуулчдаас мэдэж, таслан зогсоох зорилгоор Гадаад яамны дэд сайд Рашминжүүрийг Хайсантай “нөхөрлүүлж” хэргийг баримтжуулан 1913 оны аравдугаар сарын 14-нд Богд хааны зарлигаар түүнийг баривчилсан бйана. Уг хэлэлцээг Хаант Оросын тагнуулын байгууллага эхнээс нь мэдэж байсан бөгөөд Хайсан 1913 оны хавар Хүрээнээс гарч Харбин орсныг Оросын Консулын газар албадан буцаан, Монголын Засгийн газарт: “Хайсан гүн гадаад улсын Ларсен хэмээгчтэй сүлбэлдэн Дундад Улсад дагах зэрэг учир гаргасан” болохыг мэдэгдэж байжээ.

Ларсены ятгалгаар Өвөр Монголын хэд хэдэн ноёд буцаж явсан юм. Рашминжүүрээс Хайсан гүнгийн нууц ажиллагааны тухай 1913 оны аравдугаар сард Засгийн газарт мэдүүлсэн захидалдаа: “... Хайсан миний биеийг Хятад Улсад дагаар орохыг ятгасан ... америк Ларсен бол Хятадыг талархсан ятгалгыг нууцаар дэмжигч этгээд болох ба Хятадыг талархагч Бадамдорж тэргүүтэй феодалууд Ларсентай нягт холбоотой ...” хэмээн дурдсан байна.

Эрхүү, Омскийн цэргийн тойргуудад 1906 онд тагнуулын хэлтэс байгуулагдаж, Монголын чиглэлд зохиох ажлыг идэвхжүүлжээ. Хаант Оросын зүгээс Монголын нутаг дэвсгэрт зохиох тагнуулын ажлыг дээрхээс гадна Монголд суугаа Консулын газар, Дорнод Хятадын төмөр замын худалдааны төлөөлөгч Ладыгинаар дам­жуулан явуулж, Монголын талаар Хятадын бодлого, үйл ажил­лагаа, Богд хаан, Монголын ноёд, сурвалжтануудаас хятадууд хийгээд оросуудтай харилцах харилцаандаа баримталж буй бод­лого, санал сэтгэгдлийг судалж байв.

Дэд хурандаа А.Д.Хитров тэргүүтэй “Монгольская агентура” бүл­гийг Харбинд байгуулж байв. А.Д.Хитров Хиагтад хилийн комиссараар томилогдон Халх Монголын нутагт зохиох тагнуулын ажлыг удирдах болжээ. Эрхүүгийн цэргийн тойргийн штаб нь Монголын нэгэн ханы хатан, Монголын Засгийн газарт ажилладаг нэг, Оросын буриад хоёр түшмэлийг тус тус мэдээлэгчээр элсүү­лэн ажиллуулж байжээ. Порудчик Ю.Кушелев 1911 оны дөрвөөс аравдугаар сард Монголд ажилласан дүнгээ үндэслэн “Монгол, Монголын асуудал”, “Цэрэг-судалгааны зорилгоор Монголд зорч­сон тухай тайлан” гэсэн илтгэлүүд гаргаж байжээ. Хаант Оросын Жан­жин штабын даалгавраар Оросын арав гаруй офицер 1905-1913 онуудад Монголд зорчиж цэрэг-стратегийн судалгаа хийжээ.

Хаант Оросын жанжин штабын ахмад Н.К.Козлов тагнуулын даалгавартайгаар Өргөөд 1905 онд ирж, Далай ламтай уулзаж байв. Дэлхийн нэгдүгээр дайны үед Н.К.Козлов нь хошууч генерал цолоор шагнагдаж, Монголоос цэргийн хүнсэнд зориулсан мал худалдаж авах экспедицийг ахалж байв.

1845 онд байгуулагдсан Оросын Эзэн хааны газарзүйн нийгэмлэгийн шугамаар Монголд ирсэн аялагч Н.Пржевальский нь Оросын жанжин штабын хошууч генерал цолтой хүн байв. Н.М.Пржевальский Төв Азид хийсэн аяллынхаа дүндээ үндэслэн Шиньжаан, Монгол, Түвдийг байлдан да­гуу­лах саналыг 1886 онд дэвшүүлж байв.

П.А.Бадмаев монголчуудын дунд Чин Улсын эсрэг суртал нэвтрүүлэг хийх, олныг хамарсан зэвсэгт бослогыг тол­гойлох байгууллагын үр хөврөл тавихыг санал болгож байв.

Түүний энэхүү нууц ажиллагааг халхавчлах “Бадмаев” пүүсийн төлөө­лөгчид Монгол, Бээжин, Түвдээр зорчиж мэдээлэл цуглуулан, орос, монгол хэлээр “Дорно дахины амьдрал” сонин гарган тарааж байжээ.

Р.Эндрюс Америкийн тэнгисийн цэргийн тагнуулын албаны нууц ажилтнаар 1918-1919 онд ажиллажээ. Энэ үедээ тэрбээр анх Монголд 1918 онд иржээ. Түүний нууц нэрийг “Reynolds” гэдэг байв. Р.Эндрюс 1920-1923 онд Америкийн Цэргийн тагнуулын мэдээлэгчээр ажиллах болсон юм.

Японы нэрд гарсан тагнуулч Фукушима /хожим генерал болсон/ 1892 онд Ар Монголд ирж байв. “Хар луу нийгэмлэг”-ийн гишүүн Кавашима Манжуур-Монголын тоглоомын улс байгуулах зорилгоор “Конзон Со” хэмэх нууц бүлгийг Дэлхийн нэгдүгээр дайны өмнө байгуулжээ. Кодама нь Японы тэнгисийн цэргийн бэлтгэл офицер “Хар луу нийгэмлэг”-ийн гишүүн, 1913 онд Хүрээнд Өмнөд Манжуурын төмөр замын компанийн нууц нэрээр ирж, тагнан турших ажлыг хийж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ